Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчдийг өнөөдөр хөдөөгөөр аялуулна...

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын өчигдрийн үдээс хойшхи зөвлөгөөн “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвүүдээр үргэлжилсэн билээ.

Зөвлөгөөний гурав дахь хэсэг “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” сэдвийн дор явагдаж, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг, Япон Улсын парламентын гишүүн Карен Макишима болон Бүгд Найрамдах Филиппин Улсын парламентын гишүүн Шарон Гарин нар илтгэв тавьсан.

Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг илтгэлдээ, “Эмэгтэйчүүд, залуучуудын улс төр дэх оролцоо шат шатны бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний нөлөөлөл нь яагаад эерэг байдаг тухай”-д дэлгэрэнгүй дурдсан юм.

Олон улсын парламентын гишүүдийн сонирхлыг багагүй татсан түүний илтгэлээс чухалчивал  “Азийн орнуудын онцлогийг харахад эмэгтэйчүүдийн хувьд “Уламжлал” нэртэй “Патриарх” буюу “Эцгийн эрхт” үзлийн үүднээс дэмжлэг сул байх хандлага нийтлэг байдаг. Энэ үзэл нь хэдийгээр зарим орны соёлын нэгээхэн хэсэг боловч нийгэмд хөгжлийг урагшлуулахад хүний нөөцийн чадавхаа бүрэн ашиглаж чадахгүй байх сул талтай. Мэдлэгжсэн, туршлагажсан бололцоот хүний нөөцийн чадавхаа зөвхөн хүйсийн байдлаас нь болж нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулах боломжийг нь хааж буй байдал бол тухайн орны эрх ашигт сөргөөр нөлөөлж байдгйиг анхаарах цаг болсон.

Эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан ууч нинжин сэтгэл, гярхай ажиллагаа, гоозүйн мэдрэмж нь бодлогын судалгаа, бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Авлигад өртөх, хууль зөрчих зэрэг бусармаг үйл явдлуудад эмэгтэйчүүд бага өртдөгийг судлаачид тогтоосон бөгөөд энэ талаар ч тодорхой дүгнэлтүүд байдаг.

Залуучуудын улс төрийн манлайллын талаарх дэлхий нийтийн ойлголт сүүлийн жилүүдэд огцом өөрчлөгдөж байна. Олон улсын түвшинд өндөр түвшний манлайллын нэн харицлагатай байрлалд залуучууд олноор орж ирэх болсон нь цаг үеийн онцлог болж байна. Технологид суурилсан, мэдлэгийн эдийн засагт түшиглэсэн нийгмийн сүлжээ, харилцаа, харилцан хамаарал бүхий эдийн засгийн модель нь зөвхөн энэ цаг үеийн онцлогийг мэдэрсэн энэ цаг үеийн бүтээгдэхүүн болсон залуусын гарт бизнес, улс төр, нийгмийн талбарт залуус манлайлах боломжийг илүү ихээр олгож байна. “Элэн Маск, Марк Зукерберг болон Гүүгл, Үбер, Амазон, Алибаба” зэрэг онлайн платформд суурилсан бизнес нь энэхүү цаг үеийн онцлогийг агуулсан ирээдүйн цахим эдийн засгийн суурь болж байна. Цахим мөнгө, крипто карренси зэрэг санхүү гүйлгээний шинэ шинэ системүүд үеэ өнгөрөөсөн, зардал өндөртэй тогтолцоог бүхэлд нь халах соёлын давалгаа дэлхий даяар өрнөж байна. Энэ цаг үеийг мэдэрсэн, энэ цаг үеэр хүмүүжсэн технологийн мэдлэгээр зэвсэглэсэн залуусын дэлхийн нийгэм эдийн засагт нөлөөлөх шалтгаант нөхцөл ийнхүү нэмэгдсээр. Энэ хэрээр зөвхөн бизнес төдийгүй, бодлого боловсруулах шийдвэр гаргах түвшинд залуучууд идэвхтэй оролцох шаардлага бий болж байгаа юм.

Олон жилийн улс төрийн зөрчилд автагдаагүй улс төрийн хувьд хэн нэгнээс хамааралтай буюу хэт туйлшраагүй өндөр боловсрол тодорхой туршлагатай, цаг үеийнхээ хөгжлийн зураглалыг ойлгодог үнэт зүйлтэй, түүнээс хазайдаггүй залуусыг улс төрийн нам харгалзахгүй, хөрөнгө санхүүгээр нь боомлихгүйгээр нийгмийн хариуцлагатай түвшинд сонгох, томилох, ажиллуулах нь Монголын улс төрд эерэг нөлөөлөл авч ирэх хамгийн чухал арга зам байх болно. Монгол Улсад аливаа төрлийн ялгаварлал, түүний дотор эмэгтэйчүүд, залуучуудын нийгэмд оролцох, манлайлах, баялаг бүтээх боломжийг хязгаарлах ёсгүй.

Иймд улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжих нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчрах бөгөөд энэ чиглэлээр тогтвортой дэмжлэг үзүүлэн ажиллах нь Монголын улс төрийн төлөвшилд сайн жишиг болно гэдэгт эргэлзэхүй байна” хэмээсэн юм. Түүний илтгэлийг сонссон Ази, Номхойн далайн 13 орны парламентын гишүүд ихэд талархалтайгаар хүлээн авч, удтал алга ташин баяр хүргэсэн юм.


Зөвлөгөөний дөрөв дэх хэсгийг Бутаны Вант Улсын парламентын гишүүн ноён Дуптоб даргалж, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга хатагтай А.Ундраа болон Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын парламентын гишүүд илтгэл тавьсан юм.

Ази, Номхон далайн орнуудын парламентын гишүүд оролцож байгаа албан ёсны уулзалт, зөвлөгөөн өчигдөр өндөрлөсөн тул Монголд ирсэн гадны төлөөлөгчдийг өнөөдөр Төв аймагт зочлуулж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, төрөх тасаг, эх нярайн зайн оношлогооны төслийн үйл ажиллагаатай танилцуулж, үдийнх нь хоолыг хөдөөгийн цэнгэг агаарт идүүлэхээр болсоныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас танилцуулсан юм. Ингэхээр өнөөдөр албан ёсны үйл ажиллагаа байхгүй бөгөөд Ази, Номхон далайн орнуудын парламентын гишүүд Төв аймагт зочилж, "Өндөр дов" жуулчны баазад өдрийн амралтаа эдлэх болов уу. Тэгээд ч тун удахгүй Ази, Номхон далайн орнуудын парламентын гишүүдийг буудалласан буудлуудаас нь суулгасан автобус, албаны машинууд хөдөө орон нутгийг зорих нь тодорхой...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.