УИХ-ын чуулганаар Д.Гантулгыг чөлөөллөө...

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцсон 11 гишүүдийн 90.9 хувийн саналаар УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхөөр болсон. 

Ингээд өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөх хүсэлтийг хэлэлцээд, нууцаар санал хураахад чуулганд оролцсон 63 гишүүний 50 нь буюу 83.3 хувь нь "УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх нь зүйтэй" хэмээн дэмжиж, тогтоолын төслийг батлалаа.

Иргэн Д.Гантулга Төрийн далбаандаа мөргөөд, УИХ-ын даргатай гар барин чуулганы танхимаас гарлаа.

Одоо түүний оронд нөхөн сонгууль хэрхэн явагдах бол, хэн суух бол гэсэн асуудал яригдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлд УИХ-ын гишүүний орон гарсан суудлыг нөхөх болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох тухай заажээ. Тухайлбал, энэ  хуулийн: 

-52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна.

-52.3.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр УИХ-ын  гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна.

-52.5.Нөхөн сонгууль явуулахад сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 25 хоногийн өмнө, тойргийн хороог 20 хоногийн өмнө, салбар хороог 17 хоногийн өмнө, хэсгийн хороог 15 хоногийн өмнө тус тус байгуулах;

-52.5.2.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхэлж, тав хоногийн хугацаанд дуусгах;

-52.7.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж заасан байна.

Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд заасны  дагуу УИХ-ын нөхөн сонгуулийг 14 хоногийн дотор зарлахаар болж байна.

Харин олон нийтийн зүгээс “Д.Мурат 25-нд цалингаа авчихаад өргөдлөө өгнө гэсэн” хошин яриа бараг л батлагдахгүй болов уу. Учир нь УИХ дахь АН-ын Бүлэг нь Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын дарга С.Эрдэнэ, хамгийн олон удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Лу.Болд, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, хамгийн идэвхтэй гишүүн Ж.Батзандан, УИХ-д анхлан сонгогдсон Б.Пүрэвдорж, Д.Мурат, гайгүй сайн эдийн засагч гэгддэг З.Нарантуяа болон хамгийн их хурлаа тасалдаг Б.Наранхүү гэсэн есхөн гишүүнээс бүрэлдэж, сөрөг хүчин болдог тул нэг гишүүнээ тавин тууж, сөрөг хүчнийхээ байр суурийг алдахыг хүсэхгүй нь тодорхой.

Тэгээд ч Д.Мураттай шалдан нүцгэн зургийн талаар заргалдаж, эцэстээ түүнд зодуулсан гэх Б.Бахытгүл бүсгүй Д.Муратаас 60 сая төгрөг аваад хаашаа ч юм алга болчихсон гэгдээд байгаа нь үнэн бол Д.Муратын асуудал хууль, шүүх дээр замхран алга болох болов уу.

Ямартай ч Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчиндсэн гэх хэрэгт орооцолдоод байгаа Д.Гантулга ийнхүү өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, хэргээ шалгуулж, үнэн зөвийг олохоор иргэн Д.Гантулга боллоо.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.