Тэвчээр

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

...Гомдсондоо юу юугүй уйлчих гээд дотроо мэгшээд байгаа хэрнээ гадагшаа гаргалгүй тэсч буруу харна. Хорссондоо юу юугүй хараал зүхлийн үгс аман дээр гарч ирээд байгаа хэрнээ гадагш нь гаргалгүй тэсч залгилна. Зэвүүцсэндээ юу юугүй улаан нүүр рүү нь цохиод авмаар санагдах хэрнээ нэг гараараа нөгөө гараа атгаж тэсч өнгөрөөнө. Дургүйцсэндээ юу юугүй түүний өөдөөс орилж хашгирмаар байх хэрнээ тэсч юу ч болоогүй юм шиг тайван байж харагдахыг хичээнэ. Заримдаа бид хэнд ч юунд ч юм уурлаж бухимдаж, гомдож цөхөрч, дургүйцэн зэвүүцэх үед сэтгэл дотор нь хуй салхи оволзож, бараан үүлс хуралдаж, дуу цахилгаантай аадар асгардаг. Амьдрал тэр чигээрээ бараан өтгөн манан дунд хучигдаж, үүлний чанад дахь нарны зурвас гэрэл харагдахаа больж, тэр жихүүцэм хүйтэн ертөнцөд даарч жинддэг. Хэзээ ч нарны сацрагийг харахгүй юм шиг, шувуудын хөгжилтэй жиргээг сонсохгүй юм шиг, мяралзан жирэлзэн урсах голын уснаас алгаараа атган ууж чадахгүй юм шиг айдас төрж, тэвддэг. Гэхдээ зөвхөн таны сэтгэл дотор шүү дээ. 

Ийм бачимхан давчүү, тэвдүү айдастай үеийг тэсч тэвчээд гарсныхаа төлөө хүмүүс амьдралдаа цөөхөн харамсдаг. Тэр л оволзсон хуй салхи шиг айдас, түгшүүртэй үе өнгөрч, сэтгэл дотор нар тусах үед "Би яаж тэр үед тэвчээд гарч чадав аа" хэмээн өөртөө баярлаж, талархан шивнэх үе зөндөө. Амнаас гарсан болчимгүй үгс, адгасандаа гаргасан муухай үйлдлийг хэн ч эргүүлж, буцааж чаддаггүй. Дараа нь хичнээн гэмшиж "намайг уучлаарай, би уурандаа болоод тэгчихжээ" гэж учирлаад ч, тэр хүний сэтгэлд шигдэж, үе үехэн хөндүүрлэн өвтгөх өргөсийг сугалж, хаяж чадахгүй. Харин сэтгэл дотор хатгаж өвтгөж байсан муу муухай бодлуудыг дотроосоо илэрхийлж гаргаагүй бол, хэн ч түүнийг тань сонсоогүй, мэдрээгүй болохоор таны сэтгэлд хичнээн өег гээч. Дотроо "хэрэлдэж", "харааж зүхэж" байсан тэр хүнтэйгээ учраа ололцон, тайтгарах мөчдөө "миний бодол болгон туйлын зөв биш юм байна шүү дээ" хэмээн ухаарч гэмшдэг. Хүмүүс бид бусдын тухай бодлоо заавал өөрийнхөөрөө өөртөө "зөвтгөж" бодоод байдагт л алдааны учиг нь оршдог. Сайн талаас нь хараад, уучлах шалтгийг сэтгэлдээ хайж олоод байж чаддаг бол та хүнтэй муудалцахгүй дээ. Хэн нэгнийг буруутгаж бодоод, үзэн ядаж хорсоод, "дөнгөчих юм сан" гэж шүд зуугаад байх нь танд зовлонгоос өөр юуг ч авчирч өгөхгүй. 

Амьдрал дандаа хүмүүсийн тэвчээрийг шалгаж байдаг. Хүнд хэцүү үе тохиолдоход, "дараа нь заавал нар гарч л таарна шүү дээ" гэж бодоход, тайтгарна. "Зовсны эцэст, жаргаж", "Өвдсөний эцэст эдгэрдэг" тавилан нь хүмүүсийн тэвчээрийн сайн үр дүн. Хайртай хүнээ сэтгэлдээ хайрлаж, хүлээж, тэвчих нь тийм ч хэцүү биш, сэтгэлд дандаа гэрэлтэж байдаг инээмсэглэл дагуулсан жаргал. Хайртай хүүгээ ухаан суухыг нь хүлээж тэвчих нь тийм ч бачимдмаар зүйл бас биш, учир нь тэр бол таны үргэлжлэл. Та өөрийгөө сайн хүн гэж бодож байгаа л бол таны хүү хэзээ нэгэн цагт сайн хүн болно, эргэлзэх хэрэггүй. Найзалж дотноссон хүмүүсийнхээ гомдоож бухимдуулах араншиг тэвчиж хүлээх нь тийм ч цөхөрмөөр зүйл биш, тэр бол таны сонголт. Эргэн тойронд байгаа хүмүүсийн гаргаж байгаа элдэв сайн муу үйлдлүүдийг хүлцэж тэвчих нь тийм ч гутамшигтай зүйл биш. Хэрвээ та өөрийгөө тэднээс "илүү ухаантай" гэж бодож байгаа бол, бусдын гэмийг уучилж чадах ёстой. Эс чадвал та тэднээс юугаараа ялгаатай гэж? Амьдралд учрах доромжлолыг тэвчиж, магтаалыг тэвчиж гарахаас өөр сонголт үгүй, учир нь та амьдрах ёстой. Амиа хорлолтой биш болохоор. 

Тэнгэрт хуралдсан бараан үүлс аядуухан салхины аясаар сарниж, тэр чөлөөгөөр нь нарны нүд гялбам хурц гэрэл сацрах нь ямар гайхамшигтай сайхан гээч. Яг түүн шиг бусдын сэтгэлд үргэлж гэрэл гэгээ болон сацарч байх нь зүйрлэшгүй сайхан. Бусдын сайхан сэтгэл рүү бохир угаадас цацаагүйнхээ төлөө хүмүүс бие биедээ, бас өөртөө ямагт талархаж явдаг. Жаахан тэвчээд өнгөрөхөд л болоо. Муу хорсолтой бодлоо сэтгэлээсээ зайлуулан байж, хорон муу үгсээ цааш нь залгилан байж, муу үйлдлийн эсрэг нэг гараа нөгөө гараараа атган байж тэвчих нь танд хэзээ ч муу үйлийг авч ирдэггүй. Уг нь байна шүү дээ. Сайтар анзаараад тунгаах юм бол, бидний санаа сэтгэл ямар байхаас үл хамааран алтан нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэж, голын ус урсдгаараа л урсана. Тэгэхээр бид юундаа л гутарч гуниж, юундаа ч хорсож бухимдах билээ. 

"ТЭВЧ, ИТГЭ, ХҮЛЭЭ ТЭГВЭЛ ЧИ ЯЛНА" гэдэг сайхан уриа бий. Бид бие бие рүүгээ хараад инээмсэглэх тийм ч хэцүү биш дээ. 

Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.