З.Нарантуяа: Эдгээр байгууллагуудыг IPO гаргаж, хувьчлах гэж байгаа бол эхлээд Хөрөнгийн биржээ ажиллагаанд оруулах ёстой...

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрхөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг ярилцсан билээ. Нэлээн асуудал дагуулж, зарим гишүүдийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан уг хуралдаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан. Эрх баригч МАН-ын зүгээс төрийн өмчит 27 компанийг хувьчлахаар болоод байгаа билээ.

Засгийн газраас оруулж ирсэн энэ асуудалд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудалд бид нухацтай хандах ёстой. Учир нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын төр хувьчлалаар юунд хүрсэн бэ гэдэгт нэг удаа дүгнэлт хийх цаг нь болсон. Төрийн өмчит компаниуд ялсан намын бялуу хуваадаг, сонгуулийн санхүүжилтээ босгодог л газрууд болсон. Хувьчлалыг ярих нь зөв ч бид нийтэд нь нэг зарчмаар хувьчлах нь буруу. Энэ асуудлаар ажлын хэсэг нухацтай ярилцах ёстой” хэмээн байр суурьтай илэрхийлсэн.

Тэгвэл УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлгийн гишүүн З.Нарантуяа дараах шүүмжлэлийг хэлсэн нь цагаа олсон үг байсан санагдсан. Ингээд түүний хэлсэн шүүмжлэлээс гол хэсгийг нь оруулж байна.

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд эргэж харах хэд хэдэн зүйл байна. Өнөөдрийн байдлаар 50 орчим төрийн өмчийн 100 хувь болон тодорхой оролцоотой компаниуд хөрөнгийн бирж дээр хувьцаат компани гээд бүртгэлтэй байгаа. Эдгээр компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид ямар ч үр дүн, өгөөж хүртэхгүй байгаа. Төрийн мажоритар хэсэг нь компани сайн удирдаж чадахгүй байгаа учир өгөөж нь иргэдэд очихгүй байгаа. Тиймээс өөрчлөлт шинэчлэлт хийх зарчим нь зөв. Гэхдээ УИХ-ын нэг тогтоолоор хувьчлах үндсэн чиглэл нэрээр 10 гаруй объектуудад ганцхан баримтлах зарчим, хэрэгжүүлэх хэлбэр гээд маш ерөнхий юм оруулж ирж байгаа нь учир дутагдалтай байна. Үүнийг ингэж хувьчилж болохгүй. Тиймээс уг асуудлыг буцаагаад, объект тус бүрт нь тохирсон цаашид баримтлах бусад хөгжлийн бодлогуудтай уялдуулж, ямар үр дүн хүсэн хүлээж байгаагаа маш сайн тооцоо, судалгаатай оруулж ирэх хэрэгтэй. 

Ардчилсан намын бүлгийн хурал дээр холбогдох байгууллагуудын тайлбарлаж байгаагаар бол үнэндээ хувьчлах асуудал дээр Засгийн газар нэгдмэл байр суурь, алсыг харсан дүн шинжилгээ судалгаа байхгүй байгаа юм билээ. Ийм түүхий байдлаар энэ том объектуудыг ингэж оруулж ирж байгаа нь үнэхээр хариуцлагагүй асуудал. Тухайлбал, Хөрөнгийн биржийн тухайд гэхэд л 21.3 тэрбум төгрөгийг Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу. Гэтэл ямар үр дүнд хүрсэн юм. Тус гэрээний үндсэн агуулга манай Хөрөнгийн биржийг бусад улсын хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөх тэр хэмжээнд хүргэж хөгжүүлээд, манайтай хамтарч бусад гадаад зах зээл рүү арилжаанд оролцох боломжийг хангах зэрэг маш олон том зорилтуудыг тавьсан хэлцэл. Гэтэл Эдийн засгийн байнгын хороо тэр хэлцлийн үр дүнг нэг авч хэлэлцэх хэрэгтэй байгаа юм. Бид манайд хөрөнгө оруулах гэж байгаа тэр хөрөнгө оруулагчдыг дагаж дэмжих, Ази талын Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах ёстой юм билээ.

Гэтэл бид Лондон тал руу явчихсан. Лондон гэхээр манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан Английн ямар ч компани алга. Тиймээс энэ асуудлыг цэгцлэхгүйгээр зүгээр л Лондонд өрөндөө тодорхой хэмжээг нь өгөөд, үлдсэн хэсгийг нь зарна гэж байгаа бол зүйгээр мөрөөдлийн жагсаалт шүү. Ийм хариуцлагагүй ажил байж таарахгүй. Эдгээр объектуудыг “IPO” гаргаж, Хөрөнгийн биржээр хувьчлах гэж байгаа бол эхлээд Хөрөнгийн биржийг ажиллагаанд оруулах ёстой. Үндэсний хэмжээнд өөрийнхөө үнэт цаасны компанийг бусдын жишгээр гадаад санхүүгийн зах зээлтэй холбох гол гүүр болох энэ байгууллагаа жаахан бодолтой хувьчлахгүй бол болохгүй” хэмээсэн шүүмжлэл хэлсэн юм. Түүний энэхүү шүүмжлэлийг Эдийн засгийн Байнгын хорооны олон гишүүн дэмжиж харагдсан. Ялангуяа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас эхлээд гишүүд дэмжиж байна лээ.

Засгийн газраас энэ онд хувьчлахаар яригдаж эхлээд байгаагаар бол “МИАТ”-ийн 49 хувь, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж 100 хувь, Монгол шуудан 10 хувь, Монголын цахилгаан холбоо 66 хувь, ХАА-н бирж, Мэдээлэл холбооны сүлжээ 49 хувиар хувьчлал явуулах санал оруулсан байгаа. Үндсэндээ эдгээр долоон компанийн хувьчлал ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Тухайлбал өнөөдрийн байдаар 325 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэгдэж байгаа Төрийн банкыг л гэхэд 75 тэрбум төгрөгөөр хувьчлахаар яригдаж эхлээд байгаа нь ихээхэн будлиан дагуулж мэдэхээр байгаа юм. Мэдээж Төрийн банкинд эзэн суухаар “Оффшор данс” эзэмшигч улстөрчид, томоохон баян компаний захирлууд, “Алтжин” групп, “Бөмбөгөр” Худалдааны төвийн эзэн Г.Алтангаас эхлээд гараа савчин, тун ч идэвхитэй өрсөлдөх мөнгөтэй товаришууд олон гарах нь тодорхой. Мэдээж одоохондоо төрийн эзэмшилд байгаа Төрийн банк хувьд шилжчихвэл тооцооноос гадуур нэлээн асуудал босч ирэх нь ч ойлгомжтой болоод явчихна. Ер нь ганцхан жилд энэ олон байгууллагыг хувьд шилжүүлэх асуудлыг маш сайн нягталж, “Учрыг нь олж, хужрыг нь тунгааж” байж хувьчлахгүй бол ч багагүй хэл ам, хэрүүл шуугиан дагуулах нь тодорхой л доо...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.