Өнөөдөр Москвад эхлэх ДАШТ-ий өмнө домогт хаалгач Лев Яшины тухай кино гарч эхэлжээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр манай хойд хөрш ОХУ-ын 11 хотод 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдахын эхлэл болж нийслэл Москва хотынх нь Лужиник цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний эзэн ОХУ болон Суадын Арабын шигшээ багуудын тоглолтоор тэмцээн нээлтээ хийх билээ. Бүтэн сар гаруйн хугацаанд хүн төрөлхтнийг соронздон татах энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 32 улсын шигшээ багууд “Алтан дагина”-ын төлөө гал гарсан өрсөлдөөнийг үзүүлэх бөгөөд, ОХУ-ын ард түмэн ч нутагтаа болж байгаа тэмцээнд шигшээ багаа хамгаас илүүтэй дэмжих нь ойлгомжтой билээ. Мэдээж ОХУ-ын 144 сая ард иргэдийн дундаас хөл бөмбөгчний авъяас чадвараараа товойн гарч, шигшээ багтаа уригдсан хөл бөмбөгчиддөө Ерөнхийлөгч В.Путинээс эхлээд ард түмэн нь ихээхэн итгэл найдвар тавьж, эцсээ хүртэл дэмжих нь ойлгомжтой.

Мэдээж тэд ямар нэгэн медаль хүртвэл Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд Д.Медведев нараасаа ихээхэн мөнгөн шагнал ч хүртэх нь тодорхой.

Тэгвэл удирдагчдаасаа гадна кино салбарын уран бүтээлчид нь ч хөл бөмбөгчиддөө урам зориг хайрлахаар дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд домог болон мөнхөрсөн, алдарт хаалгач Лев Яшины тухай уран сайхны киноны нэгдүгээр ангийг хийснээ ард түмэндээ сонирхуулж эхэлжээ. Тухайлбал ОХУ-д нэрд гарч яваа найруулагч Василий Чигинскийн “Лев Яшин бол миний мөрөөдлийн хаалгач” гэдэг нэртэй уран сайхны киног өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотод тэмцээнийг зохион байгуулагч ОХУ болон Ойрхи Дорнодын улс болох Суадын Арабын шигшээ багуудын тоглолтоор эхлэх 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн буюу өнгөрсөн тавдугаар сард дэлгэцэнд гаргаж эхэлжээ.  

Дэлхийн нэг номерын хаалгач байж, хорвоогоор нэг алдраа мандуулж явсан домогт хаалгач Лев Яшины амьдралыг өглүүлэх  энэхүү киноны талаар уг киноны продюсер Олег Капанец “Бид киног ДАШТ болохоос өмнө амжин бэлэн болгох ёстой байсан л даа. Тэгээд ч тэрхүү зорилгоо биелүүлсэн. Тийм ч учраас өнгөрсөн тавдугаар сард дэлгэцэнд анхлан гаргасан юм” хэмээн саяхан “Аргументы Недели” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлснээр, уг киноны ажил 2015 онд эхэлсэн бөгөөд зураг авалтын хоёрдахь үе шат дууссан ажээ. Харин киноны гуравдахь хэсгийг энэ оны зургаагаас долдугаар сард буюу ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ явагдах үеэр авах бол дөрөвдэхийг нь есдүгээр сард гадаадад авахаар төлөвлөсөн талаар ч дурджээ. Киног улсын төсвөөс мөнгө авалгүйгээр хийж байгаа бөгөөд энэ ажилд домогт хаалгач Лев Яшиныг бишрэн шүтдэг ОХУ-ын ард иргэдийн зүгээс багагүй хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байгааг ч дурджээ.

Киноны гол дүр нь ФИФА-гийн хувилбараар 20 дугаар зууны шилдэг хөлбөмбөгчнөөр хүлээн зөвшөөрөгдсөн Зөвлөлтийн хөлбөмбөгчин, Социалист хөдөлмөрийн баатар, домогт хаалгач Лев Яшин /1929-1990/ гэдгийг ч дурдсан байна. 1971 оны тавдугаар сард Л.Яшины зодог тайлах тоглолтоо хийж байгаагаар кино эхэлдэг ажээ. Энэ үеэр Л.Яшин тамирчны замналынхаа хугацаанд хийсэн тоглолтууд, хамт тоглож байсан нөхдөө дурсаж байгаагаар үйл явдал өрнөдөг байна.

Өнөөдөр ОХУ-д эхэлж байгаа энэ удаагийн ДАШТ-ний өмнөхөн буюу энэ сарын 6-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадын Олон улсын радиод өгсөн ярилцлагадаа “Таны хамгийн хайртай хөлбөмбөгч хэн бэ” гэсэн асуултад “Мэдээж надад дэлхийн хамгийн агуу хөлбөгчин хэн бэ гэвэл Зөвлөлт-Оросын хөлбөмбөгчдийн дундаас алдарт хаалгач Лев Яшиныг зүй ёсоор нэрлэнэ. Харин Олон улсынхнаас бол мэдээж алдарт Пеле, Марадона хоёрыг л нэрлэнэ дээ” гэсэн байдаг. Тэгээд ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ удаагийн ДАШТ-ний өмнө өөрийн шүтээнүүд болох Пеле, Марадона нарыг эх орондоо урьж ирүүлэн хүндэтгэл үзүүлсэн билээ. Харин 1990 онд өөрийн агуу амьдралаас буцсан ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар, дэлхийн нэг номерын домогт хаалгач байсан Лев Яшиныг Бразилийн алдарт хөлбөгч, дэлхийн гурван удаагийн аварга домогт Пеле “Миний хамгийн сайн найз байсан. Мэдээж тэр бол дэлхийд домог болсон хамгийн гайхамшигтай хаалгач байсан даа” хэмээн дурссан байдаг.

 

Тэгвэл өнөөдөр ОХУ-д эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-нд өрсөлдөх дэлхийн 32 шигшээ багийн хаалгач нар дунд мэдээж Лев Яшинтай эн зэрэгцэхүйц, бүх талаараа өв тэгш хаалгач байхгүй юм. Учир нь энэ жил 40 нас хүрсэн Италийн шигшээ болон “Ювентус” клубын алдарт хаалгач, дэлхийд Лев Яшины дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг байсан, Ж.Буффон 2017 онд зодог тайлснаар өнөөдөр Лев, Яшин, Ж.Буффон нартай эн зэрэгцэх хаалгач байхгүй болоод байгаа билээ.

Ж.Буффоны хувьд 2006 онд ХБНГУ-д болсон ДАШТ-ний аваргын төлөөх тоглолтод Италийн шигшээ баг Францын багтай өрсөлдөж, торгуулийн цохилтоор аваргыг тодруулахад Францын хөл бөмбөгчдөд ямар ч найдлага үлдээлгүй цохилтуудыг нь хааж, Италийн шигшээг алдрын оргилд гаргаж байсан гавъяатан байсан.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Италийн шигшээ баг Шведийн багтай гоолгүй тэнцсэнээр ОХУ-д болох ДАШТ-д оролцох боломжгүй болж, алдарт Ж.Буффон замналаа дуусган, зодог тайлсан түүхтэй.

Ямартай ч өнөөдөр эхлэх энэ удаагийн ДАШТ-ний өмнөхөн хуучнаар ЗХУ-ын Социалист Хөдөлмөрийн баатар, дэлхийн домогт хаалгач Лев Яшины тухай уран сайхны кино эхнийхээ ангийг ОХУ-ын ард иргэдэд үзүүлсэн бол, бусад ангиудыг энэ удаагийн ДАШТ-ний үеэр болон ирэх есдүгээр сард бүтээн дэлгэцэнд гаргах нь тодорхой болжээ. Мэдээж Монголын хөл бөмбөг сонихогчид ч алдарт Лев Яшины тухай энэхүү уран сайхны киног хэзээ нэгэн өдөр шимтэн үзэх нь тодорхой юм.

Харин өнөөдөр эх орондоо эхлэх энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-д ОХУ-ын залуухан хөлбөмбөгчид ямархуу амжилт үзүүлэх нь өнөөдөр Москвад Суадын Арабын хөл бөмбөгчидтэй хэрхэн өрсөлдөхөөс тодорхой болох болов уу. Тэдний хувьд эх орон нэгтэй ард түмнээ баярлуулж, энэ удаагийн тэмцээнд амжилттай өрсөлдөн хэсгээсээ гарч чадвал цаашид итгэл найдвар нь сэргэн нэлээн ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлэх боломжтой болох билээ.

Монголын хөл бөмбөг сонирхогчид ч хойд хөрш ОХУ-д нэлээн олуулаа очиж ДАШТ-нийг дэргэдээс нь үзэхээс гадна, тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын шигшээ багийг ч дэмжих нь тодорхой. Учир нь саяхан БНХАУ-ын Шаньдун мужийн Циндао хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад ажиглагчаар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “БНХАУ-руу татах нефть дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулахыг дэмжинэ” хэмээн мэдэгдсэн нь Монголчуудын сэтгэлийг сэргээсэн мэдэгдэл болоод байгаа билээ. Мэдээж тэрхүү хоолойг эх нутгаараа дамжуулан тавиулж чадвал Монголчууд бидэнд эдийн засаг, санхүүгийн багагүй унац орж ирэх нь ч ойлгомжтой юм.

За ингээд өнөөдөр Москва хотод эхлэх ОХУ-Суадын Арабын шигшээ багуудын тоглолтыг шимтэн үзэцгээгээрэй, спортод тэр дундаа хөл бөмбөгт үнэхээр дур сонирхолтой Монголчууд аа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.