Дэлхийг дэлдийлгэх долоо хоног эхэлж байнам...

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахины сонорыг мялааж, Антарктидаас бусад таван тивийн улс орнууд, хүн ардынх нь хүсэл сонирхол, анхаарлыг дээд зэргээр соронздон татах нэгэн дуулиант долоо хоног өнөөдрөөр эхэлж байнам. Учир нь энэ өдрүүдэд 1996 оны дөрөвдүгээр сарын 26-нд БНХАУ-ын Шанхай хотноо эмхлэн байгуулагдаж өнөөдөр Ази, Европ тивд зэргэлдэн оршдог ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан болон 2017 оноос Азийн хоёр том гүрэн болох Энэтхэг, Пакистан улсуудыг эгнээндээ нэгтгэсэн Шанхайн хамтыг ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Циндао хотод болж байгаа билээ.

Энэ жилийн Циндаогийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга идэвхтэй ажиглагчийн хувиар оролцож байгаа бөгөөд, дэлхийн бөмбөрцөг дээр хамгийн томоохон цэрэг улстөр, эдийн засгийг тэргүүлж байгаа манай хоёр хөршийн удирдагчид болох В.Путин, Си Жиньпин нар ч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалтыг хийж, 2005 оны долоодугаар сард Казакстаны Астанагийн уулзалтад анх удаа ажиглагчаар оролцож байсан Энэтхэг, Пакистан улсуудын араас Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрх гишүүнээр элсүүлэн авах явдлыг харилцан ярилцсан л болов уу.

Ямартай ч манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын хувьд дэлхийн бөмбөрцөг дээр Африк, Латин Америк, Европ, Ази тивийн улс орнуудын амьдралд цэрэг улстөр, эдийн засгийн маш томоохон үүрэг нөлөөтэй оролцож, АНУ-тай Худалдааны дайн өрнүүлэх хэмжээнд хүчирхэгжиж байгаа тул энэ удаагийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын дээд хэмжээний уулзалт нь В.Путин, Си Жиньпин нарын үүрэг оролцоо, шууд удирдлага дор өрнөж байгаа нь ч тодорхой юм. БНХАУ-ын ард түмнээс “Хамгийн хүчтэй удирдагч, ханхүү” өргөмжлөлийг хүлээгээд байгаа Си Жиньпин даргын хувьд БНХАУ-д авлига, хээл хахууль, албан тушаалын Гэмт хэргийн эсрэг маш далайцтай, өргөн хүрээтэй тэмцлийг өрнүүлснээр БНХАУ-д энэ талын Гэмт хэрэгтнүүд оршин амьдрах, хүрээгээ тэлэх ямар ч боломжгүй болж, энэ талаар дэлхийд нэгэн дээд амжилт тогтоогоод байгаа билээ. Тэгээд ч Си Жиньпин даргын алсыг харсан хосгүй мэргэн, далайцтай удирдлагын дор дэлхийг гайхшруулан хөгжин цэцэглэж байгаа БНХАУ нь 20 гаруйхан жилийн дотор дэлхийд хамгийн том эдийн засагтай, хамгийн их хөрөнгө мөнгөтэй номер нэг орон болох нь тодорхой болж байгаа юм. БНХАУ нь өнөөдөр цэрэг зэвсэглэлийн хувьд АНУ-аас тэгтлээ хоцроод байх зүйлгүйгээр өргөжин тэлж, хөрөнгө санхүүгийн хувьд ч Африк, Латин Америк тивүүдэд жинхэнэ ноёрхлоо тогтоож эхлээд байгааг дэлхий нийт анзаарч эхэлсэн болов уу.

Тэгвэл манай хойд хөрш ОХУ-ыг олон жил удирдаж байгаа В.Путин Ерөнхийлөгчийн эрс зоримог, бас л аварга далайцтай удирдлагын тор цэцэглэн хөгжиж байгаа ОХУ нь өнөөдөр дэлхийд зургаа дахь том эдийн засаг, хөрөнгө санхүүгийн боломжтой орон болж, цэрэг зэвсэглэлийн хувьд ч АНУ-тай олон талаар эн тэнцүүхэн өрсөлдөж, зарим чиглэлээр түрүүлэн гараад ч байгааг дэлхий нийт ажиглан харж л байгаа. Одоо тун удахгүй манай хоёр хөрш АНУ-д “Худалдааны дайн” зарлах нь тодорхой болоод байгаа. Мэдээж үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын түрэмгийдүү, шазруун шийдвэрүүд онцгой нөлөөлж байгаа нь тодорхой билээ. Д.Трамп ОХУ болон БНХАУ-аас АНУ-д нийлүүлдэг олон төрлийн бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоож, зарим хэсгийг нь АНУ-д оруулахыг ч хориглож эхэлсэн нь ялангуяа БНХАУ-ын дарга Си Жиньпинийг ихээхэн бухимдуулж, уур цухлыг нь хөдөлгөөд авсан юм. Ийм учраас Си Жиньпин дарга тун удахгүй АНУ-д “Худалдааны дайн” зарлана гэдгээ эрс шийдэмгий мэдэгдсээр байгаа билээ. Дэлхийн хоёр хүчирхэг удирдагч В.Путин, Си Жиньпин нар энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дотно харилцаа тогтоож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад жинхэнэ гишүүнээр элсүүлэн авах саналыг тавьж, ажил хэрэг болговол мэдээж эдийн засаг, хөрөнгө санхүүгийн талаар Монгол Улсад зарим нэгэн нааштай үзүүлэлт авч ирэх болов уу.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ Ерөнхийлөгч В.Путиниэй уулзахдаа илэрхийлсэн  “Оросоос Хятад руу нефть болон байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол улсын нутгаар дамжин өнгөрүүлэх талаар Монгол Улсын санаачилга”-ыг ОХУ дэмжиж буйг В.Путин  илэрхийлсэн байсан.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Улаанбаатар төмөр замын шинэчлэл, өргөтгөлд ОХУ-с 2018-2020 оны хооронд үе шаттай ХО хийнэ гээд эхний үе шат нь 260 сая долларын хөрөнгө оруулалт байх талаар мэдэгдсэн байна лээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Циндао хотод болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж Монгол Улсад олон жил яригдаж, хүлээгдэж ирсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгож эдийн засагт гэрэл асааж чадлаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөрш БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзахад БНХАУ-ын дарга “Шүлхий өвчингүй, стандартын шаардлага хангасан махыг Монголоос БНХАУ руу экспортлоход нээлттэй” хэмээн мэдэгдэж Монгол Улсыг дэмжихээ илэрхийлсэн байна лээ.

Энэ долоо хоногийн хамгийн гол үйл явдал маргааш Сингапур улсын Сентоза аралд эхлэх гэж байгаа билээ. Энэ нь мэдээж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын анх удаагийн дээд хэмжээний уулзалт гэдэг нь ойлгомжтой юм. Цэрэг, улстөр, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хувьд дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хувьд саяхныг болтол олон төрлийн цөмийн туршилтаараа Ази, Америк тивийнхэн байтугай дэлхийн дахиныг айлган цочирдуулсаар байсан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзаад хатуухан болзол тавьж, цөмийн туршилтын талбайг нь бүрэн устгах, цөмийн бөмбөгнүүдийг нь ч хэрэгцээнээс шахан гаргах үүрэг даалгавар өгөх нь тодорхой. Харин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хариуд нь АНУ болон холбоотнуудаас нь өөрийн улсын аюулгүй байдал болон эдийн засаг, хөрөнгө санхүүгийн найдвартай баталгаа, дэмжлэг туслалцааг шаардах болов уу.

Өнгөрсөн хугацаанд өмнөд хөрш БНСУ-тай хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт ярилцлага, санал зөвлөлдөөнийг хийчихээд байгаа БНАСАУ-ын хувьд өмнөд хөрштэйтөө дайны байдлаа цуцалж, магадгүй ирээдүйд эвлэлдэн нэгдэх асуудлыг ч дэлгэн тавьж болзошгүй гэдэг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарт явагдаж дүнгээ гаргасан Зүүн Азийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр Солонгосчууд жүдогийн нэгдсэн баг болон оролцсоноос ч харагдсан билээ.

Өнгөрсөн хугацаанд өвөө Ким Ир Сений байгуулж, өөрийн аав Ким Чен Ирийн залгамжлан удирдаж байсан улсын эрх мэдлийг 2011 оноос хойш удирдаж байгаа Ким Чен Уны хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамтай уулзахдаа төдийлөн айн мэгдэж, сандрахгүй нь тодорхой ч өөрийн улсын аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн байдалд тодорхой баталгаа, дэмжлэгийг хүсч түүнийгээ ч зарим талаар ажил хэрэг болгох болов уу. Ямартай ч маргааш Сингапурын Сентоза аралд эхлэх АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний анхны уулзалтыг хүн төрөлхтөн нүд, чих тавин анхааралтай ажиглах нь тодорхой юм.

Харин энэ долоо хоногийн хоёр дахь гайхамшигтай эхлэл нь ирэх пүрэв гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын шигшээ баг Ойрхи дорнодын сулхан баг Суадын Арабын шигшээ багтай нээлтийн тоглолтыг хийснээр дэлхий нийтийг хөл бөмбөгөөр цэнгүүлж эхлэх болно. Ирэх пүрэв гарагт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийх Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд анх удаа дэлхийн 32 орны шигшээ багууд өрсөлдөх бөгөөд ирэх сарын 15-нд дүнгээ гаргах болно. Энэ хугацаанд ОХУ-ын нийслэл Москва болон Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург, Самара гэсэн 11 хотод дэлхийн аваргын урьдчилсан болон шигшээ тоглолтууд болж долоодугаар сарын 15-нд дүнгээ гаргах юм. Ийнхүү нэгэн долоо хоногийн турш дэлхий нийтийг алмайруулан гайхшруулах дээд хэмжээний уулзалтуудтай, хөлбөмбөгийн ногоон талбайн гайхамшигтай мартагдашгүй долоо хоног эхэллээ.

Монгол орны тухайд ч бас л сонирхолтой долоо хоног байх болно. Учир нь маргааш Төрин ордонд  "Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт “Ази, Номхон далайн бүсийн орнуудын“ парламентчдын ээлжит чуулга уулзалт нээлтээ хийнэ.

Тэгээд ч энэ талаар удахгүй 11:00 цагаас төрийн ордонд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг болон Монголд суугаа НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара болон албаны бусад хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болоод байгаа юм.

Иймэрхүү сонин сайхантай нарлаг зуны нэгэн долоо хоногийн мэндийг нийт Монголчууддаа дэвшүүлж байнам. Таалан болгооцгооно уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.