Мотоциклчдын “Талын салхи”...

Twitter Print
2018 оны 06-р сар 09-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч, зодож нүдэгч Д.Гантулга, Д.Мурат нарын хоёр гишүүнээ УИХ-ын чуулганд оролцсон 57 гишүүн “Толгойг нь илж, баэндаашыг нь өмсгөөд” авч үлдсэн билээ. Тухайлбал 76-аас 57 гишүүн оролцсон өчигдөр оройн хурал Д.Муратыг 76.8 хувийн саналаар хамгаалсан бол Д.Гантулгыг 57 гишүүний 28 нь явуулах санал өгсөн бол өөртэй нь нийлээд 29 гишүүн хамгаалснаар “Бандаашийг нь өмсгөж орхисон” билээ.

Үнэндээ Монголын хууль тогтоох дээд байгууллага хэмээгч нь яах аргагүй дампуурсан, “Хуулийг гууль болгосон” газар гэдгээ гэмт хэрэгт холбогдсон хоёр ч гишүүнийхээ толгойг нь илж, “Бандаашийг өмсгөн эрхлүүлсэн”-ээр тодорхой харагдсан юм. Нөгөө хоёр нь одоо хууль, шүүхийн өмнө таахалзаж, магадгүй УИХ-ын гишүүн А.Сүхбат аваргын онож хэлснээр “Байнга архи ууж, согтуу явдаг” Д.Гантулгаас нь эхлээд дахин ор хөнжлийн асуудалд ч орооцолдохыг үгүйсгэх аргагүй л юм.

Харин өнөөх Д.Мурат нь Б.Бахытгүл хэмээгдэх бүсгүйг зодож, нүдчихээд 60 сая төгрөгөөр хахуульдаж, хэргээ хаалган, өнөөх бүсгүй нь ч хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг алдарсан тул дахин бас нэг зориглож ч болзошгүй билээ.

 

Тэгвэл Монголын мотоциклчид хүүхэд, эмэгтэйчүүдийг Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалахын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Соёлын төв өргөөний үүднээс “Талын салхи” хэмээх мотоциклчдийн эсэргүүцлийн жагсаал, тэмцлийн сүрт парадыг зохион байгуулсан бөгөөд энэ ажиллагаанд цагдаа нар ч идэвхтэй оролцлоо. Ямартай ч өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон 57 гишүүдээс эмэгтэй гишүүд л охид, эмэгтэйчүүдийг дарлан доромжилсон, зодож нүдсэн хоёр гишүүний эсрэг саналтай байсан бол ихэнх эрчүүд нь нөгөө хоёроо хамгаалан авч үлдсэнийг Монголын мотоциклчид ийнхүү эсэргүүцэж “Хүүхэд, эмэгтэйчүүдийг Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалцгаая” хэмээн эвлэлдэн нэгдэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Улаанбаатарыг тойрсон эсэргүүцлийн жагсаал, дуу чимээ ихтэй сүрлэг цувааны аян өрнүүлэх гэж байна. Тэдгээр мотоциклчдын дунд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Шударга яръя” телевизийн ток шоуны хөтлөгч Болдко, “Соёл Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмон гээд олны танил олон эрхэм харагдана билээ.

Тэдний хувьд ямартай ч эхлээд Улаанбаатарын төвөөр сүрлэг дуут жагсаал хийх бол тун удахгүй Налайх чиглэлд аянаа үргэлжлүүлж, Тэрэлжид байх "Мондэ" амралтын газрын зүг хөдлөх талаар яригдаж байна лээ. Учир нь "Мондэ" амралтын газарт 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдах бол орой нь Харанга, Хурд, Нисванис, Жонон, Булсара, Аравт, Аадар, Dijital зэрэг хамтлагуудын тоглолт болох юм гэсэн. Ингэхээр одоо мотоциклчид хотын зүүн тал руу гарч яваа болов уу. Магадгүй тэдний эсэргүүцэл, тэмцэл хүүхэд, охид эмэгтэйчүүдээ Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах үйлсэд ард иргэдийг уриалан дуудаж, Монголын нийгэмд ямар ч гэсэн нэгэн цочироо өгөх нь дамжиггүй. Учир нь тэрхүү мотоциклчдын жагсаалд гүйцэтгэх засаглалын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамрагдаж байгаа нь Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэгчдэд өгөх томоохон сануулга болох нь дамжиггүй юм...  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.