Д.Гантулгыг УИХ-аас чөлөөлж, залгуулаад залуучууд руу дайрав...

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 13:09 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн эхний асуудал нь 2017 оны зургаадугаар сарын 12-нд Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын УИХ-аас чөлөөлөгдөхөөр М.Энхболд даргадаа гардуулсан Өргөдлийг авч хэлэлцэн УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг авч хэлэлцсэн нь байсан юм. Өнөөдөр өглөөний хуралд 60 гишүүн оролцсоны 50 нь Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх саналыг нууцаар өгснөөр 83 хувийн саналаар тэрээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөв.

Ийнхүү Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт биелэлээ олж, энэ УИХ-д Хэнтий аймгаас сонгогдсон хамгийн залуу гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн юм. Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг МАН-аас УИХ-д хамгийн олон жил тухалж суугаа Д.Лүндээжанцан гишүүн танилцуулснаар гишүүд санал бодлоо илэрхийлцгээсэн юм.

Тэдний нэг болох УИХ дахь АН-ын гишүүн Ж.Батзандан “Д.Гантулгын асуудлаар далимдуулж, УИХ-д зөвхөн 30-аас дээш настай хүнийг нэр дэвших  асуудлыг оруулан ирж байна. Д.Гантулга гэдэг залуу алдсан байж болно. Гэхдээ залуучуудын улс төрийн эрхийг хязгаарлах оролдлогоо эрх баригчид зогсоох хэрэгтэй. Д.Гантулга гэдэг залуугийн алдаан дээр дөрөөлж, 30-аас доош насны залуусыг  улс төр оруулахгүй гэдэг яриагаа эрх баригчид болиоч ээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөсөө энэ заалтаа хасч хаяарай. Ганцхан залуугийн алдаан дээр дөрөөлж, Монголын мянга мянган залуусыг улс төрөөс хөөх, хавчин гадуурхах бодлогыг явуулж болохгүй. Монголын мянга мянган залуусын талд би зогсоно” гэсэн бол үргэлжлүүлэн Лу.Болд гишүүн “Болж байгаа дуулианыг далимдуулж, Үндсэн хуулийн зарчмыг өөрчлөх чиглэл рүү явбал маш аюултай. Д.Лүндээжанцан гишүүн худлаа яриад байна. Ард түмэн ингэж хүсч байна гэж. Дэлхий нийт залуучуудаа дэмжиж байна. Дэлхий нийтээ хар, залуу үеийн цаг эхэлсэн. Энэ сүр дуулианыг далимдуулж, Монголын залуус руу нулимах эрх парламентад байхгүй шүү. Залуусаа дэмжихээ нотолж, хамгийн сайн залуусыг гаргах тогтолцооны төлөө явах ёстой” гэсэн юм.

Энд тэмдэглэхэд Ж.Батзандан гишүүний дараа Монголын парламентад хамгийн олон жил тухалж суугаа Д.Лүндээжанцан гишүүн “ Ж.Батзандан гишүүн энэ байр сууриа байнгын хорооны хуралдаанд илэрхийлж байсан. Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын насны доод босгыг нэмэх санал маш өндөр давтамжтай яригдсан. Тиймээс 35 нас гэж байгаад дараа нь 30 насан дээр  сүүлийн хувилбар яригдаж байгаа. Эрх баригч хүчин залуусын сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах байр суурь баримтлаагүй. Монголын нийт иргэдээс 35, 40 гэсэн насны хязгаар яригдаж байгаа. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй, ажлын хэсгийн түвшинд яригдаж байгаа” гэсэн билээ.

Ямартай ч хүчингийн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байгаа, энэ УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгын асуудлаар дамжуулан улстөрд орж ирэх Монголын залуусын насны доод хязгаарыг 35-40 болгох асуудал хүчтэйхэн яригдаж эхлэх бололтой юм.

Нэг ангийнхаа гишүүдийн олонхийн саналаар хамгийн залуудаа УИХ-аас чөлөөлөгдсөн Д.Гантулга УИХ-ын чуулганы танхим дахь төрийн далбаанд мөргөн хүндэтгэл үзүүлж, ангийнхаа дарга М.Энхболдтой магадгүй сүүлийн удаа гар барьчихаад, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөө рүү нүдэндээ доголон нулимастайгаар явж орсон юм. Энэ үеэр парламентын сэтгүүлчид түүнээс бага ч болтугай яриа авахаар Ерөнхий сайдын өрөөний үүдэнд хүлээсэн ч 40 минут өнгөрөөд байхад гарч ирэхгүй байсан тул ганц нэгээрээ таран явцгаасан юм.

Харин УИХ-ын чуулганы танхимаас гишүүн А.Сүхбат, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, Шадар сайд Г.Занданшатар нар гарч ирэхээр нь Шадар сайдаас “Та өчигдрийн Төрийн байгуулалтын хурал дээр яагаад ганцаараа Д.Гантулгыг хамгаалсан санал өгсөн юм бэ” гэж асуувал “Надад тусгай ажил гараад Байнгын хорооны хурлаас гараад явчихсан байсан юм. Түүнээс биш ганцаараа эсэргүүцсэн санал өгсөн зүйл байхгүй л дээ” гэсэн юм. Тэгэхээр нь “Таниас өөр бусад асуудлаар дэлгэрэнгүй яриа авмаар байна” гэвэл “Одоо би АНУ-ын Элчин сайдын яамнаас ирэх төлөөлөгчидтэй уулзахаар их давчуу ажилтай байна. Тэгэхээр ирэх хагас сайн өдөр уулзан ярилцаж болох юм” гэлээ.

Ийнхүү өнөөдөр өглөөний УИХ-ын нэгдсэн чуулганаар нэг ангийн хамгийн залуу гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн бол түүнд хандан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд нэлээн хэдэн гишүүн ширүүхэн үг хэлсэн юм. Харин нэг ангийнхнаараа тойрохоо зуруулсан Д.Гантулга гишүүнээс УИХ-аас чөлөөлөгдсөнийх нь дараах сэтгэгдэлийг сонсъё гэж бодсон боловч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд доголон нулимастай орсон тэрээр 40 гаруй минут болоход гарч ирэхгүй байсан тул дараах ажлаа бодон Төрийн ордныг орхин гарлаа.

Яг одоо Төрийн ордонд УИХ-ын эмэгтэй 13 гишүүний бүлэг “Ялалтаа тэмдэглэн” нэгнийхээ өрөөнд хуушуурдан цайлаад сууж ч байж болзошгүй л юм. Монголын улстөр өө гэж...

Жич: Одоо түүний оронд нөхөн сонгууль хэрхэн явагдах бол, хэн суух бол гэсэн асуудал яригдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлд УИХ-ын гишүүний орон гарсан суудлыг нөхөх болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох тухай заажээ. Тухайлбал, энэ  хуулийн: 

-52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна.

-52.3.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр УИХ-ын  гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна.

-52.5.Нөхөн сонгууль явуулахад сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 25 хоногийн өмнө, тойргийн хороог 20 хоногийн өмнө, салбар хороог 17 хоногийн өмнө, хэсгийн хороог 15 хоногийн өмнө тус тус байгуулах; 

-52.5.2.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхэлж, тав хоногийн хугацаанд дуусгах; 

-52.7.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж заасан байна. 

Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд заасны  дагуу УИХ-ын нөхөн сонгуулийг 14 хоногийн дотор зарлахаар болж байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.40) 2018-06-14 14:48
      • 0
      • 1

      Өрөвдмөөр ч юм шиг. Төрд алба хашиж буй залуусуудад томоос том дохио, сургамж өгөөд гарч одлоо доо. Энэ парламентад түүнээс ч аймшигтай нь олон бий.

      Хариулах