Д.Сумъяабазар: Тавантолгойг хөдөлгөснөөр олон эерэг үр дүн гарна...

Twitter Print
2018 оны 06-р сар 22-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Дотроо зөрчил, тэмцэл нь хурцадсаар л байгаа УИХ дахь МАН-ын Бүлэг өнөөдөр хуралджээ. Тэдний хуралдаанаараа авч хэлэлцсэн гол асуудал нь Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн нь байсан гэнэ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, МАН-ын Бүлгийн Дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийсэн юм.

МАН-ын Бүлгийн гишүүд “Тавантолгойн IPO” гаргах, эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй гэдэг зарчмын байр суурьтай байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Тавантолгойн асуудлыг шийдээд, ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт олонхи гишүүн санал нэгдсэн гэв. МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төслийн ТЭЗҮ боловсруулах, IPO босгох, гадаад, дотоодын зөвлөх багуудтай уулзахад багагүй хугацаа шаардана. Багадаа зургаан сараас нэг жилийн хугацаа зарцуулна. Тиймээс иргэд өнөө маргаашгүй үр дүн гарах мэт ойлгож болохгүй.

Тавантолгойн төсөл хэрэгжиж эхэлснээр урт хугацаандаа эдийн засагт чухал ач холбогдолтой учраас иргэд, олон нийт ойлгож, хамтдаа том төслөө дэмжээд явах нь чухал” гэсэн юм. Бүлгийн зарим гишүүдийн зүгээс байгаль экологийн асуудалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, хүрээлэн буй орчинд ээлтэй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг Тавантолгойн төсөлд ашиглах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Дотоодын нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах асуудлыг мөн хөндсөн гэнэ. Одоогийн байдлаар Тавантолгойгоос түүхийгээр нь, “Энержи Ресурс” угаасан нүүрс гаргаж байгаа бөгөөд үнэ ханшийн хувьд түүхий нүүрс 65-70 ам.доллар, угаасан нүүрс 120-130 ам.доллараар үнэлэгдэж байгаа ажээ. Хэрвээ нэгэнт бэлэн байгаа угаах үйлдвэрийг ашиглавал жилдээ Монгол Улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого бүрэлдэх аж. Тиймээс энэ хүчин чадлаа сайтар ашиглахыг олон гишүүн зөвлөжээ. 
 

Хэвлэлийн хурлын дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт дараах асуултыг тавьж, хариулт авсан юм.

-Тавантолгой төслийн үр дүн хэзээ гарах бол? 
-Төрийн өмчит улсын үйлдвэрийн газраа Олон улсын зах зээлд гаргаснаар компанийн засаглал сайжирч, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр нь Олон улсын стандартын дагуу тухайн төсөлдөө зарцуулах боломж нээгдэж байна. Ер нь төр муу менежер гэдэг ойлголтоос салгаж, эдийн засгийн үр ашигтай ажиллуулах талд анхаарна. 

-Эдийн засгийн үр өгөөжийн тооцоолол гарсан болов уу? 

-Гадаадын хөрөнгийн бирж, Олон улсын байгууллагууд 5, 10,30 жилийн хугацаатай санхүүгийн тооцоолол гаргадаг. Тавантолгойн ордыг 2011 онд 5.7 тэрбум доллараар үнэлсэн. Тухайн үед ОХУ-ын геологичид энэхүү ордыг 5.1 тэрбум тоннын нөөцтэй гэж дүгнэсэн байдаг. Харин Олон улсын стандартаар тооцоолоод 7.4 тэрбум тоннын нөөц байна гэсэн. Тэгэхээр цаашдаа энэ ордын нөөц өсөн нэмэгдэх боломжтой гэж харж байна. Багаар бодоход 7.4 тэрбумын долларын нөөц дээр нь нэмэгдээд бизнес, засаглалын үнэлгээ байна. Тэгэхээр цаашид үнэ ханш нь улам нэмэгдэнэ. Олон улсад төслөө гаргахын тулд ойролцоогоор жилийн хугацаанд бэлтгэл ажил хангана. Тавантолгой уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн төслүүд ашиглалтад орсноор жилд дунджаар 2.8 тэрбум долларын экспортын орлого, улсын төсөвт жил бүр 400-1.100 сая долларын орлого төвлөрүүлнэ. Дээр нь шууд болон шууд бусаар 5600 гаруй ажлын байр бий болж, эдийн засаг, нийгэмд томоохон ахиц дэвшлийг бий болгохоор байгаа юм.

Ийнхүү дотроо зөрчил тэмцэлтэй байгаа ч УИХ дахь МАН-ын Бүлгийн зүгээс давын өмнө Тавантолгойн нүүрсний ордыг ашиг орлого сайтай хөдөлгөж, эдийн засагтаа болон Монголын ард түмэнд олон талын эерэг үр дүн авч ирэхийг нь хурдавчилах асуудалд санал нэгдсэн бололтой юм.

Харин эдгээр төлөвлөж, ашиг орлогыг нь сайнаар тооцоолж байгаа томоохон төслүүдээ хөдөлгөж, төмөр замын бүтээн байгуулалт, Нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, Баруун аймгууд руу чиглэсэн засмал замын бүтээн байгуулалт, Эгийн гол дээр баригдах Усан цахилгаан станцын ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа дөнгөж эхлэхтэй нь зэрэгцэн У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газраа унагаж, дахин цоо шинээр эхлэх гэж битгий л мунгинацгааж үзээсэй билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.