Дэлхийн дээвэр хогонд дарагджээ

Twitter Print
2016 оны 07-р сар 20-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

Орон орны уулчид дэлхийн дээвэр Жомолунгма оргилыг зорих цаг ойртжээ. Жил бүрийн хавар дөрвөөс тавдугаар сард уулчид Балбад очиж сүрлэг сайхан энэ хайрханд авирах мөрөөдлөө гүйцэлдүүлэхийг зорьдог билээ. Балбын засгийн газраас ч уулчдын үйлчилгээнд онцгой анхаарч хэрэгцээтэй бүхнээр хангахыг хичээж ирсэн.

Харин энэ жил Балбын засгийн газар Жомолунгмад авирах уулчид, жуулчдад хамаарах шинэ журам гаргасан байна. Уг журмын дагуу 2014 оны дөрөвдүгээр сараас уулчид ууланд авирсаны дараа болон авирах оролдлого хийгээд буцахдаа өөрсдийн тарьсан бүх хог новш болон бусдын 8 килограммаас доошгүй хог хаягдал, эндэж нас барсан уулчдын цогцосыг авч бууж ирэх болсон байна.

Балбын Сагарматха үндэсний дархан газарт хуримтлагдсан хог хаягдал сүүлийн жилүүдэд онцгой түгшүүртэй тулгамдсан асуудал болсон учраас засгийн газраас наад захын ийм арга хэмжээ авах шаардлага тавигдсан аж. Хүн төрөлхтөн Жомолунгма оргилд анх хөл тавьсан цагаас хойш 61 жил улирахад  хүчил төрөгчийн бортого, баглаа боодол, эвдэрхий эд зүйлс мэтийн хог тонн тонноор хуримтлагдсан байна. Их уулсын сүрд дарагдаж, ядарч туйлдсан уулчид эцсийн зорилго болох 8,848 метр өндөрт гарахын тулд тухайн үед хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэн бүх зүйлсээ тарааж хаясаар ирсэн тул ийм журам гаргахаас өөр аргагүй болсон нь тодорхой.

2000 оны сүүл гэхэд эл нөхцөл байдал түгшүүртэй хэмжээнд хүрч Балбын засгийн газраас "хогийн" тусгай экспедицүүд гаргахад хүрчээ. 2008 оноос ажиллаж эхэлсэн "Эко-Эверест" экспедицийнхэн өнгөрсөн хугацаанд 15 тонн хог, 600 килограмм ялгадас, зургаан цогцос авч уулнаас бууж байжээ.

2013 онд гэхэд Жомолунгма оргил хүрэх замдаа болон буцах замдаа 9 хүн амь эндсэн байдаг. Өнгөрсөн цаг хугацаанд ч үлдэж хоцорсон хүний цогцос маш олон байдаг байна. Олон улсын уулчдыг замчилдаг нутгийн шерпа нар одоо хог хаягдлаа яаж цуглуулах хичээл заадаг болсон байна. Энэ мэт оролдлогууд байлаа ч гэсэн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд хүнд байгаа учир Балбын засгийн газар уулчдын тоог ихэсгэх арга зам хайх болсоны дээр уулчин бүр $100 мянгаар оргилд авирах зөвшөөрөх олгож байхаар болжээ. Энэ татвар өмнө нь 25 мянган америк доллар байсныг багасгаж 11 мянга болгоод байсан бол одоо ес, арав дахин өндөр татвар төлөх болоод байна.

The Daily Mail “сонинд тэмдэглэснээр Балбын засгийн газар энэ зэрэгцээ хөнгөлөлт үзүүлж Гималайн оргилуудад аль болохоор бага хог тарихын хамт хогоо авч бууж ирвэл $4000 буцааж олгох аж. Гэвч уулчид үүнийг хүлээн авах нь тодорхойгүй, олонхи уулчдын үзэж байгаагаар хүнд бэрх нөхцөлд ганц килограмм ачаа ч амь нас эрсдэхэд хүргэдэг, үүний оронд тэр хөнгөлөлтөө засгийн газар өөртөө үлдээсэн нь дээр гэнэ.

Ирэх сараас хүчин төгөлдөр болох шинэ журмаар бол уулнаас хог авчраагүй, дээр нь дор хаяхад  8 килограмм урьдын хур хог олж цуглуулж чадаагүй уулчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Балбын засгийн газраас авч байгаа өөр арга хэмжээнүүдийн дотор сүүлийн 60 жилд анх удаа Эверестийн оргилын үндсэн баазад бие засах газар байгуулахын хамт замчлагч болон уулчдын хооронд гарсан маргааны үеэр зохицуулалт хийх хамгаалагчид гаргаж байгаа аж.

Дэлхийн дээвэр гэгддэг Жомолунгма (Эверест) оргил далайн түвшнээс дээш 8,848 метр өргөгдсөн байдаг бөгөөд Хятад, Балба улсын хилийн заагт Гималайн уулсын дунд оршдог билээ. Эверестийг Гимлайн уулсын ноён оргил, дэлхийн хамгийн өндөр уул болохыг анх Энэтхэгийн математикч, топограф Радханат Сикдар тооцоолон гаргасан байдаг. Энэ ноён оргилд анх Балбын шерва үндэстэн Дэнзэн Норгей, Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари нар 1953 онд хөл тавьсанаар  хүн төрөлхтөн дэлхийн дээвэрт анх гарсан гэж үздэг билээ. Гимлайн ноён оргилд авирах оролдлогыг анх Британий уулчин Жорж Мэллори, Эндрю Ирвин нар 1924 онд хийсэн байдаг. Харамсалтай нь тэд эргэж ирээгүй. Мэллоригийн цогцос 1999 онд олдсон бол Ирвин ул мөргүй, мөрөөдлийнхөө уулын хаана ч юм мөнх нойрссоор.

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.