УИХ дахь МАН-ын Бүлэг Л.Оюун-Эрдэнийнхээ “Турсагыг нь хуулах”-аар ширүүхэн ярилцжээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 22-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Даанч өнгөрсөн даваа гарагийн УИХ дахь МАН-ын бүлгийн хурал төрийн ордны нэг жигүүрийн хаалган дээр “Хаалттай хуралдаан” гэсэн бардам хаяг хадчихаад нааш цааш ч явуулахгүй, ордны хамгаалагчид сүр бадруулаад байсан нь цаанаа улстөрийн томоохон дуулиантай хурал хийж байсантай холбоотой болж таарав.

Ер нь УИХ дахь "МАН+АН" бүлэглэлүүд байсхийгээд л хаалган дээрээ тиймэрхүү дуулиантай хаяг хадчихаад, хэдүүлээ, бөөнөөрөө нууцаар ч гэх юмуу, хулгайгаар ч юмуу хуралдаж, янз янзын шийдвэр гаргаж шуугиулаад байдаг нь гэм биш зан болчихсон л доо.

Тэгвэл өнгөрсөн даваа гарагийн МАН-ын бүлгийн “Хаалттай хуралдаан” сайндаа ч нууц байдалд болсонгүй, сүүлийн үед 60 тэрбумын хэрэгт орооцолдож явсан УИХ-ын дарга М.Энхболдыг шүүмжилж, “2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монголын төрийн албадыг 60 тэрбумаар худалдаж, сонгуулийн санхүүжилтээ босгох болон бусад зүйлд ашиглахаар тооцоолж байсан нийслэлийн МАН-ын Хороон дарга байсан Ц.Сандуй болон түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нартай үгсэн хуйвалдахаар төлөвлөж байсан УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа татгалзаж, хууль шүүхийн байгууллагаар тэрхүү хэргээ шалгуулах ёстой. Түүнийг албан тушаалаасаа татгалзтал миний бие УИХ-ын чуулганд оролцохгүй” хэмээн шүүмжилсэн МАН-ын Бүлгийн гишүүн Л.Оюун-Эрдэнийн турсагыг хуулах талаар шүүмжлэн ярилцсанаас үүдэн хаалттайгаар явагдсан нь тодорхой болов.

Мэдээж УИХ дахь МАН-ын тодорхой тооны гишүүд, тухайлбал УИХ-ын дарга М.Энхболдын ач буянаар энэ УИХ-д орж ирсэн нөхөд болон, түүнийг МАН-ын даргаар ажиллаж байхад Монголын улстөрд хөтлүүлэн орж ирсэн эрхмүүд л Л.Оюун-Эрдэнийг зад загнаж, Бүлгээсээ хөөх талаар ч мугуйдлан зүтгэсэн байж таарна. Мэдээж тэрхүү “Турсагыг нь хуулах” үйл ажиллагааг МАН-ын Бүлгийн ахмадууд болон М.Энхболд даргынхаа буянаар төрийн сайд болон дэвшиж, эрх мэдэл атгалцаж явсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон ЗГХЭГ-ын даргаар ажиллаад үзчихсэн Ж.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд байхдаа Туул голын эргийн дагуух нэлээн их газрыг тодорхой компаниуд болон баян эздэд тарааж өгсөн хэрэг нь илэрч хэл аманд орооцолдоод байгаа Д.Оюунхорол болон бусад нөхдүүд оройлон удирдсан байхаас зайлахгүй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг бүлгээсээ хөөх эсэх талаар хэлэлцсэн өнгөрсөн даваа гарагийн хуралдаан мэдээж багагүй маргаантай, эсрэг тэсрэг санал дүгнэлттэй явагдсан нь тодорхой. Учир нь МАН-ын Бүлгийн залуу гишүүдийн дунд Л.Оюун-Эрдэнийг дэмжигч тодорхой гишүүд ч байгаа нь ойлгомжтой. Тэдгээр гишүүдэд Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Г.Тэмүүлэн, за арай настайчуудаас буурал генералын хүү, бас л буурал Ж.Энхбаяр нар ч зогсох нь тодорхой. Учир нь Ж.Энхбаяр, Д.Оюунхорол хоёр хэзээнээсээ л нэг нэгэндээ тааруухан ханддаг хоёр билээ. Түүнчлэн

М.Энхболдод “Тэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйгаа бушуухан хөөж явуул аа. Түүнээс чинь болж томхон асуудал дэгдэнэ шүү” хэмээн хатуухан сануулсаар өнөөх Ц.Сандуйг Монголын улстөрөөс амбаардаж орхисон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч Л.Оюун-Эрдэнийн эсрэг төдий л хүчтэй "турсаганаас нь хуулалцаагүй” л болов уу. Харин УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваагаас эхлээд түүний туслах, дэд дарга Я.Содбаатар нар ч Л.Оюун-Эрдэнийг хөөж явуулах талаар ширүүхэн үг унагаж, турсагыг нь хуулах суран тэлээ, ташуураа ч гозолзуулаад авсан нь тодорхой. Мэдээж тэдний зүгээс “Оюун-Эрдэнээ чи намын бодлогын гадуур улс төрийн "тоглолт" хийгээд явна шүү” хэмээн зэмлэж загнасан нь ойлгомжтой.

Мэдээж Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга М.Энхболд та "60 тэрбум"-ын бичлэгтэй холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцортол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй” хэмээсэн нь ийнхүү эрх баригч МАН-ын Бүлгийн гишүүдийн уурыг хүргэж, цөсийг нь буцалгах шахсан нь хэнд ч тодорхой зүйл билээ. Тэгээд ч Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах үеэр “33+32” хэмээсэн хоёр бүлэг болон хуваагдаж, эсрэг тэсрэгийн тэмцэл нь туйлдаа хүртэл ширүүсч байсан УИХ дахь МАН-ын Бүлгийн хувьд Д.Оюунхоролоор толгойлуулсан эмэгтэй гишүүдийнх нь хилэнтэй эсэргүүцлээр Д.Гантулга хэмээх хамгийн залуухан товаришаа УИХ-аас хөөж орхисон бол тун удалгүй бас нэгэн Хэнтийн хүү Л.Оюун-Эрдэнийг ч золигт гаргачихад нэг их сүйдтэй “Гарз хохирол болохгүй” хэмээн тооцоолж эхлээд байгаа бололтой.

Нэг ангид мөр зэрэгцэн суугаа ч өөрийг нь хэзээ л бол хэзээ “Золигт гаргачихаж болзошгүй” ах, эгч нарынхаа хилэгнэлийг анзаарсан Л.Оюун-Эрдэнэ хоёрхон цагийн өмнө УИХ-ын чуулганы танхимын өмнө сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийсэн юм.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Миний бие М.Энхболд дарга ихээхэн сонирхож байсан 60 тэрбумын авлигын хэргийн Мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулгыг АТГ-аас хүссэн юм. Өнөөдөр АТГ-аас ирсэн тодруулга нь туйлын харамсалтайн дээр, туйлын ойлгомжтой байсан. Тэрхүү тодруулгын агуулга нь “Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэн ирүүлсэн материалуудыг буцаасан” талаар дурдсан байна лээ. Мөн “Интернетед тавигдаж ил болсон, 60 тэрбумтай холбоотой бичлэг нь дуу авианы бичлэгийг дуу дүрс болгон эвлүүлэг хийсэн бичлэг байжээ” гэсэн дүгнэлтийг бас гаргасан байна лээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АНУ-д хөндлөнгийн шинжээч томилуулж гаргасан дүгнэлт нь “Гурван хүнтэй” гэж гарсан бол гэрч Доржзодов “Таван хүнтэй” гэж мэдүүлэг өгсөн байсан. Мөн 1750 төрийн албан хаагчдаас эцсийн мэдүүлэг авахад “Авлига өгсөн гэсэн ганц ч хүн гараагүй, тогтоогдоогүй” гэсэн үндэслэл гаргасан юм байна. Төрийн албыг үнэлэн хахууль авч, сонгуулийн мөнгө босгох талаар ярилцсан асуудлууд нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй болох нь тогтоогдсон тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан” гэсэн ийм дүгнэлтийг өнөөдөр АТГ-аас өгсөн. Гэхдээ яг ийм тодорхой баримттай, ийм бичлэгтэй, ингэж олон нийтийн анхаарлын төвд орсон мэдээллийг Япон юмуу Өмнөд Солонгост  хаачихсан бол тэдний иргэд нэг цаг ч тэсэхгүй, эсэргүүцэн тэмцэх нь тодорхой гэж надад бодогдож байгаа юм.  

Хэрвээ бид энэхүү хаасныг нь хүлээн зөвшөөрөх юм бол Эрдэнэтийн 49 хувийн дуулиан, 51 хувийг нь “Стандарт банк”-нд барьцаанд тавьж 109 сая ам доллар авсан болон Самурай болон Чингис бондын эргэн төлөлт, үүн дотор Төмөр зам болон Хөгжлийн банк гээд дуулиант хэргүүд бүгд ийм байдлаар замхрах нь тодорхой юм. Тэгэхээр Монголчууд бид “Одоо эсвэл хэзээ ч үгүй” гэдэг сонголтын өмнө л зогсож байгаа хэрэг юм. Одоо ер нь нам гэдэг явцуу үзэл баримтлалаа хойш нь тавиад, улс гэдэг язгуур үнэт зүйлээ хамгаалж, энэхүү их авлига, хээл хахуулийн эсрэг бүх нийтээрээ тэмцэхгүй бол өнөөдөр шударга ёсыг тогтоох ёстой хууль хяналтын байгууллага, АТГ нь өөрсдөө авбан тушаал, авлигалын өмнө хүчин мөхөсдөж байгаа нь энэхүү дүгнэлтээс маш тодорхой харагдаж байгаа юм.

Одоо эдгээр асуудлууд нь хөл бөмбөг, наадмаас илүүтэй бидний ирээдүйтэй холбоотой асуудал болоод байна. Тийм учраас олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагууд, эрэн сурвалжлах сэтгүүлчид эдгээр зүйлсийн араас тасралтгүй хөөцөлдөж, үнэн мөнийг тогтоохын төлөө цаг алдалгүй хамтдаа алхацгаах цаг үе нь болчихоод байгааг та бүхэнд мэдээлж, уриалж байгаа юм. Тэгээд өнөөдөр Нээлттэй сонсголын хуулийн дагуу энэхүү 60 тэрбумтай холбоотой асуудлыг зөвхөн цаасан дээрх байдлаар нь биш, бичлэг дээр байгаа нэр бүхий гурван хүн, УИХ-ын дарга М.Энхболд мөн гэрч Доржзодов за мөн бусад гэрчүүд болон хууль хяналтын байгууллагууд, энэ бичлэгт дүгнэлт хийсэн шинжээчдийг оролцуулан Нээлттэй сонсгол хийх ёстой гэж үзэж байна.

Хоёрдугаарт 93106060 номерын утас ажиллуулж эхлэх гэж байна. Хэрвээ нэг ч гэсэн хүн албан тушаалд томилогдохдоо хэн нэгэн албан тушаалтанд мөнгө өгсөн нь нотлогдвол прокуророос энэ хэргийг дахин сэргээх боломжтой гэдгийг нийт төрийн албан хаагчиддаа мэдээлж, хамтран ажиллахыг уриалж байна.

Тийм учраас таны болон үр хүүхдүүдийн чинь ирээдүй дандаа ийм аалзны торон дотор арвалзахгүйг хүсвэл та иргэний эр зориг гаргах хэрэгтэй. Ийм хэрэг хийсэн хүмүүсийг яллахгүй байгаа юм чинь Гэрчийн мэдүүлэг өгсөн, шүгэл үлээгчдийг нийгмийн өмнө яллаж чадахгүй ээ. Тийм учраас одоо цахим ертөнцөд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байж бид нар эдгээр асуудлуудыг гаргаж ирэх болно. Түүнчлэн 60 тэрбумын хэрэгт таны ойр дотны хэн нэгэн болон таньж мэддэг хүмүүс чинь холбогдон хохирч, хэлмэгдсэн байвал энэ утас руу холбогдож мэдээлэл дамжуулаач ээ. Эцэст нь хэлэхэд УИХ-ын дарга М.Энхболд та ёс зүйн хариуцлага хүлээн огцрох ёстой гэдэг шаардлага аа хаана, хэнээс ч айхгүй тавих л болно. Ийм асуудалд холбогдсон УИХ-ын дарга нь хууль хяналтын байгууллагад нөлөөлөн ийм дүгнэлт гаргуулчихаад УИХ-ын чуулганыг удирдана гэдэг нь өөрөө ёсзүйн хувьд ямар ч боломжгүй зүйл юмаа. Энэ бүх зүйл эцэслэн, цэгцлэгдтэл та үүрэгт ажлаасаа сайн дураараа түдгэлзэж, УИХ-ын чуулганыг удирдахгүй байж, албан тушаалаасаа огцрох албан ёсны шаардлагыг өнөөдөр бичгээр өгөх болно. Мөн шат дараалсан эсэргүүцлийн арга хэмжээг ч авах болно. Ингэж байж л бид дараа дараагийн дуулиант хэргүүддээ хамтдаа тэмцэж чадна. Хэрвээ үүнд олон нийт, хэвлэл мэдээллийнхэн хамтдаа ялалт байгуулж чадвал хүлээгдэж байгаа бусад дуулиант хэргүүд цэгцэрч, шударга ёсны үнэлэмж дээшлэн, төрд итгэх ард иргэдийн итгэл нэмэгдэж бид илүү тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ, ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүд нь ч төлөөллийн үүргээ биелүүлж байгаа гэдгийн мөн чанар танигдаж, ард нь гарах юмаа” гэснээр түүний мэдээлэл дууссан юм.

Ямартай ч өнгөрсөн даваа гарагийн МАН-ын Бүлгийн “Хаалттай хуралдаан” зоригтой, шударга залуу гишүүн Л.Оюун-Эрдэнийхээ “Турсагыг нь хуулах” журмаар явагдсан бол харин турсагаа хуулуулсан Л.Оюун-Эрдэнэ нь нэг ангийн эгч, ах нарынхаа түрэмгийлэл, хатуурхлаас огтхон ч айхгүйгээр, ард иргэдтэйгээ нийлэн 60 тэрбумын Гэмт хэргийн гол сэжигтнүүдтэй эвлэршгүй тэмцэж, эцэст нь ялалт байгуулна гэдгээ ийнхүү зоригтойгоор зарлан тунхаглав. Хойшид УИХ-ын дарга М.Энхболд аль хэр хууль хяналтынхныг захиран зарлигдах болон Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн энэхүү шударга ёсны төлөөх тэмцэл аль хэр амжилтад хүрэх, эсвэл УИХ дахь ах, эгч нар нь ангиасаа хөөгөөд гаргах уу гэдгийг харах, ажиглах л үлдэж байна даа. Ингэхэд Монгол Улсад “Шударга ёсны наран” хэзээ мандан бадарч, өнөөдрийн их харанхуйлал, дарангуйлал, эдийн засгийн монофольчлол, улстөрчдийн увайгүйтэл, улс эх орон, ард иргэдээсээ хулгайлан шамшигдуулах, хувааж цуслахыг гэрэлтүүлэн гийгүүлж, эдгээрийг нь эсэргүүцэн тэмцсэн ард түмний тэмцэл, эсэргүүцэл ялалтад хүрч Монгол орон гэрэлтэй зөв замдаа орох юм бол доо...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ме

      (66.181.160.54) 2018-06-21 15:18
      • 1
      • 0

      Энхболдлос урваад ард түмний талд орж л дээ. хулгай, дээрэм, хуйвалдааны энэ хана хэрмийг нураахгүй бол монгол сүйрнээ.

      Хариулах

    • Ү

      (66.181.179.21) 2018-06-21 10:14
      • 1
      • 1

      Ийм урвагч бацаануудыг хөө. Эдэнд намын нэр хүнд хамаагүй өөрөө л болж байвал буюу өөрт ашигтаай газар л үйлчлэх юмаа . Чамайг хэнч биш болоход чинь жонхуу буюу жэнко туслахуу

      Хариулах