Жон Жэ Нам: Юуны өмнө олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлэхийг зорьж байна

Twitter Print
2018 оны 06-р сар 20-нд 19:51 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь ноён Жон Жэ Намд баяр хүргэж, ажилд нь амжилт хүссэн юм. УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд Жон Жэ Нам нар өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг гишүүд, бүлэг, Тамгын газар хооронд өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцолсон.

Ноён Жон Жэ Нам Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж буй харилцаагаа ойрын үед Стратегийн түвшнийх болгож шат ахиулах нь чухал байна гэж онцолсныг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж байгаагаа илэрхийлсэан юм.

Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр БНСУ, тус улсын Төрийн тэргүүн Мүн Жэ Иний гаргаж буй санаачилга, хүчин чармайлт, гарч буй нааштай үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлсэн бол, Солонгосын хойгт эв найрамдлыг тогтоох, харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт талархаж байгаагаа ноён Жон Жэ Нам онцоллоо.

Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр мэдээлсэн нь улсын их баяр наадам дөхөж буй энэ үед тун сайхан мэдээлэл байсан юм.

Ноён Элчин сайд “БНСУ-д Монголоос жилд 150-160 мянган иргэн зорчиж, Монголын 50.000 орчим иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Манай улсад оршин сууж буй гадаадын иргэдийн тоогоор монголчууд америкчуудын дараа хоёрдугаарт ордог. Би томилогдож ирэхээсээ өмнө Сөүл хотод байдаг монгол сургуультай танилцсан. 300 орчим хүүхэд суралцаж байна лээ. Монголчууд хүүхдийнхээ боловсролд онцгой анхаардгийг би тэндээс анзаарч, бахархсан. Ирээдүй хойчийнхоо төлөө ингэж анхаардаг улс орон хөгжил дэвшлийг бүтээж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. БНСУ-аас Монголд жилд 70.000 орчим хүн жуулчилж байна.  Монголд ирэх хүсэлтэй хүмүүс цаана нь зөндөө бий. Дээрх тоо хэдэн зуун мянгад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэтэл нислэгийн тоо хязгаарлагдмал, тийзний үнэ өндөр байгаа нь саад болдог. Тиймээс ноён УИХ-ын дарга Та энэ асуудалд тусгайлан анхаарал хандуулж өгнө үү” гэсэн юм.  

Хариуд нь УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн салбарыг либералчлах хууль, тогтоомжийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг парламентаар хэлэлцэн шийдвэрлэх хүрээнд Таны тавьсан хүсэлт шийдэгдэх боломж бүрдэнэ гэж найдаж байна. Монголчууд ч гэсэн БНСУ-д зочлох ихээхэн сонирхолтой байдаг. Таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд манай иргэд танай улсад визгүй зорчих боломж бүрдвэл таны нэр Монгол-БНСУ-ын харилцааны түүхэнд тодоор бичигдэн үлдэх болно. Энэ бол шийдэж болох асуудал гэж би бодож байна. Үүнд анхаарлаа хандуулахыг танаас хүсье” гэсэн нь ихээхэн анхаарал хандуулсан асуудал болсон юм.  

Ноён Элчин сайд Жон Жэ Нам УИХ-ын даргын дэвшүүлсэн асуудлуудад онцгой анхаарна гэдгээ тэмдэглээд, “Таны санал, хүсэлтийг миний бие нэг ёсны “Гэрийн даалгавар” гэж хүлээн авч байна. Монголчуудыг БНСУ-д визгүй зорчуулдаг болгохын төлөө ажиллана. Гэхдээ энэ асуудал олон шат дамжлаг дамждаг, амаргүй ажил гэдгийг ойлгоорой. Юуны өмнө олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлэх, ялангуяа бизнес эрхлэгчдэд энэ боломжийг эхний ээлжинд бүрдүүлж өгөх зорилттой байгаа. Энэ талаар ойрын үед сайхан мэдээ дуулгана гэж амлая. Эл асуудыг шийдчихвэл визгүй зорчих боломжид дөхөж очих болно” гэсэн нь Монголчуудын хувьд ихээхэн хүндэтгэлтэй хариулт болсон юм.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд ноён Элчин сайд Жон Жэ Намын үйл ажиллагааг парламентын зүгээс байнга дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлснээр ихээхэн тааламжтай үргэлжилсэн уулзалт өндөрлөсөн юм…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.