“Үеийн жаалхан Нандүмэ”-г дурссан Хэнтийнхэн...

Twitter Print
2018 оны 06-р сар 22-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн баасан гарагийн өглөө эртээ 06:00 цагийн үед Тэнгэр худалдааны төвийн хашаанд байдаг “Хот хоорондын зорчигч тээвэрлэлт"-ийн том оврийн Солонгос автобусны буудал хавийн ихээхэн дуу чимээгээр нойрноос сэрж, буцаж унтах шинжгүй болохоор нь эртхэн будаатай, банштай цай чанахаар боссон билээ. Тэгээд будаатай, банштай цайныхаа шингэн цайг аагшуулахаар плитгээ асаан цай тавиад зогсож байтал орцны үүдэн дээрх сандал дээр тухалсан бололтой эрэгтэй, эмэгтэй хүмүүс “Үеийн жаалхан Нандүмэ” хэмээх дууг бүдүүн нарийн хоолойгоор дуулалдаад эхэлдэг байна шүү.

Хүмүүс унтаж амраад, өглөө эрт ажилдаа явдаг хүмүүсийн л зарим нэг нь дөнгөж нойрноос сэргэж байсан эрт өглөөгүүр ямар найрчид нь ийнхүү орцны үүдэнд дуулалдаад унадаг байна аа хэмээн таван давхрынхаа балконыг онгойлгон харвал өглөө эрт “Хот хоорондын автобус”-наас буусан бололтой, ачаа бараатай, зарим нь жижигхэн чемодан хажуудаа тавьсан хүмүүс харагдлаа шүү. Тэгээд л гаднаас нь харж учрыг ойлгосон би “Аа энэ хүмүүс өглөө эрт, саяхан Дорнод юмуу, Дорноговь, аль эсвэл Хэнтийн сумуудын аль нэгнээс ирсэн хүмүүс байх нь" гэж таамагласан юм. Тэгээд тэднийг ажиглан харж байтал наад захад нь сууж байсан хоёр залуу “Манай Батноровт хэзээ нэг сайхан бороо асгартал орж, сайхан зун болох юм бол” хэмээн чангахан ярилцаж байхыг нь сонсоод “Аа, эд нар даанч “Ургацын далай” нэвтрүүлгийн “Бүдүүн дуут” Б.Цэдэндамба агсны шүлгээр Монгол Улсын гавъяат жүжигчин, “Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы аялгууг нь хийсэн “Үеийн жаалхан Нандүмэ”-г дуулаад байсан нь Хэнтийнхэн учраас дуулсан байх нь ээ” хэмээн ойлгосон юм.

Үнэндээ ч Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн “Бүдүүн дуут” Б.Цэдэндамба агсныг нэвтрүүлгээ уншаад эхлэхээр л хүмүүс “Алтан намар болж дээ” хэмээн яруу тодоор ойлгодог байсан сайхан цаг үе байсансан. “Ургацын далай”-н “Бүдүүн дуут” Б.Цэдэндамба агсан олон сайхан шүлэг, дууны үг бичсэн, их авъяасын ундарга байсан даа, хөөрхий. Өглөөхөн цонхоороо сонссон “Үеийн жаалхан Нандүмэ” дууны тухай нэгэн сайхан дурсамж хүүрнэвэл нэгэн яруу найргийн наадмын үеэр Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Цэдэндамба агсан маань “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхантай тааралдан халуун яриа өрнүүлэхэд өвгөн сэтгүүлч түүнд “Үеийн жаалхан Нандүмэ” дууны шүлгээ өгөөд “Чи сайхан дуу зохиодог хүн. Үүнийг нэг юм болгохыг бодоорой” гэсэн гэдэг. Тэгвэл “Үеийн жаалхан Нандүмэ” дууны шүлэг бүтсэн түүх нь бас л уяралтай, нэлээн сонирхолтой түүхтэй байсан гэдэг.

Тэрхүү түүхийг нь өгүүлвэл “1992 оны Намрын ургац хураалтын үеэр Залуучуудын САА-д хамт явж байхдаа “Би ид залуу 20-н хэдхэн настай байхдаа Улаан-Үдийн Буриад бүсгүйд сэтгэлийн жолоо алдарч, түүндээ зориулан энэхүү шүлгийг бичиж байлаа. Одоо тэр маань 70-аад насны басган бий дээ” хэмээн надад хуучилж билээ” хэмээн уг дууг анх дуулсан МУГЖ Ц.Өлзий-Орших өгүүлсэн байдаг.

Харин нэгэн харамсалтай хагацлыг өгүүлвэл “Ургацын далай”-н “Бүдүүн дуут”, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Цэдэндамба гуай маань одоогоос таван жилийн өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 9-нд бурханы оронд одож, Монгол Улсын радиогийн “Алтан фонд”-д томоохон гарз учирсан бол Монголын нийт тариаланчид болон түүний дууг талархан сонсдог ард олонд ч гунигтай хагацал  болсон билээ.  

Ингээд өглөөхөн таван дэвхрын тагтан дээрээс сонссон Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн “Ургацын далай”-н “Бүдүүн дуут” Б.Цэдэндамба агсны шүлэг, МУГЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхны аялгууг нь хийсэн “Үеийн жаалхан Нандүмэ” дууны шүлгийг танилцуулж байна.

“Үеийн жаалхан Нандүмэ”                                   Хаттай мөнгөн дөрөөгөө

Алсаас цэнхэр Онон минь                                          Ханхийхийн чөлөөгүй

Аажуухан урсавч далайг зорьдог                               Хамтдаа чамтай гэж хэлээд

Айлын наран Нандүмэ                                               Холын нутгийн бэр болов оо

Аргадах үгэнд ороогүй                                              Ай хө Нандүмэ

Амраглая хоёулаа гэсээр байтал                               Үерийн цагаан Онон минь

Алсхан холдоо хадамд гарлаа                                   Үүрээр шилгээн далайг зорьдог

Ай хө Нандүмэ                                                          Үеийн жаалхан Нандүмэ

Халиутай торгон дээлээ                                            Үглэн гуйхыг тоогоогүй

Ханцуйлаад гараад мордов оо                                   Үнэнч л гэж хэлсээр байхад

Хамтдаа чамтай гэж хэлээд                                       Үгийг минь авалгүй хадамд гарлаа

Холын нутгийн бэр болов оо                                      Ай хө Нандүмэ

Ай хө Нандүмэ                                                           Хоёр нүдний минь нулимсыг

Холоос цэнхэр Онон минь                                          Харахын чөлөөгүй

Хожуухан урсавч далайд цутгадаг                              Хослон жаргана гэж хэлээд

Хотны наран Нандүмэ                                                Холын нутгийн бэр болов оо

Хориглох үгэнп ороогүй                                             Ай хө Нандүмэ...

Хоёулаа гэж найдсаар байхад

Холын холдоо хадамд гарлаа

Ай хө Нандүмэ

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.