Б.Гангаамаа гавъяат хамгийн хэцүү “К-2” оргилыг зорино...

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гавъяат тамирчин Б.Гангаамаа Пакистан улсад сүндэрлэн байдаг, дэлхийн уулчдын зориг, зүрхийг шалгадаг, хамгийн эрсдэл өндөртэй “К2” оргилыг эзлэхээр маргааш эх орноосоо мордох гэж байна.

Сонирхуулахад дэлхийн уулчдыг соронздон татдаг ч, аврихад хамгийн хүндрэлтэй “К2” оргил нь далайн түвшнээс дээшээ 8611 метрийн өндөрт оршдог, агуу сүрлэг оргил ажээ.

Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа Пакистаны “К-2” ууланд авиралт хийхээр маргааш эх орноосоо мордох гэж байгаагийн нэг шалтгаан нь тэрбээр өмнө нь 2013 онд энэ оргилд дайралт хийсэн ч цаг агаарын байдлаас шалтгаалан авиралтаа дуусгаж амжаагүй буусантай холбоотой ажээ.

Энд сонирхуулахад алдарт “К-2” оргилд  Монгол Улсаас нэг ч уулчин мөрөө гаргаж байгаагүй юм.

Чогори буюу “К-2” оргил нь Пакистанд далайн түвшнээс дээш 8611 гаруй метрийн өндөрт оршдог алдарт Эверестийн дараа бичигддэг дэлхийн хамгийн өндөр уул аж. “К-2” оргилд гарахын тулд уулчид өндрийн эрсдэлээ маш сайн тооцоолж, бэлтгэл сургуулилтаа ихээхэн өндөр түвшинд хангаж байж авиралт хийх ёстой, дэлхийн хамгийн бэрхшээлтэй оргил юм. Мэдээж уулчин бүрийн хүсэл мөрөөдөл нь “К-2”-ын оргилд гарах байдаг гэлцдэг. Уулын спортын мастер, МУГТ Б.Гангаамаа энэ оргилд 2 дахь удаагаа авиралт хийхээр маргааш эх орноосоо мордох гэж байгаа учир өнөөдөр түүнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Хэлтсийн дарга нь хамт олонтойгоо хүлээн авч уулзан Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Б.Гангаамаа гавъяат “Анх 2005 онд дэлхийн дээвэр, ноён оргил Эверестэд манай улсын уулчид амжилттай авиралт хийж байсан. Харин 2006 онд миний тэргүүлсэн эмэгтэй уулчид Эверестэд дайралт хийж анхны оролдлого аяллаа дуусгаагүй юм. Харин 2011 онд дэлхийн дээвэр ноён оргил Эверестэд амжилттай авиралт хийж, Монгол Улсаас анхлан Эверестэд хөл тавьсан эмэгтэй уулчин болсондоо одоо ч баяртай явдаг” гэсэн юм.

Харин Биеийн тамир, спортын газрын хэлтсийн дарга Ц.Одонбаяр “МУГТ Б.Гангаамаагийн уулчин болох замнал 1989 онд буюу “Отгонтэнгэр” хайрханд амжилттай авиралт хийснээр эхэлсэн байдаг. “Монголын уулчдын үндэсний холбоо” ТББ 1955 онд үүсгэн байгуулагдаж байсан. Харин 1998 оноос хойш уулын спорт нь олон нийтэд өргөн хүрээнд түгэж эхэлсэн билээ.

Ингээд 2004 оноос хойш тэсрэлтийн жилүүд нь эхэлсэн гэж МУГТ, уулын спортын Б.Гангаамаа ярьж байхыг сонссон. Эверестийн дараа ордог “К-2” оргил нь уулчдын хувьд дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын 1-рт ордог билээ. Энэ жилийн хувьд Монголын уулчдын амжилт арвин байгаа” гэсэн бол Монголын Үндэсний уулчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч Ж.Баянцагаан “К-2” оргилд 1954 онд анх Италичууд амжилттай авиран мөрөө гаргаж байсан түүхтэй. Өнгөрсөн 60 гаруй жилийн түүхэнд манай гарагийн 290 хүн “К2” ууланд авирч оргилд нь гарсан баримт байдаг. Энэ оргилд хамгийн олон авиралт хийсэн нь ОХУ-ын уулчид байдаг юм билээ. Томоохон өндөрлөгт оршдог оргилуудад авиралт хийдэг уулчид Ширпа буюу туслахтай явдаг. Тэд бол уулчдын амь нас болон авч яваа бүх зүйлийг нь хариуцан ажилладаг мэргэжлийн талын хүмүүс байдаг. Улс орон бүрийн ууланд авирдаг улирал гэж байдаг. Монгол орны өндөрлөг ууланд ихэнхдээ 5-9 саруудад авирдаг. Эверестэд хавар 5, намар 10-р сард авирдаг. Гэхдээ намрын улиралд Эверестэд авиралт бараг хийдэггүй. Харин Африкийн Климанжарод нэгээс гуардугаар сарын хооронд авирдаг гэхчлэн тус тусын онцлогтой байдаг” гэлээ.

Ямартай ч Монгол Улсын гавъяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн хамгийн хэцүү оргил “К-2”-т мөрөө гаргахаар маргааш эх орноосоо мордох нь ээ. Түүнд спорт сонирхогчдынхоо өмнөөс их амжилт хүсч, “К-2”-ын оргилыг эзлээд эх орондоо сайхан мэдээтэй хүрэлцэн ирэхийн ерөөл өргөе...

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.