Ч.Саранзаяа Д.Гантулгыг гүтгэж 150 сая төгрөг нэхсэн нь үнэн бол тэр өөрөө буруутан болно...

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

2017 оны зургаадугаар сарын 12-ноос хүчингийн хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудал Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш үргэлжилсээр байгаа бол харин бас л нэг Б.Бахытгүл гэх бүсгүйтэй шалдан нүцгэн зургийн хэрэгт орооцолдож, эцэст нь өнөөх бүсгүйгээ зодож нүдсэн хэрэгт хутгалдсан Д.Мурат гишүүний хэрэгт Д.Майцэцэг сэтгүүлчийг буруутгаж, Эрүүгийн хэрэг үүсгэчихээд байгаа билээ. Ямартай ч эцэс төгсгөлгүй, үнэн худал нь үл мэдэгдэх эдгээр хэргүүд нэг тийш болоход алхам ойртоод байгаа юм.

Учир нь энэ УИХ-д Хэнтийгээс сонгогдсон хамгийн залуу гишүүн болох Д.Гантулга хоёрхон хоногийн өмнө УИХ-ын гишүүнээс татгалзаж, хууль шүүхээр явж “Буруугүй гэдгээ нотлох”-оор өргөдлөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьчихсан. Харин өнөөх Б.Бахытгүл бүсгүйтэй учир жанцантай Д.Мурат нь чимээгүйхэн л суугаа. Тэгээд ч түүнээс 60 сая төгрөг салгаж авсан гэх Б.Бахытгүл нь хаашаа ч юм, сураггүй алга болчихсон гэгдээд байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүнээс огцрох өргөдлөө өргөн барьчихаад байгаа Д.Гантулга гишүүний хэрэгтэй холбоотой нэгэн ноцтой мэдээллийг н.Галбадрах гэгч нөхөр АТГ-т өргөн мэдүүлснээр 2017 оны зургаадугаар сарын 11-нд Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяа бүсгүйн төрсөн эгч Ч.Саранзаяа нь АТГ-т шалгагдаж эхлээд байгаа юм. 

Учир нь Ч.Саранзаяа гэгч нь Д.Гантулга гишүүнийг санаатайгаөр гүтгэж, захиалагчаасаа 150 сая төгрөг авахаар тохиролцсон гэх асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Ингэхээр уржигдар оройхон л Ч.Саранзаяа, Ч.Наранзаяа болон эхнэрээсээ уучлал эрж, нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн зогсож байсан Д.Гантулга гишүүн магадгүй буруугүй нь тогтоогдож, Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгууль болохгүй ч байж магадгүй болоод явчихаж байгаа гэсэн үг юм. Уг нь Д.Гантулга Эрүүгийн хэрэгтэн болж, дээлээ нөмөрснөөр Хэнтийд УИХ-ын нөхөн сонгууль болж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Хэнтий аймгийн өмнөх Засаг дарга асан Ж.Оюунбаатар нар дахин сонгуульд өрсөлдөнө хэмээн яригдаж эхлээд байсан ч өчигдөрхөн болсон УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би Хэнтийд нэр дэвшихгүй, нөхөн сонгуульд оролцохгүй” хэмээсэн байсан. Мөн тэрээр Бүлгийнхээ хурлын дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ам зөрөлдөөд авсан байна лээ. За тэр ч яахав.

Харин Д.Гантулгын эргэн тойронд өрнөсөн үйл явдлуудаас тоймловол түүнд хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяа нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр өөрийн гараар бичиж, Цагдаагийн газарт өгсөн өргөдөлд “Чантуу овогтой Наранзаяа миний бие 2017.06.12-нд гаргасан өргөдлөө буцаан татаж байна. Уг өргөдлийг гаргах болсон шалтгаан нь харилцаа хоорондын үл ойлголцлоос үүдэн хүчиндсэн гэсэн гомдол гаргасан бөгөөд бид хоёрын хооронд ямар нэг харилцаа байгаагүй, уг гомдол саналыг хасч өгч туслана уу” гэсэн мөрүүд дурайж, нэг хэсэг л дуулиан үүсгээд байсан нь одоогоор бүр ч тодорхой болж, түүний эгч нь дүүгийнхээ нэрийг ашиглан ашиг хонжоо олох зорилгоор Д.Гантулгаас ихээхэн мөнгө нэхэмжилж байсан нь тодорхой болж ч байх шиг.

Ч.Наранзаяаг хүчиндсэн хэрэгт нэр нь холбогдсон Д.Гантулга гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би 2017 оны зургадугаар сарын 11-ний орой “Энканто таун”-ы саунд найзуудтайгаа байсан. Орой нь үргэлжлүүлээд иргэн Ц-гийн гэрт байсан. Маргааш өглөө нь би шууд гараад явсан” гэсэн байдаг. Түүний нэрийг нь дурдсан иргэн Ц гэгч нь Б.Цэрмаа бөгөөд тэрээр Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын охин гэдэг.

Тэрбээр Монголын хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр бид нар залуу хүмүүс шүү дээ. Залуу хүмүүс хоорондоо уулзаад л инээж хөхрөөд байж байсан. Дэлхийн ертөнц дээр байдаг л асуудал. Найзууд хоорондоо уулзана, ажил хэрэг ярина. Ингээд бүгдээрээ манайд очсон. Уулзалтад Ч.Саранзаяа, Ч.Наранзаяа нар байсан. Бид гурав байр түрээслэж амьдардаг. Би Ч.Саранзаяаг бүтэн арван жил буруу хазайчих вий гэж бүх зүйлд нь хамт байсан нь үнэн. Тэр миний найз л даа. Ч.Саранзаяа уулзаагүй гэж яриад байгаа. Хамт уулзаж байсан өөр сэтгүүлч ч байгаа. Харин Ч.Наранзаяа бол ерөнхийдөө чимээгүй л байж байдаг. Олон таван үггүй. Гэхдээ нэг асуудал ярьсан. Эгч ээ болчихооч гэж Ч.Саранзаяад хэлсэн. Энэ асуудлыг ярихгүй, дуугүй л байя гэж. Ч.Саранзаяа гэдэг хүнд өнөөдрийн нөхцөлд ижий аав, нутаг орон нь хэрэггүй юм байна. Найз нөхөд нь хэрэггүй юм байна. Бүр төрсөн дүү нь ч хэрэггүй юм байна. Би ингэж ойлгож байна. Учир нь энэ хүн өөрт байсан бүхнээрээ саяын сонгуульд дэнчин тавьж орж байсан л даа. АН-аас 150 сая төгрөг авсан гэсэн баримт нь байна. Надад гэрч нь байна. Миний ижий аав, дүү нар минь үнэхээр уучлаарай. Би ч гэсэн хайртай хүмүүстэй. Ч.Саранзаяа ч уучлаарай. Би чиний үнэн мөнийг гаргаж тавихаас өөр аргагүй боллоо. Чиний энэ бүх худлаа үгэнд чинь, худлаа зүйлсэд чинь олон залуучууд үрэгдэх гээд байна. Эхнээсээ үрэгдээд байна. Би мессежээр зөндөө хэлсэн. Миний найз одоо болио гэсэн. Намайг ерөөсөө ойлгоогүй” гэсэн байдаг.

Өөр нэг анхаарал татаж байгаа зүйл нь тэр их мөнгө. Ардчилсан нам Ч.Саранзаяад 150 сая төгрөг өгсөн баримт нь байгаа гэж хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын охин Б.Цэрмаа хэлсэн байгаа. Яасан гэж Ардчилсан нам Ч.Саранзаяад 150 сая төгрөг өгсөн хэрэг вэ. Ардчилсан нам энэ хэрэгт ямар ч буруугүй мөртлөө 150 сая төгрөг өгч байгаа нь маш том хардлагыг төрүүлэх нь мэдээж. Тэгвэл энэ хэрэг анхнаасаа улс төрийн зорилготой хийгдсэн юм биш байгаа. Мөн Ч.Саранзаяа өөрөө ярихдаа “УИХ-ын гишүүн Д.Гантулга 20 сая төгрөг өгсөн. Түүнийгээ ирж ав гэсэн боловч аваагүй болохоор нь би тэр мөнгөөр нь өмгөөлөгч авах, хуулийн байгууллагаар явах гэх мэт ажлуудад зарцуулаад явж байна” гэсэн байдаг. Ингэж хэлчихээд дараа нь мэдээлийн сайтад ярилцлага өгөхдөө “Эхлээд хоёр саяыг өгсөн. Дараа нь орж ирэхдээ хоёр саяыг өгсөн. Тэгээд 16-г нэмж өгсөн. Ингээд нийлээд 20 сая болсон” гэсэн байсан. Энэ мэтчилэн  дүүгийнхээ өмнөөс хэвлэлд ярилцлага өгч, дүүгийнхээ өмнөөс мөнгө авч авсан мөнгөө зарлагадаж явсан Ч.Саранзаяа өнөөдөр АТГ-т байцаагдаад явж байна.

Тэгээд ч эцсийн эцэст уржигдар оройхон Д.Гантулгын сэтгүүлчдэд хандан “Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүй гэдгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг би ч, та ч, Монголын ард түмний маань нэгээхэн хэсэг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхэн гэмт үйлдэл байгаагүй, улс төр байсан гэдгийг ойлгох тэр өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Тиймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байна. УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулга миний бие залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж, ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Намайг дэмждэг үе тэнгийнхээ найз нөхөд, хамт олноосоо энэ бүх давааг давж чадахгүй энд хүрч байгаадаа хүлцэл өчье. Итгэж төлөөлөгчөө болгосон хан Хэнтий нутгийнхаа сонгогчдодоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олон, намын гишүүд дэмжигчид, хууль батлалцаж байсан танхимынхаа гишүүдээс хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдож, хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, н.Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа илэрхийлье. Залуу улстөрчийн хувьд ихийг хийнэ гэсэн итгэл, зүтгэлээ харуулж чадаагүй, харуулахыг хүсэж байсан ч чадаагүйдээ харамсаж байна" хэмээсэн үгс нь нотлогдож, түүний эсрэг жил гаруй дайрсан Ч.Саранзаяа нь эцэстээ буруутаад явчихдаг юм биш байгаа даа.

Ямартай ч хүчиндэгч гэх Д.Гантулга болон, дүүгээ хүчиндүүлсэн хэмээн дуулиан үүсгээд байсан Ч.Саранзаяа нар нь АТГ-ын үүдийг ээлжлэн сахиж, хэн нь худлаа ярьж, дуулиан үүсгээд байсан болон, хэн нь үнэн зөв яриад явсан нь удахгүй тодорхой болж, нэгэн дуулиант хэрэг учир зүйгээ олох болов уу. Харин тэр үед хэн нь “Дээлээ толгой дээгүүрээ нөмрөх”-ийг та бид харах байх аа даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (66.181.178.103) 2018-06-14 08:43
      • 0
      • 1

      Женкогийн захиалгат ажил.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.10) 2018-06-13 11:13
      • 0
      • 2

      Энэ үнэн бол монгол залуус ялангуяа бүсгүйчүүл мөн ч буруу болж байгаа юм байна. АН аймаар юм байна. Гэхдээ хууль хяналт үнэн мөнийг олох байлгүй дээ

      Хариулах