Туул голыг түйвээгч нь Д.Оюунхорол гишүүн үү, НИТХ-ын дарга С.Амарсайхан юм болов уу...

Twitter Print
2018 оны 06-р сар 27-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Саяхан хэдэн хоногийн өмнө “Хөх Монгол” бүлгэмийг үүсгэн байгуулагч, хүн амины хэргээр нэлээн хэдэн жил гяндан, шоронгоор явж байгаад наранд гарч ирсэн Б.Энхбат мэдээлэл хийхдээ УИХ-ын нэлээн хэдэн гишүүн газрын наймаа хийж хагартлаа баяжсан талаар дуулиантайгаар зарласан билээ. Тэдгээр газрын наймаачдын дунд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан өнөөдрийн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэр сүртэйхэн зарлагдсан байдаг. Уг нь МАН-ын эмэгтэй гишүүдээс хамгийн олон жил Монголын парламентад сууж байгаа, мөн олон удаа сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол гишүүний хувьд Улаанбаатарын, тэр дундаа нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын эргийн дагуух нэлээн их хэмжээний газрыг 11 ХХК-д олгосон нь ил болсон талаар Б.Энхбат зарласан нь ард иргэдийг багагүй бухимдуулж, цахим ертөнцөд УИХ-ын гишүүд, тэдгээрийн дотроос Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Оюунхоролын эсрэг тун хүчтэй зарга, эсэргүүцэл тэмцэл явж эхлээд байгаа юм. Харин олон нийтийг сүрхий бухимдуулж, “УИХ-д байх ёстой эсэхээ хууль шүүхийн байгууллагуудаар шалгуулж, буруу зөвөө тогтоолгох ёстой. Хэрвээ Туулын эргийн ийм их газрыг дээрх 11 компанид олгосон нь яах аргагүй тогтоогдвол УИХ-д хууль тогтоох биш, өөр газар ялаа эдлэх ёстой” гэсэн эсэргүүцлийн бухимдалд дарагдчихаад байгаа Д.Оюунхорол гишүүн өнгөрсөн хугацаанд хүний урманд ганц үг ганхийгээгүй тэвчсээр байгаа нь сонирхолтой. Ингээд “Хөх Монгол” Иргэний хөдөлгөөний тэргүүн б.Энхбатын дээрх мэдэгдлийнхээ үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Оюунхоролын 11 ХХК-иудад тараан олгосон гэх Туулын эргийн ойр орчмын аль хэр хэмжээний газрыг олгосон талаарх, одоогоор хууль шүүхээр тогтоогдоогүй ч ард иргэдийн зүгээс айхтар эсэргүүцэл, хэрүүл тэмцэл дагуулаад байгаа баримтыг сонирхуулъя.

1. Маршлын гүүр-Баянзүрхийн гүүр чиглэлийн Залаатын аманд 9100 мкв газрыг 2015/08/05 өдөр А-321 дугаар тушаалаар "Гуа Хонгор" ХХК- д олгов.

2. Зүүн богины аманд 2800 мкв газрыг 2015/05/29 өдөр А-222 дугаар тушаалаар "Мөнх ногоон хөгжил" ХХК-д олгов.

3. Зүүн богины аманд 1200 мкв газрыг 2015/05/28 А-222 дугаар тушаалаар. "Си Ди Эйч" ХХК-д олгов.

4. Их тэнгэрийн аманд 7800 мкв газрыг 2015/04/24 А-188 дугаар тушаалаар "Интерконстракшн" ХХК-д олгов

5. Бага тэнгэрийн аманд 6000 мкв газрыг 2015/05/29 А-222 дугаар тушаалаар Монголын балетын хөгжлийн санд олгов.

6. Бага тэнгэрийн аманд 7400 мкв газрыг 2015/06/16 А-237 дугаар тушаалаар "Гайхам Ланд" ХХК -д олгов.

7. Хүрхрээгийн аманд 13000 мкв газрыг 2015/07/03 А-266 дугаар тушаалаар "Эм Эс Эн Эс" ХХК -д олгов.

8. Залаатын зүүн богинын аманд 14000 мкв газрыг 2017/05/30 А-149 дугаар тушаалаар "Саруул Хунан" ХХК- д олгов.

9. Хүрэл тогоотын аманд 10000 мкв газрыг 
2017/08/30 А-247 дугаар тушаалаар "Ривер грийн кастл" ХХК-д олгов.

10. Хүрхрээгийн аманд 3000 мкв газрыг 2017/09/04 А-250 дугаар тушаалаар "Ачит Амала" ХХК-д олгов.

11. Хүрхрээгийн аманд 11900 мкв газрыг 2015/05/29 А-222 дугаар тушаалаар "Шинэ аялал" ХХК-д олгов.

Тэгээд эдгээр газар олголтын ихэнхэд Д.Оюунхорол сайдын гарын зсэг байгааг ч Б.Энхбат мэдээллийнхээ үеэр дэлгэн харуулсан юмдаг.

Ингээд л “Хөх Монгол”-ын Б.Энхбатын дээрх мэдээллийн дараа өнөөдрийн УИх-ын гишүүн, урьд өмнө нь Байгаль орчны сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан Д.Оюунхорол гишүүн Улаанбаатарчуудын хувьд хамгийн сүрхий “Газрын наймаачин”, “Туул голын сав газрыг эвдэн бусниулагч”, “Улаанбаатарчуудын ундны усны дээрэмчин” болж, “Хууль шүүхээр шалгуулаач ээ”, “УИХ-д байх ёсгүй, ёс журамгүй эмэгтэй” гэх зэргээр цоллогдчихоод сууж байгаа.

Тэгвэл ард иргэдийн зүгээс түмэн эсэргүүцэл, муу үгэнд булуулсаар суугаа Д.Оюунхорол гишүүний хувьд хэдхэн хоногийн өмнө Ч.Наранзая гэх бүсгүйг 2017 оны зургаадугаар сарын 11-ний шөнө хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсаар байсан Д.Гантулгыг УИХ-аас хөөж явуулах саналыг УИХ дахь эмэгтэй гишүүдээ манлайлан  тавьж, тэр ч саналаа гүйцэлдүүлсэн тэмцэгч билээ.

Түүгээр ч зогсохгүй УИХ дахь бас нэгэн эмэгтэйчүүдийн эрхэнд халдагч, зодож нүдэн танхайрагч Д.Мурат гишүүний эрхийг ч түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаар хэргээ шалгуулах ёстойг идэвхийлэн дэмжсэнээр УИХ-ын гишүүний эрх нь түдгэлзэхээр болоод байгааг ч дурдах ёстой. Энэ бүхнээс дүгнэвэл хэрвээ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд байхдаа Туул голын эргийн дагуух эдгээр газруудыг дур мэдэн дээрх компаниудад олгосон нь хяналтын байгууллагуудаар шалгагдан тогтоогдвол түүнтэй бруу зөвийн дэнсэн дээр, хатуухан ярилцах учиртай мэт санагдана. Харин тэрээр Туулын эргийн эдгээр газруудыг дээрх компаниудад олгоход ямар ч эрх мэдэлгүйгээр, зөвхөн Засгийн газрын зүгээс гаргасан шийдвэрийг л биелүүлэн ажилласан нь тогтоогдвол түүний эсрэг дайрсан дээрх олон дайралт хардлага сэрдлэгийг анхлан гаргаж тавьсан хүмүүстэй хариуцлага, шийтгэл ярих цаг болсон мэт санагдана.

Гэтэл Д.Оюунхоролын сайд байх үеийн дээрх мэдээллээс ч илүүтэй Туул голыг хатсан сайр болгож, эргийнх нь дагуу олон байшин сав босгож, хууль хяналтын байгууллагуудыг ч таг дуугүй болгож чаддаг нэгэн эрхмийн тухай бас л ихээхэн эвгүй мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэр нь юу вэ гэвэл өнөөдрийн НИТХ-ын дарга, “Оюуны-Ундраа” группын босс С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын мэдлийн “Зүүнбаян рэфайнери” компани нь Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьж, ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухан зайлуулаад, 5 га газрын бургасыг хядсан ажээ. Уг нь бол “Усны тухай хууль”-ийн 22.2-ын “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалтыг, мөн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэсэн заалтыг эрхэм С.амарсайханы төрсөн ах С.Уламбаярын мэдлийн компани огт хайхралгүй, гишгэчиж хаясан нь энэ юм.

Үндсэндээ НИТХ-ын дарга С.Амарсайханы төрсөн ах, С.Уламбаярын мэдлийн “Зүүнбаян рэфөйнери” компани нь Бага Тэнгэрийн амаас чанх хойш, Туул голын эрэгт тэмдэглэгдсэн 4 га газрыг өөрийн болгосон гэсэн үг юм. Уг газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 4-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбар мөн хэмээн баталгаажуулсан байдаг. Гэрчилгээн дээр “Зүүнбаян рефайнери” ХХК-ийг Хан-Уул дүүрэг, Пийс бриж зочид буудалд албан хаягтай хэмээн тодорхойлсон байдаг.

Харин 2017 оны зургаадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байдаг. Уг тушаалд дурдсанаар, “Зүүнбаян рефайнери” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа анх авсан 4 га газрын хүрээнээс хэтэрч, дур зоргоороо газрынхээ хэмжээг нэмсэн, байгаль орчны унаган төрхийг эвдэж, ноцтой зөрчил гаргасантай нь холбогдуулан газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосныг дурдсан байна. Энэ бүхний эцэст УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОАЖ-ын сайд байхдаа “Оюуны-Ундраа” групп болон тэдний ах С.Уламбаяр нарын  хуульд харш ажилд саад болсноороо өдгөө “Гол буруутан” болчихсон чичлүүлж байгаа. Гэвч тэрбээр өнөөг хүртэл өөрийгөө өмөөрч ганц үг ганхийгээгүй. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийнх нь газрын наймааны тухай яриа гарах бүрт хэвлэлүүдээр ярилцлага тарааж, өөрийгөө өмгөөлсөн мэдэгдэл хийчихдэг.

Ингэхээр эцсийн эцэст Туул голын эргийг ухаж сэндийчсэн гамшгийн бүс, тэдгээрт нь ус нь ширгэж алга болсон эрэг дээр нь баахан хаус, барилга боссоны гол буруутан нь чухамдаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уу, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон түүний төрсөн ах С.Уламбаяр тэргүүтнүүд үү гэдгийг нэг тийш болгон үнэн зөвөөр тогтоох нь хууль хяналтын байгууллагуудын үндсэн үүрэг, хийх ёстой чухал шаардлагатай ажлынх нь нэг болчихоод байгааг дурдах цаг болжээ. Ингэж гэмээнэ жинхэнэ буруутан, “Гол нүгэлтэн” үнэн шударгаар тогтоогдож, хууль шүүхээс буруугаа үүрэх ёстой бус уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.