Ази, Номхон далайн орнуудын парламентчдын хурлын талаарх Хэвлэлийн хурал...

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Төрийн ордны “Г” танхимд маргааш өглөө төрийн ордонд эхэлж хоёр өдөр үргэлжлэх Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчид болон Олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүдийн “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх, Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөний талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороон дарга Ё.Баатарбилэг болон урд шөнө Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Тайландын парламентын гишүүн Др. Жетн Сиратранант болон Монгол суугаа НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, мөн Япон Улсын Азийн хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн ерөнхий менежер Хитоми Цунэкава нар Хэвлэлийн бага хурал хийв.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороон дарга Ё.Баатарбилэг “Маргааш төрийн ордонд эхэлж хоёр өдөр үргэлжлэх энэхүү Олон улсын зөвлөлгөөнийг УИХ-аас НҮБ-ын Хүн амын сан, Азийн хүн ам, хөгжлийн нийгэмлэг, Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөлгөөнд Ази, Номхон далайн бүсийн Япон, БНХАУ, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, БНАСАУ, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны 30 гаруй төлөөлөгчид болон Монгол Улсын Их хурлын гишүүд оролцох юм. Энэхүү зөвлөлгөөнөөр Эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг дэмжих тухай 3-р зорилт, Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай 5-р зорилт, Тэгш бус байдлыг арилгах тухай 10-р зорилт, Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх тухай 17-р зорилтуудыг хэлэлцэн ярилцах болно.

Энэхүү уулзалт, зөвлөлгөөн нь парламентчдад өөрсдийн улс орнуудын туршлагыг хуваалцаж, бусдаас суралцахаас гадна тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр үр дүнтэй бодлого, хөтөлбөрийг боловсруулахад Засгийн газар болон бусад хамтрагчидтайгаа улам сайн хамтран ажиллах боломжийг олгох юм.

Бүс нутгийн хөгжлийн замналаас сүүлийн жилүүдэд ихээхэн зүйлийг сурч мэдсэн Монгол Улсын хувьд энэхүү арга хэмжээ нь Хүн ам, хөгжлийн Олон улсын бага хурлаас баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүс нутгийн хэмжээнд дүгнэх гэж буй  цаг үетэй давхцаж байгаад баяртай байна.

Хүн ам, хөгжлийн Олон улсын бага хурал нь 1994 онд анх байгуулагдаж байсан үе шигээ өнөөдөр ч мөн адил чухал ач холбогдолтой хэвээрээ байгаа юм” гэлээ.

Харин түүний дараа Тайландын парламентын гишүүн Др. Жетн Сиратранант “Өнөөдөр би Монгол Улсад анх удаагаа хүрэлцэн ирээд байна. Тэгээд ч Олон улсын ихээхэн чухал энэхүү хуралд оролцох гэж байгаадаа ихэд талархалтай  байгаа. Монгол, Япон, Тайланд зэрэг улс орнууд бүгдээрээ Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд бүгдээрээ санал нэгдэн ажиллаж байгаа.

Аливаа улс оронд та бүхний санй мэдэж байгаагаар парламентын гишүүд нь бүгдээрээ хууль батлан боловсруулах ажилд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Тэр ч утгаараа сонгогдсон тойргийнхоо ард иргэдийнхээ санал бодлыг шинээр батлагдах хуулинд тусгахын төлөө чармайн ажилладаг юм.

Энэхүү Тогтвортой хөгжлийн зорилт батлагдахаас өмнө бол дэлхий дахинд Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж байсан юм. Мөн түүнчлэн Хүн ам ба хөгжлийн асуудлаар Олон улсын бага хурлаас батлагдсан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг байсан юм. Хүн ам ба хөгжлийн асуудал нь өөрөө дэлхий дахинд тулгамдсан маш чухал асуудал болчихоод байгаа. Тэгээд ч энэ асуудлыг бид хэд хэдэн категорт хувааж үздэг байгаа.

Эхнийх нь Залуучуудад хөрөнгө оруулах асуудал байгаа юм. Хоёрдугаарх нь Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал байдаг. Гуравдугаарх нь Хүн амын насжилтийн асуудал байгаа юм. Энэ удаагийн хурлаар бид нар хамгийн гол нь Хүн ам зүйн насжилтийн асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Мөн түүнчлэн Залуучуудад хөрөнгө оруулах асуудлыг ч анхааран хэлэлцэх болно. Түүнчлэн Хүн ам ба хөгжлийн бусад асуудлаар хэлэлцэн ярилцах болно.

За ер нь улс орон болгонд тодорхой ижил төстэй асуудлууд байдаг л даа. Энэ бүс нутагт төрөлт ихтэй орон ч байхад нас баралт өндөртэй ч орон байна. Ингээд ерөнхийдөө янз бүрийн асуудалтай орнууд олон байгаа.

Өнгөрсөн хугацаанд төрөлт ихтэй байх үед ерөнхийдөө айл өрхүүд олон хүүхэдтэй байдаг байсан. Сүүлийн үед төрөлт буурсантай холбогдон айл өрхүүд их цөөхөн хүүхэдтэй болчихоод байна. Өнөөдөр хүн амын өндөр насжилт явагдаж байгаа үед хөдөлмөрлөх хүчний асуудал нэлээн хурцаар тавигддаг болчихлоо.

Улс орон болгон эдийн засгийн өсөлтийг чухавчилж үздэг. Энэ нь бүх орнуудад нэлээн тулгамдсан асуудал болчихоод байгаа. Тийм ч учраас өнөөдөр бид Улаанбаатарт цуглаж эдгээр асуудлыг хөндөж ярилцахаар шийдсэн юм. Мэдээж сүүлийн үед төрөлт эрс багасаж байгааг хориглох боломжгүй юм. Энэ тохиолдолд төрөлт багасаж байгаагаас үүдэн гарч байгаа олон асуудлыг ярилцах нь зүйтэй юм. Төрөлт, нас баралт хоёр ихээхэн багасаж байгаа нь насжилт ихсэх тодорхой шалтгаан болж байна. Энэ нь мэдээж тодорхой бэрхшээлүүдийг үүсгэж байгаа юм.

Тэгээд эдгээр асуудлуудыг хэрхэн яаж шийдэхийг ярилцахаар Улаанбаатарт хуран цуглаад байгаа юм. Мэдээж Монголд ирсэн гол шалтгаан маань эдгээр асуудлуудаас гарах гарцыг олох юм л даа. Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд бүх л орны парламентын гишүүд болон экспертүүд тодорхой саналуудыг дэвшүүлж ирэх нь тодорхой юм. Ингээд эдгээр асуудлуудыг чухавчлан үзэж, анхаарлаа хандуулсан Монгол Улсын Их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороонд талархаж байгаагаа илэрхийлж байна.

Энэ хурал нь Ази Номхон далайн бүсийн орнуудад төдийгүй Монгол Улсын хувьд ч маш чухал ач холбогдолтой хурал гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна. Ингээд хурал маань амжилттай зохион байгуулагдаж нэлээн сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд их баярлалаа” хэмээсэн юм.

Түүний дараа НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара “УИХ-ын Байнгын хорооны дарга эрхэм гишүүн Ё.Баатарбилэг болон Тайланд улсын парламентын гишүүн ноён Др. Жетн Сиратранант болон Азийн хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн ахлах менежер хатагтай Хитоми Цунэкава  болон хэвлэл мэдээллийн төлөөллүүдэд энэ өдрийн мэнд хүргэе ээ.  Хүн ам, хөгжлийн Олон улсын бага хурлын гол цөм нь болох хувь хүний эрхэнд үндэслэсэн Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, Тогтвортой хөгжлийг дэмжих, хүйсийн тэгш байдал, залуучуудыг эрх мэдэлжүүлэх зэрэг асуудлуудад ач холбогдол өгснөөр улс орнууд залуучуудын бүрдүүлэх хүн ам зүйн ногдол ашиг, хөгширч буй хүн амын урт наслах боломжийн ногдол ашгийн аль алийг нь улам ихээр хүртэх боломжтой гэж үзэж байна.

Хүн ам ба хөгжлийг ярихдаа амьдралын мөчлөгүүдэд үндэслэхээс гадна амьдралыг бүхэлд нь буюу цогцоор авч үзэх ёстой.

Хүн ам зүйн шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн хүн амын бодлогыг боловсруулахдаа охид, эмэгтэйчүүд, залуучуудын эрхийг хүндэтгэх тал дээр Засгийн газруудтайгаа хамтран ажиллахыг парламентчдад уриалж байна.

Үүнд Бэлгийн болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээнд чөлөөтэй хамрагдах, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийг ашиглах эрх, Гэр бүл төлөвлөлтөд хүний эрхийг хангах зэрэг асуудлууд багтсан болно. Монгол Улс энэ чиглэлээр томоохон алхам хийсээр байгаа юм.

НҮБ-ын Хүн амын сан нь жирэмслэлт бүр нь төлөвлөгдсөн, төрөлт бүр нь аюулгүй, залуу хүн бүрийн чадавхийг хангах боломж хангагдсан тийм дэлхий ертөнцийг бий болгохыг зорьдог НҮБ-ын байгууллага юм. Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сан нь 2017-2021 онд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх 6 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа болно. Маргааш эхлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх, Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүүлэх нь сэдэвт хуралд их амжилт хүсч байна. 2030 он хүртэл хэрэжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталснаас хойш насжилт, нөхөн үржихүй, залуучуудыг чадавхижуулахтай холбоотой хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэж Тогтвортойы хөгжлийн зорилтод хүрэхэд парламентчдын үүрэг хариуцлага чухал болохыг улам өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч ирсэн болно.

Ази Номхон далайн бүс нутагт хүн амтай холбоотой маш олон төрлийн асуудлууд байдаг. Зарим орнуудад хүн амын шилжилтийн мэдээлэл явж байхад зарим нь иймэрхүү мэдээллээс гадуур нь явж байдаг. Тус бүс нутгийн олон оронд төрөлтийн кофицент урт хугацаанд маш доогуур байж, өнөөдөр энэ бүс нутагт нэг эмэгтэй хүн дунджаар ердөө 1.2 хүүхэд төрүүлж байна. Төрөлт, нас  баралтын түвшин бага байгаа нь өндөр насжихад хүргэж байгаа юм. Ийнхүү хүн ам нь насжиж байгаа нь зарим нэгэн нийгмийн үр дагаварыг бий болгож байгаа юм. Энэхүү үр дагаварыг шийдвэрлэхэд тухайн нийгмийн бүтэц тогтолцоо нь хараахан бэлэн бус байна.

Эсрэгээрээ энэ бүс нутагт төрлтийн кофицент өнгөрсөн 10 жилийн турш 3 байсаар ирсэн цөөхөн хэдхэн орны нэг нь Монгол Улс юм. Өөрөөр хэлбэл Монгол эмэгтэйчүүд дунджаар 3 хүүхэд төрүүлж байгаа юм. Монгол Улс нийгмийн хөгжлийнхөө зорилтын эн тэргүүнд хүний эрхийг чухавчилж, хосууд хэзээ хэдэнхүүхэдтэй болохыгоо өөрсдөө чөлөөтэй сонгох эрхэд анхаарч, төрөлтийн түвшингээ тогтворжуулахаар хичээж ирлээ. Мөн Монгол Улс залуучуудаа хөгжүүлж чадавхижуулахад ихээхэн анхаарч ирсэн бөгөөд үүний нэг тод илрэл нь Монгол Улсын Их хурал саяхан Залуучуудын хөгжлийн тухай хуулийг баталсан явдал юм.

Энэ цаг үед Монгол Улсын их хурал Олон улсын чухал бага хурлыг зохион байгуулж, Бэлгийн болон Нөхөн үржихүйн асуудалд Олон улсын анхаарлыг хандуулж байгаад талархаж байна. Энэ хурлын төгсгөлд Олон улсын бага хурлаас баталсан Үлй ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Ази Номхон далайн бүсэд хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатарын тунхаглалыг батална. Энэхүү тунхаглалыг 2018 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон НЗБ-ын Хүн амын сан хамтран зохион байгуулах Ази, Номхон далайн Хүн амын бага хурлаар бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэхэд ашиглах юм.

Хүн ам ба хөгжлийн асуудлаархи Олон улсын бага хурлаар баталсан Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийг чадавхижуулах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэхэд Бэлгийн болон Нөхөн үржихүйн эрүүл мэнд, түүний дотор Гэр бүл төлөвлөлтийг хангах нь чухал ач холбогдолтой болохыг онцолж, жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоож, Залуучуудыг чадавхижуулахыг урайлсан байгаа юм. Монгол Улсын Их хурал болон Азийн Хүн ба хөгжлийн нийгэмлэг хамтран энэхүү уулзалт, хурлыг зохион байгуулж Хүн ам ба хөгжлийн асуудлаархи Олон улсын бага хурлаар баталсан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тууштай ажиллаж байгаад баяр хүргэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа” гэсэн юм.

Ийнхүү маргааш төрийн ордонд эхэлж хоёр өдөр үргэлжлэх Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентчдын “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх, Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдэвт Олон улсын бага хурлын талаарх Хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.