Б.Булган аймшигт үнэнийг илчилж, С.Зоригийн жинхэнэ алуурчид, захилагчид тодрох юм болов уу...

Twitter Print
2018 оны 06-р сар 19-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын хамгийн идэвхтэй гишүүн Ж.Батзандан өнгөрсөн онд АН-ын даргын сонгуульд өнөөдрийн дарга С.Эрдэнэ, өмнөх дарга Н.Алтанхуяг, өнөөдрийн УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон өмнөх УИХ-ын гишүүн Л.Гантөмөр дөрөвтэй нийлээд тавуулаа боодолтой таван сум атган намын даргын төлөөх сунгаагаа эхлүүлж байсан билээ. Тухайн үед өнөөдрийн дарга С.Эрдэнэ, Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, өнөөдрийн гишүүн Ж.Батзандан нар боодолтой таван сумаа зүүн гартаа атган, намынхаа гишүүдтэй мэндчилж байсан бол Н.Алтанхуяг л ганцаараа боодолтой таван сумаа баруун гартаа атган мэндчилж байсан сонирхолтой эхлэл байдаг. Тэгвэл АН-ын дарга болж, намаа шинэчлэх зорилго тавьж явсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр мэдээллийнхээ дундуур төр нийгмийн нэрт зүтгэлтэн, С.Зориг агсны гэргий Б.Булганыг төрийн гурван өндөрлөг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийгээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд хандаж захидал илгээсэн талаар дурдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид илгээсэн тэрхүү захидалдаа Б.Булган нь “Ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг огт харж байгаагүй, нэг ч уулзаж үзээгүй” гэдгээ онцолсон талаар ч дурдсан нь өнөөдрийн онцлох мэдээлэл болсон юм. Түүнчлэн Ж.Батзандан гишүүн С.Зориг агсны бэлэвсэрсэн эхнэр Б.Булганы захидалд ноцтой олон баримт, мэдээлэл байгааг ч дурдаад авна лээ. Тиймээс ч хуулийн хүрээнд энэ долоо хоногийн сүүлчээр түүний захидлыг олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн юм.

Ж.Батзандан гишүүний энэхүү мэдээлэлтэй холбогдуулан онцлоход Тагнуулын Ерөнхий газраас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганыг яллагдагчаар татаж, өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа байцаалт авсан билээ. Түүнийг нөхрийнхөө амь насыг хөнөөхөд оролцсон байж болзошгүй гэж үзэн яллагдагчаар татсан талаар ч зэрвэсхэн мэдээлэл цацагдаж амжсан.

Түүнчлэн Прокурорын байгууллагаас "С.Зоригийн амь насыг хохироосон Эрүүгийн дугаартай хэргийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан Ажлын хэсэг шалгаж байна. Энэхүү хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганд Эрүүгийн хэрэг үүсгэн прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж байцаалт авсан" гэх тайлбарыг өгсөн байдаг. 

Тэгвэл Б.Булган өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж захидал бичжээ. Түүнийг захидал бичсэн талаар төрийн ордонд  УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийхдээ "Б.Булган долоо хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст хандаж захидал бичсэн. Б.Булганы захидалд ноцтой олон асуудал дурдагдсан байна. Хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэсгийг нь ил болгоно. Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд холбогдох хэрэгт гэмгүй хэдэн залуус хилсээр шийтгэгдээд, жинхэнэ гэмт хэрэгтэн ард нь үлдэхийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн мэдэгдсэн нь өнөөдрийн онцлох мэдээлэл болсон нь тодорхой.

С.Зориг агсан аймшигтайгаар алагдсаны дараахан Б.Булганы өгсөн ам тайлбараар алуурчдын таталбар зургийг хийсэн билээ. Тэр зураг дээрх хүмүүс өнөөдөр 24-25 жилийн ял аваад Тахир соёотод үйлээ эдэлж суугаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас нэлээн өөр л харагдаж байсан гэж бодогддог. Тухайн үед алуурчдад гар хөлөө хүлүүлэн, жорлон, ванныхаа өрөөнд хаяуулсан гэгддэг Б.Булган мэдээж алуурчдыг хамгийн ойроос, сайн ажиглан харсан хүн байж таарна. Тэгэхээр саяхан Ц.Нямдорж сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст захидал явуулсан Б.Булган "Одоо ял эдэлж байгаа гурван хүн манай нөхрийг алсан алуурчид биш ээ" хэмээн батлаж байгаа нь ч ойлгомжтой. Тэгэхээр Ц.Амгаланбаатарын гүтгэлгээр хилс ял эдэлж байгаа Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарын хэрэг дахин шүүхэд буцаж ч болзошгүй л юм. 

Монголын хууль, шүүхийн байгууллагууд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн, захиалга өгсөн жинхэнэ гэмт хэрэгтнүүд, томоохон эрх мэдэлтэй этгээдүүдийг нарийвчлан олж тогтоолгүйгээр гэм зэмгүй жирийн иргэдийг энэ хэрэгт буруутгаж, олон жилийн ял өгсөн нь Б.Булганы захидлаар тодорхой болвол Монголын нийгэмд томоохон дуулиан үүсч, эрх мэдэлтнүүдийн эсрэг ард олны тэмцэл хөдөлгөөн ширүүсэх нь тодорхой юм. Тэгээд ч энэ талаар УИХ-д суудаг цөөхөн шударга, зарчимч гишүүд үгээ хэлж, хууль шүүхийн үнэн нүүр царайг тодорхойлохоор ажиллаж эхлэх болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.214.88) 2018-06-19 21:47
      • 0
      • 3

      БУЛГАН Л ҮНЭНИЙГ МЭДЭЭЛЭХ БАЙХДАА ОДОО ЯРЬЖ БАЙГАА БАЙДАЛД ДҮГНЭЛТ ХИЙХЭД.

      Хариулах