Монголын хөгжмийн урлагийн сонгодог залуу төлөөлөл Ш.Өлзийбаяр...

Twitter Print
2018 оны 06-р сар 27-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монголын хөгжмийн урлагийг Ардын жүжигчин Н.Жанцанноров, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав, Т.Сэр-Од нараас гадна залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр тодорхой хэмжээгээр тодорхойлолцон, нуруундаа үүрч, хөгжмийн урлагийг дээдлэн сонсдог ард түмэндээ гайхалтай сайхан аялгуу эгшигээрээ бэлэг барьсаар яваа билээ.

ОХУ-ын нийслэл Москва хотын Соёл урлагийн их сургуулийг 1998-2003 онуудад суралцаж төгссөнийхөө дараа ОХУ-ын Засгийн газрын урилгаар Москва хотын М.И.Гнесины нэрэмжит Хөгжмийн академид мөн л 2009-2010 онд суралцан төгссөн Дорноговь аймгийн харьяат, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр өнөөдөр Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн онолын танхимд багшлахын хажуугаар симпони найрал хөгжим болон морин хуурт зориулсан олон сайхан бүтээлүүд, мөн модерн чиглэлийн олон уран бүтээлүүдийг ар араас нь цувруулан гаргасаар л яваа нь түүний авъяас чадвар хэрхэн төгөлдөржсөний тодорхой нотолгоо мөн юм. Тэрээр Монголын хөгжмийн урлагийн салбарт нэгэнт танигдсаны зэрэгцээ, одоогоос найман жилийн өмнө 2010 онд Москва хотод сурч байхдаа Европын хөгжмийн урлагийн томоохон төв Итали улсын Болонья хотод  зохион байгуулагдсан залуу хөгжмийн зохиолчдын Олон улсын уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлж байсан байдаг. Тэр нь түүний хувьд Олон улсын залуу хөгжмийн зохиолчдын уралдаанд анхлан нэрээ гаргасан амжилттай эхлэл байсан ажээ.  

Тухайн уралдааныг Итали улсын Ерөнхийлөгчийн ивээл дор,  Олон улсын хэмжээнд 16 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд, тэрхүү уралдаанд Ш.Өлзийбаяр нь төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан “Вариаци Токатта” бүтээлээрээ анхлан оролцож, гуравдугаар байр эзэлж байжээ. Дээрх уралдаан дүгнэгдсэнээс нэлээн хойно Ардын жүжигчин Н.Жанцанноров “ Европ тивийн хөгжмийн урлагийг тодорхойлолцдог Итали шиг томоохон оронд болсон уралдаанд Монголын хөгжмийн залуу зохиолч анх удаа ийм өндөр амжилт гаргалаа” гэсэн байдаг. Сонирхуулахад тэрхүү уралдааны Ерөнхий шүүгчээр алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконе ажилласан байдаг.

Дээрх уралдааныг дүгнэж, шагналтнууд нь тодорсоны дараа нэгэн сонирхолтой үйл явдал болж байсан нь шагналтнуудын бүтээлийг тэр оныхоо наймдугаар дугаар сарын эхээр уралдаан явагдсан Булонья хотын төв талбайд нэрт удирдаач Риккардо Кени өөрийн биеэр удирдан эгшиглүүлсэн нь Италийн хөгжмийн өндөр боловсролтой ард иргэдийн таашаалд онцгой сайхнаар мэдрэгдсэн гэдэг.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нь Москва хотноо суралцаж байхдаа Оросын нэрт хөгжмийн зохиолч С.С.Прокофьевын нэрэмжит уралдаанаас мөн тусгай байрын шагнал хүртсэн байдаг. Энэ бүхэнд товчхон дүгнэлт хийвэл Монголын хөгжмийн урлагийн энэ цаг үеийн бас л томоохон төлөөлөл болж, симпони найрал хөгжим болон,морин хуурт зориулсан хөгжмийн томоохон бүтээлүүд гаргасаар яваа хөгжмийн залуу зохиолч Ш.Өлзийбаяр гэдэг хүний авъяас чадвар аль хэр өргөжин тэлж, жилээс жилд тодорсоор, Монголын хөгжмийн урлагийн суутнууд байсан Б.Дамдинсүрэн,  Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Д.Лувсаншарав, Ж.Чулуун, З.Хангал, Х.Билэгжаргал нарын гаргасан гайхамшигтай зам мөрийн араас өөрийн тод томруун мөрийг гаргах нь ч тодорхой болж байгаа юм. Тухайлбал ирэх сарын 4-нд түүний зохиосон морин хуур, симпони найрал хөгжимд зориулсан II дугаар концертыг мөн л энэ цаг үеийн гарамгай морин хуурч, Улсын филармонийн концертместр, удирдаач, Н.Жигжиддорж тоглож, бүтэн концертоо эгшиглүүлэх юм билээ.

Түүний морин хуур, симпони найрал хөгжимд зориулсан нэгдүгээр симпонийг нь “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог гайхалтай хуурдан амилуулж байсан бол II дугаар концертыг нь өнөөдрийн шилдэг морин хуурч, улсын филармонийн концертместр, удирдаач Н.Жигжиддорж анхлан амилуулж, олны хүртээл болгосон байдаг.

Тэрээр 2010 оноос хойш симпони найрал хөгжим болон дууны урлагийн олон бүтээл хийсэн нь “Морин хуур”, “Алтан намар” наадмуудад удаа дараалан шалгарч, тэдгээрээс гадна “Гоо марал”-ын шагналыг ч хүртэж байсан байдаг. Сонирхуулахад сүүлийн жилүүдэд Засгийн газрын тогтоол шийдвэр нь гарч Улсын санд хөгжмийн бүтээлүүдийг худалдан авдаг болсноор залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын олон бүтээлүүд Улсын санд худалдагдсаар байгаа нь түүний авъяас, чадварыг Засгийн газраас тодорхой хэмжээгээр үнэлэн дүгнэж байгаагийн нотолгоо юм. Тухайлбал түүний зохиосон “Дөрөө” модерн  балетыг 10 сая төгрөгөөр Улсын санд худалдан авсан нь түүний аль хэр чадалтай, чансаатай хөгжмийн зохиолч гэдгийн тодорхой нотолгоо мөн болов уу.

Дашрамд сонирхуулахад “Дэлхийн морин хуурын холбоо”-ноос морин хуурын Олон улсын VI уралдаан, наадмыг энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд Улаанбаатар зохион явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм билээ. Олон улсыг хамарсан энэхүү уралдааныг тус холбооноос санаачлан 2008 оноос хоёр жил тутамд зохион байгуулсаар ирснийг тус уралдааны нээлтийн тоглолтын Ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай мэдээлсэн байна лээ.

2008 оноос энэхүү Олон улсын уралдаанд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, Франц зэрэг улсуудаас нийтдээ 600 гаруй морин хуур хөгжимд дурлан суралцагч,багш, судлаачид, урлаачид, хамтлаг, чуулгууд оролццсон талаар ч тайлбарласан байсан. Тэгвэл энэ удаагийн уралдаанд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Концерт-5”-ыг Морин хуурын чуулгын хөгжимчин Р.Амарбаяр гоцлон хөгжимдөж, симфони найрал хөгжим ая эгшгийг нь эгшиглүүлэх юм билээ.   

Улсын наадам дөхөж байгаатай холбогдон Монголыг зорих жуулчдын тоо огцом нэмэгдэж байгаа энэ цаг үед “Дэлхийн морин хуурын холбоо”-ноос морин хуурын Олон улсын VI уралдааныг зохион байгуулж, түүнд нь Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Монгол аялгуу”,  Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын “Эхийн сэтгэл шиг” болон “Сэрсэн тал” зэрэг аялгуу эгшгийн гайхамшигууд эгшиглэхээс гадна, ХХI зуунд Монголын хөгжмийн урлагийг дэлхийн түвшинд гаргахаар авъяас, онгодоо эгшиглүүлж яваа Ш.Өлзийбаяр өөрийн хөгжмөө эгшиглүүлэх гэж байгаа нь гадны жуулчид болон Монголын ард түмний сэтгэл зүрхийг эзэмдэж, цэнгэл баяраар магнайг нь тэнийлгэх нь тодорхой юм.

Монголын Хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур” наадмын гала тоглолт 2017 оны хоёрдугаар сарын эцсээр УДБЭТ-ын тайзнаа болсон билээ. Өнгөрсөн онд болсон тэрхүү 30 дахь удаагийн наадамд шилдэг 25 дуу шалгарсан байдаг. Эдгээр 25 дуунаас оны шилдгээр  Ш.Өлзийбаярын аягууг нь хийж, яруу найрагч Н.Баянмөнхийн  шүлгийг нь тэрлэж, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаярын олны хүртээл болгосон “Тэнэгэр их  тал”  дуу шалгарч, Гранпри шагналыг хүртсэн билээ.

Энэ бүхнийг өгүүлсний дараа “Алтан намар” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт, Морин хуурт зориулан бүтээсэн бүтээлээрээ Монгол Улсын төрийн шагналд нэр дэвшиж байсан, Соёл Урлагийн Их сургуулийн Хөгжмийн онолын танхимд багш, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Шатарын Өлзий баярын товчхон намтар, түүхийг өгүүлбэл тэрээр Дорноговь аймгийн Мандах суманд 1977 онд мэндэлсэн бөгөөд энэ жил 41 нас л гарч яваа уран бүтээлч билээ.

Аав Шатар, ээж Сүрэндаваа нар нь Орос хэлний багш байсан учир тэрээр багаасаа л Орос хэлэнд шамдан суралцсан гэдэг. Өнөөдөр тэрээр Улсын филармонийн гоцлол дуучин эхнэр Б.Долгормаа болон Ө.Гэгээнзаяа, Ө.Гэгээнсайхан, Ө.Гэгээнбаяр, Ө.Гэгээнсод гэсэн дөрвөн хүүхдийн аав, Монголын хамгийн ирээдүйтэй хөгжмийн зохиолч юм.

Монголын хөгжмийн урлагийг тодорхойлолцож яваа түүний уран бүтээлээс танилцуулвал “Дөрөө” модерн балет (2012 он), “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгийн хөгжим (2013 он), ”Эх орон дуудаж байна”, “Цэн тогоруу” киноны хөгжим (2014 он) “Баян Монгол” чуулгад зориулсан “Оргилуун удиртгал” (2013 он), Ятга, симфони найрал хөгжимд зориулсан /3 ангит/ концерт (2012 он), “286-р галт тэрэг” симфони зураглал (2012 он), Хийл, төгөлдөр хуурын /3 ангит/ сонат (2009 он), Чавхдаст хөгжмийн /3 ангит/ дөрвөл  (2010 он), Үндэсний үлээвэр найрал хөгжимд зориулсан Скерцо (2014 он), Төгөлдөр хуурт зориулсан Рапсоди (2015 он), Найрал хөгжим, найрал дуучдад зориулсан “Монгол түмний хийморь” магтуу (2015 он) зэрэг бүтээлүүд нь Монголын мэргэжлийн хөгжмийн урын санд багтаад байгаа гэсэн.

Мөн тэрбээр “Хулдын цэнхэр уулс”, “Хайрлаюу л гэсэн юм аа”, “Тэргүүн хамбын нутаг” зэрэг нийт 180 гаруй дууны аялгуу зохиосон байна.

Өнөөдөр 40 гаруйхан насандаа Монголын хөгжмийн урлагийг үүрэлцэж, зарим үед магнайлж яваа хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярын талаар товчхон хүүрнэхэд нэг ийм. Харин эрхэм уншигч та бүхэн ирэх сарын 4-нд болох Морин хуурын чуулгын гоцлол морин хуурч, Улсын филармонийн концертместр, удирдаач Н.Жигдиддоржийн морин хуурын гайхалтай тоглолтыг сонирхон үзэж, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуур, симпони найрал хөгжимд зориулан зохиосон II дугаар концертыг нь шимтэн сонсож, түүний авъяас билэгийг нь гайхан бишрээрэй. Монгол түмний суу билэг, авъяас чадвар нь дээд хөх тэнгэр тийш оргилон мандах болтугай...  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.94.227) 2018-06-19 21:43
      • 0
      • 0

      Авьяаслаг залуу хөгжмийн зохиолчдоо БАЯР хүргэж, улам өндөр амжилт, сайн сайхныг хүсье

      Хариулах