Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно...

Twitter Print
2018 оны 06-р сар 15-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Уг нь өнөөдөр УИХ-ын 76 гишүүн болон У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар, мөн УИХ-д хамааралтай албадууд л хойд талын цонхоороо харж байдаг ч байнга цоожтой байдаг төрийн ордны арын цэцэрлэг урьд нь байнга л нээлттэй байдаг байсан. Гэтэл 2013 оны есдүгээр сарын 13-нд “Гал Үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй дөрвөн нөхөр буу зэвсэг агсан орж, төрийн ордон руу дайрах гэснээс нь болж тэр өдрөөс хойш хойд талынх нь хоёр хаалгыг дангинатал түгжсээр өнөөдөртэй золгоод байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулган эхлэх үеэр хуучин Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан, өнөөдрийн УИХ-ын сул гишүүн Ц.Мөнх-Оргил “Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох саналыг сарын өмнө Төрийн тусгай хамгаалалттын газар хандан тавьсан юм. Тавдугаар сарын 17-нд өгсөн албан бичигт одоо болтол хариу өгөхгүй байна. Утсаар ярих гэхээр дарга нар нь утсаа авахгүй юм. Сураг сонсоод байхад хаалттай хэвээр нь байлгах саналтай байгаа юм шиг байна. Төрийн ордны тухай хуулиар УИХ үүнийг хариуцдагийн хувьд нээлттэй болгож өгөөч УИХ-ын дарга аа. Манай тойргийн сонгогчдоос Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгож өгөөч гэсэн санал их ирж байгаа. Би энэ саналыг зөвхөн гишүүний хувьд ч биш Улаанбаатар хотын иргэний хувиар гаргаж байна. Үдэш орой болохоор, эсвэл жагсаал цуглаан болбол хаачихдаг байж болох байх. Бүр болохгүй бол Төрийн ордны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, эсвэл тогтоолын төсөл санаачилмаар байна. Дэмжих гишүүн олон байгаа байх. Ялангуяа хотоос сонгогдсон гишүүд дэмжих байх. Үүнийг чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэмээр байна, М.Энхболд дарга аа" гэсэн билээ.

Түүний саналын хариуд УИХ-ын дарга М.Энхболд “"Нээлттэй болгоход юу нь болохгүй байх билээ. Өмнө нь арын хоёр хаалга нь нээлттай байж болоод л байдаг байсан шүү дээ. Тиймээс УИХ-ын Тамгын газар Төрийн тусгай хамгаалалттай газартай яриад чуулган завсарлахаас өмнө нээлттэй болгоорой. Өглөө, оройдоо хүмүүс ороод салхилж байна биз" хэмээсэн.

Ямартай ч Улаанбаатарчуудын хувьд ямагт дангитал цоожтой байдаг байсан төрийн ордны арын цэцэрлэгийн хоёр хаалганд зүүлттэй байдаг цоожнуудыг салган авч онгойлгох нь тодорхой болж байх шиг байна. Харин тэгэхдээ ард иргэд төрийн ордны арын онгорхой цэцэрлэгт өглөө оройдоо өөрсдөө зугаалан, салхилахын хажуугаар элдэв төрлийн нохойгоо дагуулан ирж баалгаж шээлгээд байж бололхгүй гэдгийг сануулчихад илүүдэхгүй л болов уу. Яагаад гэвэл Монголчууд бид тэр талаар ихээхэн хэнэггүй, дур зоргоороо улс гэдгийг хаа хаанаа санаж, сэрж явах учиртай санагддаг тул энэ удаа сануулчихад илүүдэхгүй билээ. Мөн элдэв хог новшоо овоолж, төрийн ордны ар талыг буртаглаад байж ч болохгүй гэдгийг үр хүүхдүүддээ захиж сургавал зохилтой болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.94.227) 2018-06-16 10:46
      • 0
      • 0

      Маш зөв санаа байна. Мөнх-Оргил гишүүн зөв санал гаргажээ. Баярлалаа. Харин иргэд бид ногоон байгууламжаа зөв зохистой ашиглах хэрэгтэй.

      Хариулах