Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв...

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын аварга шалгаруулах шагайн харвааны 28 дахь удаагийн тэмцээн амжилттай үргэлжилсээр өчигдөр дүнгээ гаргаж өндөрлөсөн билээ.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 96 багийн 800 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон нь шагайн харвааг Монгол эрчүүд хэрхэн сонирхож, цэц мэргэнээ сорьдог болсны бэлээхэн нотолгоо юм.

Монголын шагайн харвааны холбооноос Төв цэнгэлдэхийн шагайн асарт зохион байгуулж, энэ сарын 7-10-ны өдрүүдэд цэц мэргэнийг нь шалгасан улсын аваргын тэмцээн амжилттай өндөрлөж дүнгээ гаргасан нь улсын наадмын өмнөх томоохон сорилго болсон нь тодорхой юм. Тэмцээний эхний өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хувийн цуваа харваа болж нийт 475 харваач өрсөлдсөн билээ. Харин 8-ний баасан гарагт багийн харваа эхэлж ням гарагт өндөрлөсөн юм. Энэ жилийн шагайн харвааны УАШТ өмнөх жилүүдтэй харьцуулбал оролцогчид болон багуудын тоогоор дээд рекорд тогтоосныг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Монголын шагайн харвааны холбооны Ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат: Манай Төв аймгийн баг дөрөвдүгээр байрт шалгарсан...

Энэ жилийн УАШТ-д Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймгаас харваачид ирж оролцоогүй юм. Харин хамгийн холоос буюу Ховд аймгийн харваачид УАШТ-ээ зорин ирсэн байлаа. Мөн Завхан, Хөвсгөл аймаг анх удаа ирж оролцсон бол Завханы баг онцлогтой гишүүдээр багаа бүрдүүлсэн байсан. Ингээд аймгийн гоц мэргэн С.Амархүү ахлагчтай Хэнтий аймгийн Биндэр сумын баг энэ удаад 2018 оны улсын аварга цол хүртсэн юм. Мөнгөн медалийг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, Спортын мастер С.Ямааранз ахлагчтай “АПУ-Алдар” спорт хорооны баг хүртсэн. Хүрэл медалийг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг хүртсэн билээ. 4-р байранд Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн, МШХХ-ны ерөнхийлөгч Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн баг шалгарлаа. Мөн ганцаарчилсан төрөл буюу хувийн цуваа харваанд Дорноговь аймгийн харваач Монгол Улсын Гарамгай мэргэн Баярцэнгэлийн Хонгор 4-р байрт шалгарсан юм.

Тэмцээний дараа шагайн харвааны 2018 оны улсын аварга Хэнтий аймгийн багийн ахлагч, аймгийн гоц мэргэн С.Амархүү, “Апу-Алдар” спорт хорооны багийн ахлагч, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз, Дорноговь аймгийн багийн ахлагч, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр нар сэтгэл тун ч өндөр байцгаасан юм.

Шагайн харвааны 28 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 96 багийн 800 гаруй харваач өрсөлдсөн нь урьд өмнөх бүх л тэмцээнийг даван гарсан үзүүлэлт байсан юм. Улсын аваргын тэмцээнд Даяар дуурсагдах мэргэн 2, Үлэмж дархан мэргэн 43, аймгийн гоц мэргэн цолтой 243 харваач цэц мэргэнээ сорьсон нь ямархуу өрсөлдөөнтэй тэмцээн болсны нотолгоо бизээ. Шагайн харваачдын хувьд жилд 2 удаа цолоо нэмдэг. Тухайлбал Үндэсний их баяр наадам болон УАШТ-д амжилттай оролцвол өөрийн цол, зэргээ ахиулдаг билээ. Иймээс энэ удаагийн УАШТ-д эхний 3 байрт шалгарсан багийн харваачид бүгд “Улсын мэргэн” цолтой болсон нь бас л ховорхон сайхан амжилт билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.