Д.Трамп, Ким Чен Ун нар ямархуу тохиролцоонд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна...

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөөгүүр Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд болсон анхны дээд хэмжээний уулзалтаараа АНУ, Хойд Солонгосын удирдагчдын гарын үсэг зурж, баталгаажуулсан хамтарсан мэдэгдлийн талаар албан ёсны мэдээлэл гараагүй, хүлээгдэж байгаа.

Харин анхны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үеэр Дональд Трамп мэдэгдлийг өргөж сэтгүүлчдэд харуулах үеэр буулгасан гэрэл зураг дээр үндэслэн хэвлэлүүд эхний дүгнэлтээ хийгээд байгаа билээ. Түүнийг ажиглавал дээд хэмжээний анхны уулзалтаа ихэд тавтай хийсэн АНУ болон БНАСАУ-ын удирдагчид гол дөрвөн асуудлаар тохиролцоонд хүрчээ хэмээн дүгнэж болохоор байгаа юм.

Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд уг бичиг баримтыг гайхмаар энгийн, ерөнхий агуулгатай байгааг хэлж байсныг сануулахад илүүдэхгүй л болов уу. Дональд Трамп өнөөдөр Сингапураас буцахаасаа өмнө буюу 16:00 цагт мэдэгдэл хийхээр товлоод байгаа билээ. Гэхдээ тэрээр өмнө нь анхны дээд хэмжээний уулзалтынхаа талаар “Хэний ч төсөөлж байгаагүй сайхан болж өнгөрсөн” гээд “Хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулсны дараа тун удахгүй зарлана” хэмээн зарласан байсан. Тэрээр  Ким Чен Унтай хийсэн анхны уулзалтаа “Маш их ахицтай” (А lot of progress), “Үнэхээр гайхалтай сайхан” (Really fantastic) үйл явдал гэж тодорхойлсон байсан.

Мэдээж энэ 16:00 цагт хийх мэдээллийнхээ үеэр илүү дэлгэрэнгүй тайлбар хийх байх гэсэн хүлээлт сэтгүүлчдийн дунд үүссэн байна лээ.

Д.Трамп-Ким Чен Уны уулзалтын хамтарсан мэдэгдлийн гол дөрвөн заалт нь

  1. Хоёр орны ард түмний амар амгалан амьдрал, хөгжил цэцэглэлтийн төлөө АНУ, БНАСАУ талууд хоорондын шинэ харилцааг үүсгэнэ.

  2. Солонгосын хойгт байнгын энх тайван байдлыг тогтоохын төлөө АНУ, БНАСАУ талууд хамтран ажиллана.

  3. 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд зарласан Панмунжомын тунхаглалын дагуу БНАСАУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө ажиллана.

  4. АНУ, БНАСАУ талууд дайны үеийн олзлогдогсод/сураггүй алга бологсдын шарилыг солилцоно гэсэн байсан.

Уулзалтын эхэнд Дональд Трамп, Ким Чен Ун нар зөвхөн орчуулагчтайгаар 40 орчим минутын турш хаалттай уулзсан. Энэ үеэр юу яригдсан, яригдсан зүйл нь хамтарсан мэдэгдэлд тусгагдсан эсэх нь одоогоор нууц байгаа юм. Тэр талаар БНАСАУ-ын удирдагч төдийлөн дуугарахгүй, чимээгүйхэн байгаа бол тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ихэд хангалуун байдалтайгаар мэдээлэл хийх болов уу. Ямартай ч дэлхий нийтийг хүлээлтийн байдалд оруулаад байсан АНУ-БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт гайгүй найрсаг байдалд болж, хоёр удирдагч ч хэн нэгэндээ хатуурхсангүй уулзалт тайван найрсаг үргэлжлээд дууслаа. Тэр ч байтугай Д.Трамп Ким Чен Уныг Цагаан ордонд урьж дахин уулзана гэдгээ ч зарлаад авлаа. Ийнхүү дэлхий нийтийг түгшүүлж байсан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нэлээн хашир, бас л сүрхий залуу гэдгээ даян дэлхийд нотлон харуулчихлаа. Харин одоо туршилт хийж найдваржуулсан цөмийн пуужингуудаа хэрхэхийг нь ажиглан харах, хэлсэн үг, гарын үсэг зурсан гэрээндээ аль хэр үнэнч зүтгэхийг нь харах л үлдэж байна.

Ямартай ч мань эр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай эдийн гэрээ байгуулчих шиг боллоо. Харин АНУ болон түүний холбоотнуудын зүгээс БНАСАУ-ыг хэрхэн дэмжин тэтгэх нь дараагийн асуудал болов уу. Хоёр удирдагч тун удахгүй мэдээлэл хийчихээд эх орнууд руугаа яаравчлан буцах нь тодорхой. Тэгвэл Сингапур улс ямар олзтой үлдэж байгаа нь ч сонирхолтой билээ.

Нөгөөтэйгүүр Хойд Солонгосын иргэд удирдагчийнхаа саяхан гарын үсэг зурсан гэрээг хэрхэн дүгнэж байгаа, ард иргэд нь бүгдээрээ цөмийн пуужингуудаа устгах тухайд зөвшөөрсөн сэтгэлтэй байх уу гэдэг нь ч анхаарал татах асуудал болох болов уу. Мөн Өмнөд Солонгосын зүгээс хойдуудын өнөөдрийн анхны дээд хэмжээний уулзалт, тэнд гарын үсэг зурагдсан гэрээг хэрхэн үнэлэх, дүгнэх нь ч сонирхол татахгүй байхын аргагүй юм. Тэгээд ч саяхан болсон Зүүн Азийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд нэгэн баг болон ирж оролцсон хоёр Солонгосчуудын хувьд эх орноо нэгтгэх асуудал нь ХХI зууны хэдэн оноос эхлэн хүчээ авах нь бас л ихээхэн сонирхол татах асуудал мөн билээ.

Тэдний хувьд эх орноо тайван замаар нэгтгэж чадвал Ази болон дэлхий дахинд нэгэн хүчирхэг, хөгжин дэвших боломжтой нэгдсэн улсыг байгууллах эхлэлийн үйлдэл болох нь ч ойлгомжтой юм. Гэхдээ үүнийг Өмнөд Солонгосчууд төдийлөн сайшаан дэмжихгүй л болов уу. Учир нь 1950 оны зургаан сарын 25-наас 1953 оны долоон сарын 27-ныг дуустал үргэлжилсэн Солонгосын дайны эхэн үед Хойдууд Өмнөдийнхөө нийслэл Сөүлийг ч эзэлж, ганцхан Пусан хот нь л эзлэгдэлгүй үлдэж, Өмнөдүүд ихэд тарчилж байсан удаатай билээ. Харин АНУ цэрэг зэвсэглэлээ илгээж Хойдуудыг нутагт нь хүртэл элдэн хөөснөөр Өмнөд Солонгос эрх чөлөөгөө эргүүлэн авч, тухайн дайны байдал саяхныг хүртэл үргэлжилсэн билээ. Тийм ч болохоор Өмнөдийн иргэд Хойдууддаа төдийлөн таатай, найрсаг сэтгэлээр ханддаггүй юм билээ. Тэдний зүгээс Хойдуудынхаа эсрэг ихэд хатуухан бодолтой байдаг нь Өмнөд Солонгост найман жил хэртэй амьдрахад мэдрэгдэж л байсан зүйл юм. Тэгэхээр Хоёр Солонгос эвлэлдэн нэгдэнэ гэдэг нь ихээхэн цаг хугацаа, тэвчээр зориг шаардах үйл явц мөн юм.

За ямартай ч саяхныг хүртэл “Заналт дайсан”-аа гэж үзэж байсан Ким Чен Унтай ихэд найрсаг уулзалт хийж, дараа нь зоог барьсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп анхныхаа дээд хэмжээний уулзалтын талаар мэдээлэл хийгээд эхэлсэн нь тодорхой. Харин юу гэж мэдээлэл өгснийг тун удахгүй тайлбарлан таниулах болно...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.