Бразил, Мексик, Перу, Испанийн баг ОХУ-д хүрэлцэн ирлээ

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 18:34 цагт
Мэдээний зураг,

БРАЗИЛИЙН ШИГШЭЭ БАГ ОРОС УЛСАД ИРЛЭЭ

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-д оролцох 32 багийн түрүүч ОХУ-д газардсаар байна. Бразилийн шигшээ баг Орос улсад буусан байна.

Дэлхийн 5 удаагийн аварга, Алтан дагинагийг үүрд хадгалагч Бразилийн шигшээ баг 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Орос улсад ирлээ. Өнгөрсөн оны 3-р сарын 27-нд дэлхийн аваргын төлөө өрсөлдөх 31 багаасаа түрүүлж, эрхээ авсан Бразилчууд 2002 оноос хойш өргөөгүй байгаа дэлхийн аваргын түрүүгээ авахаар манай хойд хөршид газардсан бөгөөд Неймар Коутиньо, Фирмино, Виллиан тэргүүтэй Бразилчууд 2014 оны өвлийн олимпийн хот болсон Сочи хотноо дэлхийн аваргын бэлтгэлээ эхлүүлнэ. Бразилийн шигшээ баг дэлхийн аваргын сонгон шалгаруулалтанд бүсдээ 18 тоглолтыг хийснээс 12 ялалт байгуулж, 41 оноотойгоор бусад багуудаа тэргүүлж, энэ удаагийн дэлхийн аваргын Е хэсэгт багтаад байгаа билээ. Е хэсэгт Бразилчууд Швейцарь, Косто Рико, Сербийн шигшээ багуудтай өрсөлдөх бөгөөд хэсгээсээ төвөггүйхэн гарах нь тодорхой юм. Бразилийн шигшээ эхний тоглолтоо Ростов хотноо Швейцарийн эсрэг 6-р сарын 17-нд хийнэ.

МЕКСИКИЙН ШИГШЭЭ БАГ МОСКВАД БУУЛАА

Хөлбөмбөгийн ДАШТ-д Хойд болон Төв Америкийн бүсээс оролцох эрхээ авсан Мексикийн шигшээ баг Орос улсад очлоо. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргасан чансаагаар Мексикийн шигшээ 15-д бичигдэж байгаа юм.

Дасгалжуулагч Хуан Карлос Осориогоор удирдуулсан Мексикийн шигшээ баг дэлхийн аваргад 16 дахь удаагаа өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Дэлхийн чансааны 15-т эрэмбэтэй Мексикийн шигшээ баг дэлхийн аваргын эрхээ авсан 4 дэх баг байсан бөгөөд 2017 оны 9-р сарын 1-ны өдөр Оросыг зорих тасалбараа авч байлаа. CONCACAF буюу Хойд Америкийн бүсэд АНУ, Тринидад ба Тобаго, Гондурас, Коста-Рика болон Панамын багуудтай өрсөлдөн 6 хожиж, 3 тэнцэн ердөө 1 хожигдсон. Тэднийг хожсон ганц баг бол Гондурас улсын шигшээ баг юм. Гэхдээ Мексикчүүд нэгэнтээ эрхээ аваад байсан бөгөөд сонгон шалгаруулалтын сүүлчийн тоглолт нь байсан. Мексикчүүд ганц хожигдсон ч бүсээ 21 онооны илт тасархай тэргүүлсэн. 1970 оны дэлхийн аваргыг зохион байгуулагч Мексикийн шигшээ баг Ф хэсэгт Герман, Швед болон Өмнөд Солонгосын шигшээ багууд багтсан. тэд эхний тоглолтоо 6-р сарын 17-нд Лужник цэнгэлдэх хүрээлэнд Германы шигшээ багийн эсрэг хийнэ.

ПЕРУГИЙН ШИГШЭЭ БАГ МАНАЙ УЛСЫН ХОЙД ХӨРШИД ИРЛЭЭ

Перугийн шигшээ баг манай улсын хойд хөршид ирлээ. 21 дэх удаагийн ДАШТ-д Перугийн шигшээ баг С хэсэгт багтсан байгаа юм.

Альберто Родригес ахлагчтай Перугийн шигшээ баг Шеремьетиево олон улсын онгоцны буудалд даваа гаригт газардаж, дэлхийн аваргаа эхлүүлэх бэлтгэл сургуулилтандаа оржээ. дэлхийн чансааны 11-т бичигдэх болсон тэд дэлхийн аваргад 1970, 1978, 1982 онуудад оролцож байсан юм. Перугийн шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс Бразил, Уругвай, Аргентин, Колумбын араас таваар гарсан. Чилийн шигшээтэй оноо тэнцсэн бөгөөд +1 гоолоор плэй-оффын нэмэлт тоглолтонд оролцох эрх авсан. Ингээд нэмэлт тоглолтоо Далайн орнуудын бүсийн Шинэ Зеландын шигшээ багтай хийж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-0 харьцаатай хожиж 36 жилийн дараа буюу 1982 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон. Өмнөд Америкийн бүсээс Бразил, Уругвай, Аргентин, Колумбын араас тав дах эрхээр Оросыг зорих тасалбараа авсан тэд ДАШТ-ний С хэсэгт Франц, Австрали болон Данийн шигшээ багуудтай багтсан. Хэсгийн эхний тоглолтоо Данийн шигшээ багтай хийнэ. энэ тоглолт Саранскийн Мордовиа цэнгэлдэх хүрээлэнд бямба гаригт болно.

ИСПАНИЙ ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ БЭЛТГЭЛЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Испаний шигшээ баг бэлтгэлээ эхлүүллээ. Тэд энэ удаагийн ДАШТ-ий “В” хэсэгт Португал, Морокко, Ираны багуудтай учраа таараад байгаа юм.

2010 оны дэлхийн аварга Испаний шигшээ баг дэлхийн аваргын бэлтгэлдээ гарсан байна. Ялагдашгүй Армадачууд баасан гаригт эхний тоглолтоо Европын аварга Португалийн шигшээ багийн эсрэг хийнэ. дэлхийн шилдгүүдийн тулаан Сочи хотын Фишт цэнгэлдэх цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд 41220 үзэгчийн багтаамжтай энэхүү цэнгэлдэх хүрээлэнг дэлхийн аваргад зориулж, 48 мянган хөгжөөн дэмжигч орохоор болгож, зассан билээ. В хэсэгт өрсөлдөж байгаа Испаний шигшээ баг Португалиас гадна Морокко Ираны шигшээ багуудтай өрсөлдөнө.

Испаний шигшээ баг дэлхийн аваргын эрхээ авсан 10 дахь баг болж байсан бөгөөд 2017 оны 10-р сарын 6-нд Оросын зорих тасалбараа авсан. Тэд Европын бүсийн Ж хэсэгт өрсөлдөж, 28 оноотой хэсгээ тэргүүлсэн юм. Тэд 15 дахь удаагаа  дэлхийн аваргад өрсөлдөхөөр болоод байгаа бөгөөд 2014 онд В хэсэгт өрсөлдсөн ч, хэсгээсээ гарч чадаагүй юм. дэлхийн аваргад Испаний шигшээ баг Реал Мадрид багаас хамгийн олон тоглогч байгаа бөгөөд Испаний эзэн хааны багаас 6 тоглогч багтсан байна. Тэдний ард Барселона, Атлетико Мадрид багаас 3 тоглогч багтжээ. Мөн Японы Виссел Кобе багаас хагас хамгаалагч Андрьес Иньеста дэлхийн аваргын бүрэлдэхүүнд сонгогдоод байгаа билээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.