М.Энхболд: Монгол Улс 2030 онд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болно

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалт Төрийн ордонд болж байгаа билээ. Өглөө 09:00 цагт эхэлсэн уулзалтанд Ази, Номхон далайн бүсийн Япон, БНХАУ, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, БНАСАУ, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны 30 гаруй зочин төлөөлөгчид, Монгол Улсын Их хурлын гишүүд оролцож байгаа юм. Уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгээс онцлох заримыг  хүргэж байна.

-Дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент, хууль тогтоогчид өөрийн хувь нэмрээ манлайлан оруулах ёстой нь маргаангүй бөгөөд Та бидний хүндэтгэлт үүрэг юм. Энэхүү үүргээ ямар арга замаар, хэрхэн биелүүлэх вэ, бид юуг чухалчилж, хаашаа зорих ёстой вэ гэдгийг Та бүхэн энэ өдрүүдэд хэлэлцэж, ярилцана.

-Нийт ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогддог, төрийн үйл хэргийг олон түмнээ төлөөлөн шийдвэрлэдэг хууль тогтоох засаглал нь зөвхөн өөрийн улс орны дотоодод төдийгүй дэлхий дахины өмнө хамтын үүрэг хариуцлага хүлээх томоохон институц мөн билээ.

-Парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй манай гаригийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны тулгамдсан болон нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх нэн чухал механизм мөн гэдэгт миний бие итгэлтэй байна.

-Энэхүү уулзалтаас бүс нутгийн улс орнуудын тогтвортой, эрчимтэй хөгжлийг хангах, нийт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, насжилт, төрөлтийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй орчныг бий болгох, залуучуудыг эрх мэдэлжүүлэх талаар хууль тогтоогчдын зайлшгүй анхаарах ёстой олон чухал асуудлын гарц, шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.

-Монгол Улс бол Тогтвортой хөгжлийн зорилгыг түүчээлэгч орнуудын нэг юм.

-НҮБ-аас Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан тунхагласны дараахан буюу 2016 оны хоёрдугаар сард манай хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас “Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан билээ.

-Монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байртай, орлогын тогтмол эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоотой байж, чинээлэг хангалуун амьдрах ёстой гэдэгт чиглэж байгаа юм.

-Монгол Улс 2030 он хүртэл эдийн засгийн тогтвортой, харьцангуй өндөр өсөлттэй байж, олон салбартай, нээлттэй эдийн засагтай болж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрч, дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болох зорилт дэвшүүлсэн. 

-Бид энэхүү зорилтоо дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн улс орнуудын хүчин чармайлттай нэгтгэн, хамтарч хэрэгжүүлэх ёстой юм. Чухамхүү ингэж чадвал дэвшүүлсэн зорилт маань илүү сайн үр дүнд хүрнэ гэж бид үзэж байна.

-Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын энэхүү чуулга уулзалтад бид онцгой ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

-Анхаарал тавьсан та бүхэнд талархлаа дэвшүүлж, энэхүү уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсч байгааг минь хүлээн авна уу, баярлалаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (66.181.168.81) 2018-06-12 15:02
      • 0
      • 1

      ЭНХБОЛД АЖЛАА ӨГӨӨД ИХ ХУРЛААС ЯВЧИХВАЛ 2030 оныг хүлээхгүй 2025 он гэхэд л дээрхи зорилт биелэх болно.

      Хариулах