Монгол-Сербийн шигшээ багийн тоглолт жинхэнэ гал гаргана даа...

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Зүүн өмнөд Азийн Номхон далай дахь 7107 ширхэг арал дээр оршдог Филиппин улсын нийслэл Манила хотод болж байга 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа дэлхийн чансаанд 11-т эрэмбэлэгддэг Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ Канадын багт хожигдсон ч Филиппин, ОХУ, Бразилийн хүчирхэг багуудыг хожиж Ази тивээс ганцаархнаа шигшээ 8-д шалгаран үлдээд байгаа билээ. Ерөнхийлөгч Родриго Дутерте нь хар тамхи, мансууруулах бодисын эсрэг өргөн хэмжээний дайн зарлаж, тодорхой амжилтад хүрэхийн тулд аймшигтай аллага хядлага хийж байгаа Филиппин улс нь 100 орчим сая хүн амтай, Ази тивийн томоохон улсын нэг билээ. Эдийн засгийн нийт хүчин чадлынхаа хэмжээгээр 2016 оны байдлаар дэлхийд 35 дугаар байранд эрэмбэлэгдэж байсан Филиппин улс нь ядууралтай боломжийн хэмжээнд тэмцэн бас л багагүй амжилт олж байгаа гүрэн билээ. Тэгвэл Филиппин улсын нийслэл Манила хотод болж буй “FIBA 3x3” сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөх юм.

Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорсон. Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ Канадад хожигдсон ч Филиппин, ОХУ, Бразилыг хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран шилдэг наймд үлдсэн билээ. С.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтаж тун амжилттай өрсөлдөж байгаа юм. Өчигдөр Бразилийн шилдэг багтай хэсгээсээ шалгаран гарахын тулд ширүүхэн өрсөлдөхөд саяхан л БНСУ-д ажлаар очоод байсан Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч АН-ын дарга болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 50 мянган хүний суудалтай “Philippine Arena” ордонд сагсчидаа дэмжээд сууж байгаа нь харагдсан.

Өнөөдөр 3х3-ын дэлхийн аварга баг тодрох тэмцээний хамгийн чухал тоглолтууд явагдана. Манай сагсчид өнөөдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербийн тун ч хүчирхэг багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд хагас шигшээд өрсөлдөх юм. Энэхүү тоглолт 50 мянган хүний суудалтай “Philippine Arena” ордонд Улаанбаатарын цагаар 12:50-д эхэлнэ.

“FIBA 3x3” ДАШТ-ий шөвгийн наймд дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Серб, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Латви, дэлхийн чансааг аман хүзүүддэг Словени, дэлхийн чансаанд манайхаас хойгуур 14-рт жагсдаг Канад, долоод эрэмбэтэй Польш, тавдугаарт буюу айргийн тавд жагсдаг Укриан болон наймдугаарт жагсдаг Нидерланд, дэлхийн чансаанд 11-т эрэмбэтэй Монгол Улсын баг багтсан байгаа билээ. Ази тивийн төлөөлөн Монгол Улсын шигшээ баг наймд ганцаараа үлдсэн нь төв Азийн жижигхэн Монголын хувьд томоохон амжилт мөн билээ. 

Өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж, цааш медалийн төлөө өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорно. Урьд манай улсын баг хэсэгтээ хэрхэн тоглосныг тоймловол Монгол – Канад – 15:21, Филиппин –Монгол- 17:21, Монгол – ОХУ- 21:18, Бразил – Монгол -16:19-ын харьцаатайгаар хэсгийн тоглолтоо шувталсан билээ.

Харин өнөөдөр Улаанбаатарын цагаар 12:50-д эхлэх шөвгийн наймын тоглолтод Серб (1) – Монгол (11), Латви (4) – Польш (7), Словени (2) - Укриан (5),  Канад (14) – Нидерланд (8)  тус тус өрсөлдөж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодрох болно. Өнөөдөр манай багтай эхлэн өрсөлдөх Серби улс нь Балканы хойгийн төв хэсэгт оршдог улс бөгөөд хойд талаараа  Унгар, зүүн талаараа Румын, Болгар, өмнө талаараа Бүгд найрамдах Македон улс болон Албани, баруун талаараа Хорват, Босни Герцоговин, Монтенегро улсуудтай хиллэдэг, тусгаар тогтносон улс юм.

Нийслэл нь Белград хот билээ. Манайх шиг далайд гарцгүй ч Дунай, Сава, Тисца голууд болон тэдгээрийг холбосон сувгуудаар 2.000 км урт усан замыг хянадаг бөгөөд тэдгээрээр дамжин Европын сувгуудын сүлжээ, улмаар Хойд тэнгис, Хар тэнгистэй холбогддог гэдэг. Серби нь 2006 онд тусгаар тогтнолоо зарлаж Югославын холбооноос гарч биеэ даасан түүхтэй. Өнөөдөр Сербийн Ерөнхийлөгч нь Томислав Николич гэх хүн байдаг бөгөөд Серби үндэстнүүд нь 8 сая орчим болж, төвийг сахисан улс болсон тул Европын холбоонд элсэх боломжтой орны нэг болжээ. Монгол-Серби хоёр улс нь дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо 2016 оны 11 дүгээр сард ёслон тэмдэглэсэн байдаг. Тэрхүү ойг тухайн үед Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Ц.Мөнх-Оргил болон Монголд суугаа Сербийн Элчин сайд Милан Бачевич нар Улаанбаатарт ёслон тэмдэглэж, харилцан мэндчилгээ дэвшүүлсэн байдаг.

Ямартай ч Сербүүд нь нэлээн чөлөөт үзэл сурталтай, Югославын задрал, бутралын үед Босни Герцоговин, Хорватуудтайгаа ширүүн тэмцэл, дайныг өдөөж ялангуяа Босни Герцоговинчуудын эсрэг аймаглан устгах бодлого явуулж байсныхаа төлөө улсын болон цэргийн удирдлагууд нь НҮБ-ын зүгээс хатуухан цээрлэл хүлээсэн түүхтэй улс билээ. Тэдний хувьд залуус нь сагсан бөмбөг, хөл бөмбөг, хоккейн спортод ихээхэн авъяастай бөгөөд эдгээр төрлийн спортоор АНУ-ын клубуудэд ихээхэн амжилттай өрсөлддөг билээ.

Харин өнөөдөр Улаанбаатарын цагаар 12:50-д Филиппиний нийслэл Манила хотын 50 мянган хүний суудалтай “Philippine Arena” ордонд манай шигшээ багийн Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын эсрэг тоглох Сербийн шигшээ баг нь дэлхийн 3 удаагийн аварга баг бөгөөд, дэлхийн чансааг тэргүүлэгч маш хүчирхэг баг юм. Тэдний эсрэг тоглохдоо манай сагсчид хүчний тоглолт сайн хийж, хамгаалалтдаа ихээхэн анхаарал хандуулж чадвал тэднээс тэгтлээ ур чадвараар дутагдаад байх зүйлгүй бөгөөд, ялангуя Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр хоёрын чөлөөт тоглолт биеэ барих зүйлгүй чөлөөтэй гарч чадвал гоолын чанарт ихээхэн сайн нөлөөлөх нь дамжиггүй юм. Сербийн тоглогчдыг өмнөх тоглолтууд дээр нь ажиглахад нуруугаар нэлээн өндөр, гурвын шидэлтээр оноо салгахдаа тун дадмаг гэдэг нь харагдаж байсан. Мөн цагирган дээрээс тун амжилттай довтолцгоодог юм билээ. Иймд манай шигшээгийн Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар нар хамгаалалтдаа нэлээн сайн анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Яг одоо манай шигшээгийн сагсчид дасгалжуулагч С.Тулга болон Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нартай харилцан зөвлөлдөж, тоглолтынхоо өмнөх бэлтгэлийг базааж байгаа болов уу.

Ямар ч гэсэн 3х3-ын дэлхийн аваргын шигшээ наймд Азиас ганцаархнаа тунаж үлдээд байгаа Монголын шигшээ багийн дөрвөн сагсчин өнөөдөр өдөр хамгийн хариуцлагатай, Монгол Улсын нэрийг дэлхий дахинд дуурсуулах тоглолтоо Төв Европын хүчирхэг сагсчидтай Сербийн эсрэг хийх гэж байна. Хэрвээ тэднийг л хожчихвол хагас шигшээгийн дөрвөн багийн нэгээр тодорч, аль нэг медалийн төлөө өрсөлдөх түүхэн боломжтой болох юм. Тэгэхээр тун удахгүй гурван цаг хагасын дараа Филиппиний нийслэл Манила хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын сагсан бөмбөгч залуус нэгэн шинэ түүхийн төлөө туйлын хариуцлагатай, басхүү гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлэх гэж байна. Үзэгч түмэн, элэг нэгт Монголчууд минь дөрвөн залуугийнхаа төлөө сайн сайхныг бодон залбирч, мэддэг сайхан үгсээ дуудацгаагаарай...    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.