ОУХМ Э.Цэндбаатар Астанагаас хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 18:03 цагт
Мэдээний зураг,

Боксын шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж, рингэн дээрээ хүчтэйхэн эргэн эрэлт хийж байгаагаа тунхаглав. Манай шигшээгийн боксчид Олон улсын тэмцээний хажуугаар хамтарсан бэлтгэлд оролцсон билээ.

Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсад болсон хамтарсан бэлтгэлд оролцсон. Мөн хамтарсан бэлтгэлийн үеэр Олон улсын хэд хэдэн чансаатай тэмцээнд тулалдсан юм. Тэдний дундаас Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар Казакстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн томоохон тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Хоёр сарын өмнө Атырау хотоос тэмцээнээ эхлүүлсэн Монголын боксын баг тамирчид Астана хотод тэмцээнээ ийнхүү өндөрлүүллээ. Дасгалжуулагч Х.Хайнарын удирдсан багт А.Нурлан, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг, Ц.Мөнхбаатар нарын дөрвөн боксчин багтаж тэмцээнүүддээ тулалдсан билээ. Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит боксын Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн зургадугаар сарын 5-10-ны өдрүүдэд Астана хотод болсон юм. Тус тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэж, жингийнхээ чансаанд оноо нэмлээ. 

Энэ тэмцээнд 15 орон оролцсон бөгөөд зохион байгуулагч орон жин тус бүрт шилдэг тамирчдаа оролцуулсан.  Мөн Узбекистан улсаас олимпийн хоёр аварга, ДАШТ-ий медальт тамирчдаа илгээсэн байсан. Тэгвэл АНУ, ОХУ, Филиппин, Тайланд, Япон, БНХАУ, Беларус, Швед, Кыргызстан, Тажикстаны баг тамирчид ч мөн жин тус бүрт шилдэг тамирчдаа оролцуулсан байна лээ. 

Дасгалжуулагч Х.Хайнерын удирдлага дор боксчид “Улаанбаатарын цом-2018” Олон улсын тэмцээний өмнө Казахстаны Атырау, Алматы, Астана хотуудад цуврал тэмцээнд амжилттай оролцсоноос гадна хоёр сарын турш хамтарсан бэлтгэл хийсэн нь үр дүнтэй болжээ.  

Атырау хотод тавдугаар сарын 1-д болсон Олон улсын тэмцээнээс ОУХМ А.Нурлан алтан медаль хүртэж, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг нар хүрэл медалийн эзэд болж гараагаа эхлүүлсэн билээ. Тэгвэл Астана хотод Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэж, хоёр сарын турш үргэлжилсэн цуврал тэмцээнүүд нь өндөрлөлөө. Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ долоо хоногт эх орондоо ирнэ. Харин эх орондоо үлдсэн боксчид нь “Улаанбаатарын цом-2018” Олон улсын тэмцээний бэлтгэлдээ Хандгайтад гараад 7 хонож байгаа ажээ. “Улаанбаатарын цом-2018” Олон улсын тэмцээн энэ сарын сүүлчээр нийслэлд болох юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.