Д.Мурат нь Д.Гантулгынхаа араас маршилна...

Twitter Print
2018 оны 06-р сар 20-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

Энэ удаагийн хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас хоёр дахь гишүүн нь хууль, шүүхээр шалгуулахаар болж байх шиг байна. Тэр нь УИХ дахь АН-ын 9-хөн гишүүний нэг, Баян-Өлгийн сонгогчдын итгэлийг хүлээсэн өнөөх Д.Мурат болж таарч байна аа, янз нь.

Улсын Ерөнхий прокуророос Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал ирүүлснийг УИХ энэ сарын 08-нд хэлэлцэж, хүлээж авахаас татгалзах тогтоол баталсан. Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 13-нд хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригт, “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож,  яллагдагчаар татагдсан Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна" хэмээн онцолсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын 45, 47 дугаар тогтоол буюу Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол, Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолд ийнхүү хориг тавьсныг УИХ-ын эрхэм гишүүн Д.Мурат сэтгэл ханамжтай хүлээн авч байгаа талаараа мэдэгдэж байсан билээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 45 дугаар тогтоол буюу Д.Муратын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэхээс татгалзах шийдвэрт тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээж авах нь зөв хэмээн үзлээ.

Ингээд эрхэм гишүүн Д.Мурат нь бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулан, гэм буруутай эсэхээ тогтоолгох ёстой болов. Учир нь, тэрээр Б.Бахытгүл хэмээх бүсгүйг зодож нүдэн, биед нь гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ.

Харин тэрээр Д.Гантулгынхаа араас УИХ-аас бүрмөсөн явж одохгүй л байгаасай даа. Тэгвэл ч дахиад л нэг нөхөн сонгууль зарлагдаж, золигтох болно шүү. Харин хууль, шүүхийн эрхэмүүд энэ талаар ямархуу дүгнэлт гаргах юм бол доо гэж...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.