АТГ 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ, тухайлбал...

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оролцож, 2018 оны 5 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ.

Төрийн албанд томилогдох 732 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн

Авлигын эсрэг хуульд заасны дагуу энэ сард төрийн 80 гаруй байгууллагын 25400 орчим албан тушаалтны 2017 оны ХОМ-ийн хураангуйг цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Ингэснээр АТГ улсын хэмжээнд мэдүүлгээ гаргадаг 40 гаруй мянган төрийн албан хаагчийн ХОМ-ийг иргэдэд нээлттэй мэдээлж хүргэлээ. 

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар зөрчил гаргасан 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Гүнсэндарь нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 58 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлээд байна. 

Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан албан тушаалтнуудад цалинг бууруулах, ажлаас чөлөөлөх зэрэг хуульд заасан хариуцлага тооцуулсан. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Должинсүрэн нь ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилсон, чөлөөлсөн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордны дарга Б.Минжүүр нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилсон, чөлөөлсөн зэрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын орлогчоор Ч.Энхмааг томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй байв.

358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав

2018 оны 5 дугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 85 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.

Энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 26 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Одоо 318 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаж байна.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Төрийн өмчийн хороо нь “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай тогтоолыг гаргахдаа ямар ч үнийн судалгаа хийлгүйгээр төрийн өмчит компанийг хэт хямд үнээр зарсан байж болзошгүй үйлдэлд,

  • Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж МБА-наас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байхад тээврийг хууль бусаар шилжүүлж улсын дугаар олгосон үйлдэлд,

  • Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан нь сүүлийн 1-2 жилд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр ажилласан мэтээр цалин бодсон, түүнчлэн ажиллаагүй алба хаагчдыг ажилласан мэтээр цалин нэмэгдэл бодож хувьдаа завшиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болох үйлдэлд,

  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь 2016 онд Дундбаяны голын 10 тонн даацтай гүүрийн засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд,

  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдлыг бий болгосон гэх үйлдэлд,

  • Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сэврэй сумын нутагт газрын хэвлийг хууль бусаар ухаж алт олборлосон талаарх мэдээлэл өгсөн иргэнд олгосон урамшууллын мөнгөнөөс 6.4 сая төгрөгийг бусдаар дамжуулан авч өөртөө давуу байдал бий болгосон, мөн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хууль бусаар хийж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй зэрэг гэмт хэргийн шинжтэй мэдээллийг иргэн, байгууллагаас хүлээн авч илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. 

Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • ДЦС-4 ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тээрмэрийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерт өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулсан, түүнчлэн тендерт шалгарсан хуулийн этгээдийн төлөөллөөс 100 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож тендер сонгон шалгаруулалтад нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.

  • БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д нь А-аас бусдаар зуучлуулан  150 сая төгрөгийг хээл хахуульд авч самрын яс экспортлох зөвшөөрлийг олгосон үйлдлийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

  • Багануур ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар Прокурорын байгууллагад санал хүргүүллээ.

  • Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 7 дахь удаагаа шилжүүлээд байна.

  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Б нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэв.

Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн мэдээлэл:

  • Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгуулийн ял оногдуулсан. Хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

  • Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан  С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцэж 1,6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж шийдвэрлэгдсэн.

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5  сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

  • Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүхээс Н.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрч Т-д Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.

Эх сурвалж: АТГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.