Хүй долоон худагт хурдан морины уралдааныг засмал замаар дагана

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 18:42 цагт
Мэдээний зураг,

Хүй долоон худаг орчмын бэлчээрийг хамгаалах, уяач хүүхдүүд болон наадамчдын аюулгүй байдлыг хангах зорилготой “Монгол наадам цогцолбор”, Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ) хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Уг санамж бичигт өнөөдөр “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл болон ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын ажиллагааг явуулахад хамтран ажиллах юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл, “Санамж бичигт тусгасан морин тойруулгын ажлыг энэ онд багтаан эхлэх цаашлаад хурдан морины замын дагуу засмал зам тавих бөгөөд замын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх боломжтой. Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морьдын уралдааныг засмал замаар дагахаас гадна холын зайн гүйлтийн тэмцээн зэрэг олон төрлөөр ашиглах юм” гэв.

Зураг

Мөн ММСУХ-ны ерөнхийлөгч М.Мөнхбаясгалан “Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зам засах, усалгаа хийхээс гадна унаач хүүхдэд стандарт хувцас өмсүүлж хэвших чиглэлд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна” гэлээ.

Мөн энэ жил нилээн хуурайшилттай байгаа учир Үндэсний их баяр наадмын үеэр үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах асуудлаар холбогдох газруудад санал өгснөө дуулгав.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.