Криштиан Рональду ч хөл бөмбөгийн бас нэгэн домог юм даа...

Twitter Print
2018 оны 06-р сар 16-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

1985 оны хоёрдугаар сарын 5-нд Португалийн Фуншал хотод төрсөн Португалийн шигшээ болон Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөгчин Криштиан  Рональдо урд шөнө бас нэгэн домгийг хөл бөмбөг сонирхогч дэлхий нийтэд сонирхууллаа. Тэрээр 2009 онд 80 мянган паундаар “Реал Мадрид” клубт худалдагдсанаар дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон билээ. Тэрээр торгуулийн цохилт маш сайн цохидог гэдгийг дэлхий нийт андахгүй. Тэгээд ч тэрээр Реал Мадридад олон гайхалтай гоол хийж, аваргуудын лигт түрүүлүүлж байсан.  Мөн өөрийн гэсэн брендтэй бөгөөд энэ нь CR7 юм.Nike компанитай хамтран уг брендийг гаргасан билээ.

Урд шөнө Европын аварга Португалийн шигшээ баг 2010 оны дэлхийн аварга, 2008 оны Европын аварга алдарт Испанийн шигшээ багтай тоглоход Криштиан Рональду дөрөв дэх ДАШТ-дээ гоол оруулж, ингэхдээ урьд өмнөх гоолуудаасаа олон буюу нэг тоглолтод гурван гоол оруулж түүхэн амжилт тогтоолоо.

Тухайлбал Испанийн шигшээгийн хаалганд гурван гоол оруулсан Криштиану Рональду хөлбөмбөгийн түүхэнд дөрвөн ДАШТ дараалан гоол оруулсан дөрөв дэх хөлбөмбөгч болсон юм. Одоо  33 настай Португалийн багийн ахлагч К.Рональду нь 2006, 2010, 2014 оны ДАШТ -д тус тус гоол оруулж байсан амжилттай байсан. Ийм амжилтыг өмнө нь хөлбөмбөгийн хаан  Пеле, Германы алдарт хөлбөмбөгч Уве Зеелер, Мирослав Клозе нар л үзүүлж байсан байдаг.

Тэгвэл энэ удаа зөвхөн дэлхийн аварга болох л эрмэлзэл хүсэлтэйгээр ОХУ-д хүрэлцэн ирсэн Криштиан Рональду хөл бөмбөгчний замналдаа нэгэн шинэ дээд амжилт тогтоосон нь Испанийн эсрэг энэхүү тоглолт боллоо. Тэрээр урьд нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг тоглолтод гурван гоол оруулж байгаагүй юм.Түүний хувьд нас сүүдэр нь 34 дөхөж яваа ч шигшээ багийнхаа гол тоглогч хэвээр байгаагаа урд шөнө нотолж, Испаничуудыг уйлуулах тун ч дөхсөн билээ. Өнөөдөр дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн тоглогчдыг Л.Месси, К.Роналду болон бусад гэсэн хоёр хэсэгт хуваасаар удаж байгааг хөл бөмбөг сонирхогчид андахгүй. Тэд хувийн амжилтаараа нэгэнт бусдаасаа ихээ хол тасарсан тул хоорондын өрсөлдөөн нь шигшээ багууд руугаа шилжчихээд байгаа. Тэгээд ч тэрхүү өрсөлдөөнөөр Л.Месси нь ДАШТ-ний дэд аварга, К.Роналду болохоор Европын аварга гэх мэтээр үргэлжлээд явж байгаа. “Евро 2016”-д түрүүлсэн К.Рональдугийн хувьд “ОХУ-2018” нь дэлхийн аварга болох бараг л сүүлчийн боломж, хувийн тоглолтоор даян дэлхийг дахин нэг удаа бишрүүлэх бас л сүүлчийнх нь гэмээр боломж байх магадлалтай юм.    

Өчигдрийн Испанийн эсрэг тоглолтын тактикийг маш сайн боловсруулж чадсан Португалийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш бол шигшээ багийн бас нэг лидер, гол зэвсэг билээ. Тэрээр 2015 онд Португалийн шигшээ багийн жолоог атгасан бөгөөд, одоогоор гуравхан жил ажиллаж байгаа ч ард түмэндээ “Португалийн бүх цаг үеийн хамгийн шилдэг дасгалжуулагч” хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа эрхэм юм.  Тийм ч учраас тэрээр өчигдрийн тоглолтод өөрийн гол хамсаатан Криштиан Рональдутай ёстой л гар гараасаа атгалцан гайхамшгийг бүтээж чадсан юм. Хэдийгээр Европын хоёр лидер багууд болох Португаль-Испани нар нь “Эвийн гэрээ” байгуулсан бол энэ хэсгийн үлдсэн хоёр баг болох Иран-Мароккогийн тоглолтын нэмэлт цагийн 94 дэх минутад Мароккогийн довтлогч Азиз Бухаддуз өөрийнхөө хаалганд авто гоолдсоноор Ираны шигшээ баг анхны ялалтаа авч, хэсэгтээ гурван оноотойгоор Европын хоёр лидерийн өмнө хөндөлсөж эхлээд байгаа юм.

Ерөнхийдөө Европын болон дэлхийн хөл бөмбөгийн хоёр лидер Португаль-Испанийн шигшээ багуудын өчигдрийн тоглолтыг тоймлон дүгнэвэл Португалийн К.Роналдо   хет трик хийж, багийн лидер ямар байх ёстойг харуулсан юм. Харин  Ерөнхий дасгалжуулагчаа халсан Испанийн шигшээ баг Фернандо Йеррогийн удирдлага дор хэрхэн сайн тоглож чадахаа нотоллоо.

Одоо тэдний хувьд хэсгийнхээ арай жаахан тааруухан багууд болох Иран-Мароккогийн эсрэг тоглож, тус тус ялалт байгуулвал хэсгээсээ нэг хоёроор гарч дараагийн өрсөлдөөнд орох болно. Үүнд мэдээж Португалийн шигшаа багийн ахлагч, лидер Криштиан Рональду болон Испанийн хамгийн туршлагатай, лидер тоглогчид болох Давид Сильва, Андрес Иньеста, Диего Коста нарын үүрэг, оролцоо хамгийн их хувь нэмрээ оруулах нь тодорхой юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.