М.Оюунчимэг: Өргөдлийн байнгын хороонд Түрээсийн орон сууцанд хамрагдах гэсэн ард иргэдийн 700 гаруй өргөдөл ирсэн байгаа...

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Төрийн ордонд Ази, номхон далайн 13 орны парламентын гишүүд Монгол Улсын Их Хурлын гишүүдтэй “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх, Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдэвт уулзалт ярилцлагыг хийж байгаа билээ. Төрийн ордны хоёр гурван ч танхимд зэрэг болж байгаа эдгээр уулзалт, ярилцлагуудад манай парламентын гишүүд идэвхтэй оролцож байгаа юм. Ингээд эдгээр уулзалтуудад сууж байгаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга М.Оюунчимэгтэй уулзаж иргэдийн зүгээс ихээхэн асуудал дэвшүүлж байгаа Түрээсийн орон сууцны талаар ярилцсанаа хүргэж байна.

-Түрээсийн орон сууцанд орох гэсэн Гэр бүл, ард иргэд олон байгаа ч ТОСК-ын зүгээс энэ асуудалд бас л жаахан хойрго хандсаар байх шиг. Энэ асуудалд таны ахалдаг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хэрхэн анхаарч байгаа вэ?

-Тийм ээ. Иргэдийн зүгээс Түрээсийн орон сууцны талаар багагүй асууж сураглаж, өргөдөл гомдол ирүүлсээр байгаа. Тийм ч учраас манай Өргөдлийн байнгын хорооноос гарч байгаа Тогтоолын төсөлд энэ асуудлыг маш тодорхой тусгаж өгсөн байгаа. Яагаад гэвэл энэ Ахмадын болон Түрээсийн орон сууцны асуудлыг судалж үзээд яг энэ зорилтот бүлгийн иргэдээ оруулахтай холбоотой Ажлын хэсэг маань хэд хэдэн удаа яг энэ Түрээсийн орон сууцанд амьдарч байгаа айлууд, иргэдтэй очиж уулзсан байгаа. Тэдний маань ихэнх нь амьдарч, түрээсэлж байгаа орон сууцнуудаа өөрийн болгох, өмчлөх, үр хүүхдүүддээ үлдээх сонирхол давамгайлж байна. Тийм учраас энэ асуудлын Эрх зүйн орчныг нь шийдэж өгөөч ээ гэж бидэнд хүсэлт тавьсаар байгаа юм. Тэгээд ч энэ нь бололцоотой гэдгийг ТОСК-ынхан буюу манай Дэд Ажлын хэсгийнхэн судлаад гаргачихсан. Тийм ч учраас бид нар энэ Тогтоолын төсөлдөө Түрээсийн орон сууцнуудыг ард иргэд өмчлөх Эрх зүйн орчин бүрдүүлэхийг ТОСК-ын захирал Ж.Хичээнгүй болон Барилга хот байгуулалтын сайдад өгч байгаа юм. Ер нь бол Түрээсэлж байгаа орон сууцнуудаа манай ард иргэд өмчлөх бололцоотой гэдэг нь бидний тооцооллоор тодорхой болоод гарчихсан байгаа.

-Тэгэхээр энэ асуудалд УИХ-ын Тогтоол гарчихсан хэрэг үү?

-Харин энэ асуудлаар УИХ-ын тогтоол гарснаараа нарийвчлан судлагдаад шийдвэрлэх шатандаа орж байна аа гэсэн үг юм. Ер нь бол Түрээсийн орон сууцнууд нь зорилтот бүлэгтээ очих ёстой л доо. Гэтэл 2012-2014 оны байдлыг харахад зорилтот бүлэгтээ биш зорилго, санаатайгаар өөр хүмүүсийг хамруулсан явдал байсан. Тэгээд ч өнгөрсөн тавдугаар сарыг оруулаад өнөөдрийн байдлаар манай Өргөдлийн байнгын хороонд хаяглаж, Ахмадын болон Түрээсийн орон сууцанд хамруулж өгөхийг хүссэн 700 гаруй өргөдөл ирээд байгаа. Үүнээс гадна УИХ-ын гишүүд, аймаг, хотын удирдлагуудад олон тооны өргөдөл ирсээр л байгаа. Тиймээс иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх шаардлагатай байсан.

-Ер нь одоо ашиглалтад орох хэдэн тооны Түрээсийн орон сууц байгаа бол. Засгийн газрын зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байгааг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо мэдэрч байгаа болов уу? 

-Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолоор “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тухай” тогтоол батлагдан “ТОСК” ТӨҮГ-ын захиалгын дагуу баригдаж байгаа нийт 1562 айлын орон сууцны барилгыг Хөгжлийн банкны санхүүжилтээр 2018 оны 10 сард багтаан барьж дуусгахаар төлөвлөж байгаа. Үүнд “Буянт-Ухаа 2”-ын дараагийн буюу хоёрдугаар ээлжийн 972, Говь-Алтай аймгийн 120,  Дундговь аймгийн 20, Орхон аймгийн 315, Хөвсгөл аймгийн 135 айлын орон сууц хамаарч байгаа гэж ТОСК-аас мэдээлж байсан.

-Гэтэл ТОСК-ын захирал “Энэ асуудлыг судалж байгаа. Хараахан ард иргэдэд өмчлүүлчих боломж тааруухан байна” гэж байсан л даа?

-Нэгэнт УИХ-ын Тогтоол гарчихсан болохоор хэрэгжүүлэх л ёстой шүү дээ. Гэтэл “Өмчлүүлэх боломж тааруухан байна” гээд сууж байж огт зохилдохгүй ээ. Энд мэдээж хөрөнгө мөнгөний асуудлыг Улсын төсөвт суулгаад л явах ёстой юм. Түүнээс гадна Түрээсэлж байгаа ард иргэд маань сар болгон түрээсийн мөнгийг нь төлөөд л байгаа шүү дээ. Тийм ч учраас Түрээсийн орон сууцны сан бий болгоё хэмээн ярьж байгаа. Ийм сан бий болгочихвол тэрхүү сангаасаа санхүүжээд, орон сууцнуудаа өмчлөх эрхээ авах гээд энэ бүх бололцоонууд нээгдэх юм байна гэдэг.
Тэрхүү санхүүгийн эх үүсвэрийг нь бид нар бас мэргэжлийн хүмүүстэй хамтраад гаргаж ирсэн байгаа. Тэндээс энэ бүхэн бололцоотой гэдэг нь тодорхой болсон л доо. Иргэдийн зүгээс ч “Бид нар сар болгон 30-аас 200 мянган төгрөг төлөөд л яваад байна. Тийм учраас эдгээр Түрээсийн орон сууцнуудыг өмчлөх эрхийг нь олгож өгөөч ээ” гэсэн хүсэлтүүдээ тавьсаар л байгаа. Тэгэхээр судлаад үзэхээр энэ бүхэн бололцоотой л байгаа юм. Харин тэр хөрөнгө санхүүг нь Улсын төсөвт хэрхэн яаж суулгах юм, эсвэл ТОСК-ын санхүүгийн эх үүсвэр дээр суулгах уу, Нийслэлийн Засаг даргын орлогч болоод Барилга хот байгуулалтын дэд сайдын ярьж байгаагаар бол Түрээсийн орон сууцны сан гэдгээр бусад улс орнууд хэрэгжүүлж, шийдсэн юмнууд ч бэлээхэн байгаа юм билээ. Тэгэхээр бид нар эдгээр хувилбаруудыг энэ Тогтоолын төсөлд маш тодорхой зааж өгсөн байгаа.

-Тогтоолын төслөөр гурван хувилбар яригдаж байгаа гэсэн үү. Аль хувилбар нь илүү бололцоотой байгаа бол?  

-Яг тэр хувилбар нь илүү гэж одоо тодорхойлоход ихээхэн асуудалтай л даа. Яагаад гэвэл аль нь илүү гэдгийг одоо судална л даа. Тухайлбал аль нь илүү дарамт учруулахгүйгээр бодит амьдрал дээр шийдээд явах вэ гэдэг асуудал байгаа учраас дээрх гурван хувилбараас нэгийг нь Ажлын хэсэг маань сонгох болно. Тогтоолын төсөл нэгэнт гарчихсан болохоор хэрэгжүүлэх л ёстой гэдгийг түрүүн би хэлсэн л дээ.

-Энэ Тогтоолын төсөл нь “Ард иргэдэд өмчлүүлэх” гэсэн заалттай байгаа юу?

-Яах вэ тэрэн дээр “Түрээсийн орон сууцнуудыг одоо амьдарч байгаа ард иргэдэд өмчлүүлэх Эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн байгаа. Яагаад гэвэл одоогоор Эрх зүйн орчин нь байхгүй байгаа л даа. Эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэдэг нь дүрэм журманд нь өөрчлөлт оруулаад л зохицуулагдаад явчихна гэсэн үг л дээ. Энэ тал дээр бид нэлээн сайн судалгаа тооцоотой ажилласан л даа. Одоо удахгүй асуудлууд шийдэгдээд явах нь тодорхой болж байгаа.

-Ер нь аль аль дүүрэгт яг хэдэн айл Түрээсийн орон сууцанд хамрагдан амьдарч байгаа нарийвчилсан тоо баримт, бүргэлжилт хийгдсэн болов уу?   

-Мэдээж тэр талаарх тоо баримт, бүртгэлжилт хийгдэж л байгаа. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээлэлд “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан газраа чөлөөлж, Түрээсийн байранд амьдарч байгаа 491 айл, өрхөөс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 132 өрх, 14-р хороонд 50 өрх, түр оршин суух байргүй, газраа чөлөөлсөн 182 өрхийн 86 өрхийг нийслэл, компаниудаас тус тус хамруулсан, мөн 2018 оны 2 дугаар улиралд 154 айлын орон сууцыг ашиглалтад оруулан, газраа чөлөөлсөн 223 айлаас 154 өрхийг түр оршин суух байраар хангаж үлдсэн 69 иргэдийн асуудлыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооллын “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Моннис Урбан девелопмент” ХХК-ийн барьж байгаа 336 айлын орон сууцнаас шийдвэрлэхээр төлөвлөж байна” гэсэн мэдээлэл ирүүлсэн байгаа.

-Та бүхэн тэгээд асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх гэж байна даа?

-Мэдээж бид асуудлыг тодорхой түвшинд ярьж хөөцөлдөж байж шийдвэрлэнэ. Харин ТОСК-ын захирал Ж.Хичээнгүй заримдаа үл ойлгогдох зүйл ярьж л байгаа. Ахмадын болон Түрээсийн орон сууцны талаар ард иргэдээс ирүүлсэн 700 гаруй Өргөдлийг шийдэхийн тулд асуудлыг цогцоор нь оруулаад явж байна. Мэдээж энэ олон Өргөдөл дунд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал ч байгаа Ахмадын болон Түрээсийн орон сууцны талаар ч олон санал хүсэлт байгаа юм. Мэдээж энэ Өргөдлүүд дотор “Дүүрэг, хороодод тэдэн ширхэг байр хуваарилагдаж ирсэнгүй” гэсэн асуудал олон байна лээ. Тэгэхээр бид Тогтоолдоо маш сайн тусгаж өгөх шаардлагатай болсон. Энд нэг зүйл хэлэхэд “Ямар ч албан ёсны зөвшөөрөлгүйгээр л гэхэд 17 иргэнтэй болоод 76 иргэнтэй, бас шагнал маягаар Зорилтот бүлэг биш, зарилготой хүмүүст ч тараагаад өгчихсөн зөрчлүүд ч их гарсан” байгаа. Мэдээж одоо ч гэсэн Ж.Хичээнгүй захиралтай ТОСК нэлээн хангалтгүй ажиллаад байгааг хэлчихэд илүүдэхгүй. Тэгэхээр энэ асуудалд Барилга хот байгуулалтын яам, Нийслэл, ТОСК-ууд нийлж байгаад өнөөдөр иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа Түрээсийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх ёстой. Бид үүнд хяналт тавьж, хамтран ажиллах болно. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд манай Ажлын хэсгийнхэн хангалттай сайн явж ажилласан байгаа. Тэгээд асуудлыг шийдэх гарцуудыг Сангийн яамтай ч харилцан ярилсан.

Тухайлбал Ипотекийн 8 хувийн зээлийн асуудлын санхүүжилтийг нэмж шийдэхгүйгээр Гэр хорооллын иргэдийг түрээсийн орон сууцанд оруулах асуудал хий дэмий л хүлээлт үүсгэсэн, хардлага сэрдлэг дагуулсаар байгаад байгаа юм. Тийм учраас Ипотекийн 8 хувийын зээлэнд Түрээсийн орон сууцанд орох өргөдөл өгсөн, дээр нь Гэр хорооллын айл өрхүүдээс орох хүсэлтээ өгсөн маш олон өргөдөл байсаар байхад Ипотекийн зээлд огтхон ч хамрагдаж чадахгүй байгаа юм.

Энэ асуудлыг шийдэхийн тулд Монголбанк болон Сангийн яам хамтран ажиллаж байж л шийдэлд хүрэх болно. Тийм ч учраас бид энэ Тогтоол дээр Ипотекийн зээлтэй холбоотой энэ асуудлыг маш тодорхой тусгаж өгөхөөр шийдсэн.

Энэ нэг зүйлийг хэлэхэд Засгийн газар, Монголбанк, Сангийн яам гурав асуудлаа тохиролцоод, юмаа нэгтгэчихвэл Олон улсын валютын санд юмнуудаа танилцуулаад ярилцаж тохироод цаашаа явах бололцоотой болно л доо.

Тэгэхээр Ипотекийн зээлийн асуудлыг л нарийвчлан тогтоохгүй бол Түрээсийн орон сууцны яригдсан асуудлууд хэрэгжин биелэхэд хүндрэлтэй болоод явчихна.

Мэдээж бид Ипотекийн зээлийн асуудлыг Тогтоолдоо тусгаж оруулаад Банкны тухай хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулаад бидний хувьд засч залруулах бодит бололцоо байгаа гэж дүгнэж байна. Тийм ч учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон бусад Байнгын хороодтой нэгдээд эдгээр асуудлыг шийдээд явах бодит бололцоо байгаа гэж дүгнэж байна. Харин энэ асуудалд Монголбанк, Сангийн яам хоёр ойлголтоо нэгтгэж, нэг тийш харж ажиллах нь л маш чухал байгаа юм.

-За Түрээсийн орон сууцанд Ахмадууд болон Гэр хорооллын иргэдийг олон тоогоор хамруулахаар Тогтоолын төслөө боловсруулж байгаа та бүхэнд амжилт хүсье. Харин энэ асуудал хурдан шийдэгдээсэй гэсэн ард иргэдийн тоо олон байгаа гэдгийг байнга санаж ажиллахад илүүдэхгүй болов уу?

-Тийм ээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах гэсэн, яваандаа тэр сууцнуудаа өмчлөн авах гэсэн сонирхолтой гэр бүлүүд, ард иргэд олон байгаа гэдгийг Өргөдлийн байнгын хороонд ирсэн энэ олон өргөдөл гэрчилж байгаа юм. Бид ч ажлаа энэ тал руу чиглүүлж, хурдан шуурхай ажиллахыг л эрмэлзэж байгаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.