Завханы Цэцэн-Уулын хүүхдүүд 40 жилийн дараа...

Twitter Print
2018 оны 06-р сар 18-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын найман жилийн дунд сургуульд 1970 онд нэгдүгээр ангид орон суралцаж, 1978 онд наймдугаар анги төгсөж байсан Цэцэн-Уулын хүүхдүүд 50 нэлээн гарсан эрчүүд, хүүхнүүд болж, Д.Сүхбаатарын талбайд 40 жилийн дараах уулзалтаа хийцгээв. Энэ сум нь далайн түвшнээс дээш 2400-2900 метр өндөр мөнх цаст Түдэвтэй, Байц, Цэцэн-хайрхан зэрэг өндөр уул нурууд, Цэцэн, Цэгээн, Хярын, Хөдөө зэрэг нуурууд, Галуутай, Тэгш, Мухар Хүнгий, зэрэг томоохон голуудтай, өмнөд хэсгээрээ Бор хяр, Их монголын элсэн манхнаар хүрээлэгдэж, говь хангай хосолсон ёстой л Цэн цэнгийн бороотой Цэцэн сартуулын гол нутаг билээ.

1970 онд нэгдүгээр ангийн гурван бүлэг болон алтан номын “А” үсэгтэй танилцацгааж байсан Цэцэн-Уулын хүүхдүүд 40 жилийн дараах өнөөдрийнхөө баярт уулзалтад 50 гаруйлаа хүрэлцэн ирцгээсэн нь баяр дээр нь баяр нэмж, сэтгэлийг хөгжөөж, хүүхэд насыг нь эргэн дурсуулсан амьдралынх нь нэгэн их баяр баясгалант өдөр байлаа. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төв Алтан Батсуурь хайрханы өвөрт Тэгш, Дэлгэрлэнгийн савд оршдог. Тиймээс ч энд хуран цугласан эрхмүүд ;

Алдар суут Тэгшийн хүрээний энгэрт бүүвэйлүүлж

Алдрай насныхаа он жилүүдийг хамт үдэлцсэн

Ангийн анд, ачит багш, найз нөхөд та бүхнийгээ

Амьдралын их замналын 40 жилийн дараахь болзоонд уръя

хэмээн бие биедээ заллага илгээжээ. Тэд өнөөдөр их амьдралын хүчит мөрөнг өөр өөрийнхөөрөө туулж явна.

Хүмүүний амьдралын баяр баясгалан, аз жаргал, амжилт бүтээл, хагацал гунигийг ч багтаасан 40 жилийн дараах уулзалтанд шавь нарынхаа урилгаар хүрэлцэн ирсэн Цэцэн-Уулын хүүхдүүдэд алтан номын “А” үсгийг анхлан зааж байсан багш Ц.Дашзэвгийн яриаг хүргэж байна.

-Таны хувьд өнөөдөр 40 жилийн дараа уулзаж байгаа энэ ангийнхыг 1970 онд нэгдүгээр ангид хүлээн авч, алтан номын “А” үсэг зааж өгсөн буянтан юм байна. Тэр талаараа дурсахгүй юу?

-Анхны “А” үсгийг нь зааж байсан миний шавь нар өнөөдөр наймдугаар анги төгссөнийхөө 40 жилийн ойг тэмдэглэж, анхны багш намайг урьсанд үнэхээр их баярлаж байна.

-Та түүнээс хойш хэдэн ангийн хүүхдүүдэд “А” үсэг зааж байсан бол?

-Нэгдүгээр ангийг есөн удаа авч багшилсан байдаг. Ер нь бол эдгээр есөн ангийн хүүхдүүдийнхээ уулзалтуудыг зохион байгуулалцаж, хүүхэд насных нь баяр хөөрт хамтран оролцохдоо их баяртай явдаг даа. Хэлэх ч үг олдохгүй, их сайхан дурсгалтай уулзалтууд болдог юм. Багш хүний бахархал, амьдралын хамгийн дурсгалтай мөч, баярт уулзалт энд л өрнөдөг юм.

-Одоо та нас сүүдэр хэд хүрч байгаа вэ?

-Одоо ах нь нас сүүдэр 74 хүрсэн. Тэтгэвэртээ гараад нэлээн хэдэн жил болчихжээ.

-Та ингэхэд анхны “А” үсгийг нь зааж сургасан шавь нартайгаа энэ Д.Сүхбаатарын талбайд хэдэн удаа уулзаж байв даа?

-Найм дахь уулзалтандаа оролцож байгаа юм байна шүү. Хамгийн анх 2010 онд Багабаянд анхныхаа шавь нартай уулзаж байлаа. 

-Эдгээр олон шавь нарын чинь ихэнх нь хотод амьдарцгааж байгаа юм шиг байна. Шавь нартайгаа хааяа уулзалдана биз?

-Өө уулзалгүй яах вэ. Гэхдээ удаан уулзалдаагүй болохоор зарим нэгийг нь танихаа больчихсон байх юм даа.

-Одоо та бүхэн эзэн Чингисийнхээ хөшөөний өмнө зургаа авахуулаад, дараа нь Төрийн ордон руу орж танилцах бололтой юм байна даа?

-Тийм гэсэн. Ах нь урьд нь Төрийн ордон руу гурван ч удаа орж танилцаж байсан, орох болгонд сэтгэл хөдөлдөг дөө. 

Өвгөн багштай ярилцсаныхаа дараа өнөөдөр наймдугаар анги төгссөний 40 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ангийнхнаас тухайн үеийн ангийн дарга Содовын Ганболдтой уулзаж дурсамж яриа хөврүүлсэн юм.

-За та эхлээд өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Содовын Ганболд гэдэг. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын үндсэн харъяат хүн дээ. 1970 онд нэгдүгээр ангид элсэн орж байсан бол 1978 онд наймдугаар ангиа төгсөж байлаа. Тэгээд 40 жилийн дараа наймдугаар ангийхантайгаа Д.Сүхбаатарын талбайдаа уулзацгааж байгаа нь энэ дээ.

-Тухайн үед Цэцэн-Уул сум найман жилийн л сургуультай байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Бид сумандаа наймдугаар ангиа төгсөөд есдүгээр ангидаа Нөмрөгийн 10 жилийн сургуульд орон суралцаж байсан юм. Наймдугаар ангиа төгсөөд техникумд явах нь яваад, манай ангийнхан тарж бутарч байсан даа.

-Өнөөдөр энд ер нь их олуулаа цугларсан байх чинь вэ?

-Харин тийм байна. Наймдугаар анги хамт төгссөн найз нөхдөөс маань “MNC” телевизийн захирал, Соёлын гавъат зүтгэлтэн Ц.Мөнхтөр маань ерөнхийд нь зохион байгуулж, бусад нөхөд маань дэмжин тусалсанаар өнөөдрийн сайхан уулзалтыг зохион байгуулсан байна.

-Хэдүүлээ төгсөж байв?  

-Уг нь 1970 онд нэгдүгээр ангид орохдоо үндсэн гурван анги байсан юм. Харин 1978 онд наймдугаар анги төгсөхдөө “А, Б” гээд хоёр анги 30:30 сурагчидтай  байсан. Анх нэгдүгээр ангид орохдоо 90-ээд хүүхэд байсан болов уу. Тэгээд найм төгсөхдөө 60 гаруй хүүхэд төгсөж байсан санагддаг юм.

-Өнөөдрийн 40 жилийн туухт уулзалтад бүгд ирж чадаж уу?

-За ер нь бурхан болоочдоос бусад нь бараг л бүгдээрээ ирсэн байна даа. Энэ олон жилийн дараа гэхэд ихэд дурсгалтай сайхан уулзалт эхэлж байгаад үнэхээр сэтгэл өндөр байна даа.

-Ингэхэд та ямар ажил хийж ирэв дээ?

-Би өөрөө Физик, Математикийн багш хүн л дээ. Урьд нь Цэцэн-Уул сумынхаа Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж байсан. Одоо сургуулийнхаа захирлаар ажиллаад хоёр жил болж байна. Төрийн байгууллагуудад нийтдээ 34 дэх жилдээ ажиллаж байна.

Хүмүүс өнгөрсөн үеэ дурсаж, ирээдүйгээ зөгнөн ярилцахад ийм уулзалт их сайхан байдаг юм байна. Ингээд энд цугларсан нэг ангийнхан бид анх нэгдүгээр ангид “А” үсэг заасан өвгөн багшдаа эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсч байна даа.

Үүний дараа бас нэгэн эрхэмтэй уулзсанаа хүргэж байна.

-За та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харъяат Ж.Чойжамц гэдэг. Өнөөдөр наймдугаар анги төгссөний түүхт 40 жилийн маань ой тохиож, бид бүхэн баяр хөөртэй уулзалдаад явцгааж байна даа. Энэ уулзалтыг зохион байгуулсан хоёр ангийн найз нартаа их баярлаж байна. 

-Та наймдугаар ангиа төгсөөд цааш суралцсан уу?

-Би 1978 онд наймдугаар ангиа төгсөөд л дараа нь Ховдын ХАА-н техникумд гурван жил суралцаад 1981 онд малын Бага эмчээр төгсөөд орон нутагтаа ажиллаж байгаад Ардын армид 3 жил албаа хаасан даа. Дараа нь орон нутагтаа найман жил малын бага эмчээр ажилласан. Түүний дараа зургаан жил багийн Засаг даргаар ажиллаад одоо Ерөнхий боловсролын сургуульд няравын ажил хийж байна даа.

-За 40 жилийнхээ уулзалтад сэтгэл тэнүүн, сайхан оролцоод, эндээсээ сэтгэл өндөр нутаг орон руугаа буцаарай гэж ерөөе?

-Ерөөл бат оршиг ээ, их баярлалаа.

Үүний дараа 1970 онд нэгдүгээр ангийнх нь нэг бүлгийг даан авч багшилж байсан багштай уулзсан юм.

-За та өөрийгөө танилцуулахгүй юу?

-За намайг Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харъяат, бага ангийн багш Раднаасэдийн Цэвэгмид гэдэг. 1970 онд энэ нэгдүгээр ангийн “В” бүлгийг нь даан авч багшилж байсан хүн өнөөдөр ингээд ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж бөөн баяр болоод л явж байна. Хүн амьд явахдаа мөн ч сайхан зүйл их үздэг юм байна даа.

-1970 оноос хойш та хэдэн нэгдүгээр анги төгсгөсөн бол?

-За байз түүнээс хойш зургаа долоон анги л төгсгөсөн байх даа.

-Ер нь нэгдүгээр анги төгсгөсөн шавь нартайгаа хэдэн удаа уулзсан бэ?

-Ерөөсөө уулзалдаагүй байж байгаад өнөөдөр л уулзалдаж байна. Үнэхээр сэтгэл сэргээд хачин сайхан байдгийн байна. Залуу нас маань эргээд дурсагдаж байна. Шавь нараа хараад үнэхээр их сайхан байдаг юм байна даа гээд Цэвэгмид багш “Шавь нар маань өнөөдөр ханхайсан сайхан эрчүүд, халх Монголын буянтай сайхан ээж нар болсон байна. Яасан ч сайхан хүмүүс болж вэ дээ. Үнэхээр хэлэх үггүй баярлаж явна даа” гэсэн юм.

Хүний амьдралын 40 жил гэдэг их хугацаа. Эргэн дурсах, эрэгцүүлэн ухаарахуйгаар бялхсан Цэцэн-Уулынханы уулзалтын баяр хөөр дахин дахин уулзахын ерөөл талбин өндөрлөв өө... 

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.