Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Увс, Хархоринд Олон улсын нисэх буудал байгуулна...

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь, Хөвсгөл, Ховд,Увс аймгууд болон Өвөрхангай аймгийн жуулчлалын гол бүс нутаг болсон Хархоринд Олон улсын нисэх буудал байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл болон, хил дамнасан бүсийн тухай шийдвэрийг батласан байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат дөнгөж саяхан мэдээлэл хийсэн юм.  

Тэрээр  цааш нь "Энэхүү бүсийг баталснаар аялал жуулчлалын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг урт, богино хугацаагаар тооцох, тухайн бүс нутагт тогтвортой хөгжлийг бий болгох боломж бий болно. Мөн тухайн бүс нутагт ажлын байр нэмэгдэхээс гадна энэ салбараас олох орлого Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох зорилтод хүрнэ. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдах юм. Энэ бүхний хүчинд Монгол Улс Зүүн Азийн аялал жуулчлалын томоохон бүс болох, хувийн болон, хөрөнгө оруулалт баталгаажна. БОАЖЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргана. Эхний ээлжинд эдгээр таван аймагт Олон улсын нисэх буудал байгуулахаар төлөвлөж байгаа болно" гэсэн юм.

Ямар ч гэсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсын ирээдүйг нэлээн сайн тооцоолж, Гзарын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Багануурт 700 МВт-ын цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа дутагдлыг засч сайжруулах, Монгол орныг бүсчилэн хэрсэн шинэ төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, баруун аймгууд руу чиглэсэн засмал замын томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх зэрэг томоохон ажлыг эрчимжүүлэх шийдвэрүүд гаргаж эхнээсээ ажилдаа ороод байгаа болно.

Харин Монгол Улсын хэмжээнд “Монголоо сонсъё” аяныг зохион байгуулсан УИХ дахь сөрөг хүчин АН ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, өнөөдрийн Засгийн газрын эхлүүлсэн эдгээр ажлуудыг зогсоочихгүй байгаасай билээ. Ер нь Монголын аль ч сонгуульд ялалт байгуулсан улстөрийн намууд, улстөрийн нөгөө хүчнийхээ эхлүүлсэн ажлуудыг гацаан зогсоож, өөрсдийнхөө ажлыг явуулаад байдаг тааруухан үзэл бодол, зорилго шийдвэрүүдээ эргэн харж, Монголынхоо төлөө ядаж л нэг ойролцоо үзэл баримтлалтай болж, сөрөг хүчнийхээ эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлээд явчихдаг болоосой билээ.

Хэрвээ тэгж чадвал Монгол Улс, Монголын ард түмэн л хожиж, улс орны маань ирээдүйн хувь заяа хөгжил цэцэглэлт рүү тэмүүлж, хүн ард бидний амьдрал ч баталгаажин, ядуурлаас салж, нийгмээрээ дундаж болон хангалуун амьдралд шилжих учиртай билээ. Тэгээд ч өчигдөрхөн УИХ-ын дарга М.Энхболд Ази, Номхон далайн орнуудын парламентын төлөөлөгчдөд зориулан мэндчилгээ дэвшүүлэхдээ “2030 он гэхэд Монгол Улс дундаж болон чинээлэг давхарга давамгайлсан орон болно” хэмээн мэдэгдсэн билээ. Харин үүнийг ажил хэрэг болгоход Монголын улстөрчдийн нэгдэл нягтрал, ухаалаг тууштай бодлого л хамгийн их үгүйлэгдэх нь ойлгомжтой юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.