О.Балжинням: Залуу бөхчүүд оролцож байгаа ч Зүүн Азийн аваргын тэмцээн өрсөлдөөнтэй болно...

Twitter Print
2018 оны 06-р сар 09-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж ганц цагийн өмнө буюу 09:00 цагт Спортын төв ордны том зааланд Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт найм дахь удаагаа нээлтээ хийж, тэмцээнд оролцох БНХАУ, Хойд Солонгос, БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монгол зэрэг найман орны туг далбаа намирлаа. Тэмцээний нээлтэд Монгол Улсын болон Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, тэмцээний ерөнхий зохион байгуулагч З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, Зүүн Азийн жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч БНХАУ-ын иргэн болон БНСУ-ын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч  Чо Ён Чул, БНАСАУ-ын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил нарын зэрэг хүндэт зочид байлцсан юм. Тэмцээнийг нээж Монгол Улсын болон Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга талархлын мэндчилгээ дэвшүүлсэн. Үүний дараа Монголын Жүдо бөхийн шигшээ багийн Ахлах дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар О.Балжиннямаас дараах ярилцлагыг авснаа хүргэж байна.

-За сайн байна уу, аварга аа. Өнөөдөр эхэлж байгаа Зүүн азийн Жүдо бөхийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээний мөн чанар болоод ер нь энэ удаагийн тэмцээн аль хэр чанартай, өрсөлдөөнтэй болох бол. Та сэтгэгдлээ хуваалцана уу?

-Зүүн Азийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь удаагаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болохоор нээлтээ хийж байна. Энэ удаагийн тэмцээнд Зүүн Азийн найман орны бөхчүүд өрсөлдөхөөр болоод байгаа юм. Эхлээд жин жингийн аваргуудаа тодруулаад дараа нь багийн төрлөөр аваргаа шалгаруулна. Энэ удаагийн тэмцээн ихээхэн өрсөлдөөнтэй, сайхан болох байх аа. Яагаад гэвэл энэ удаагийн тэмцээнд өрсөлдөх найман орны жүдочид нь дандаа 2020, 2024 оны олимпод өрсөлдөх залуу жүдочдоос бүрдсэн байгаа учир халуухан өрсөлдөөнтэй болох нь тодорхой юм. Ер нь бол Зүүн Азийн жүдочдын ирээдүй, залуу халаанууд халуухан өрсөлдөөн дунд аваргуудаа тодруулна даа. Тэгэхээр үзүүштэй сайхан тэмцээн болно.

-Манай Монгол Улсаас нэг жинд хэдэн бөх барилдах вэ. Жиндээ тэргүүлэгч Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон гавъяат тамирчин М.Уранцэцэг нар оролцохгүй юмаа даа?

-Д.Сумъяа баатар болон М.Уранцэцэг гавъяат нар барилдахгүй. Би түрүүнд “Энэ удаагийн тэмцээнд дандаа ирээдүйтэй залуу бөхчүүд барилдана” гэж хэлсэн шүү дээ. Ер нь голдуу улсын аваргаас медаль авсан, аварга болсон залуу бөхчүүд оролцож байгаа юм. Энэ удаагийн Зүүн Азийн аваргын тэмцээний дараа ирэх найман сард Азийн тоглолт болох учраас түүнд оролцох бөхчүүдийг энэ тэмцээнээс шалгаруулан сонгох юмаа.

-Энэ тэмцээнд амжилт гаргасан манай залуу бөхчүүдийг найман сарын Азийн тоглолтоос гадна өөр ямар тэмцээнүүд хүлээж байгаа бол?

-Энэ онд ерөнхийдөө Азийн тоглолтоос гадна Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд хоёр том тэмцээн хүлээж байгаа. Мөн түүнчлэн Загреб, Унгарын Гран при тэмцээнүүдэд оролцоно. Эдгээр тэмцээнүүдийн дараа Дэлхийн аварга шалгаруулах хамгийн гол тэмцээн бөхчүүдийг маань хүлээж байгаа даа.

-Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавъяат тамирчин М.Уранцэцэг гээд хашир туршлагатай тамирчид оролцох болов уу. Мөн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга маань оролцоно гэсэн яриа явж байна лээ. Үнэхээр Н.Түвшинбаяр аварга маань Дэлхийн аваргад оролцох юмуу?

-Н.Түвшинбаяр аварга маань зодог тайлаагүй, барилдаж л байгаа учир энэ жилийн дэлхийн аваргад оролцоно оо. Сая одоо Хөх хотын Гран прид урамтай сайхан барилдаж түрүүлснийг нь манай Монголчууд үзсэн, мэдсэн л байх. Хөх хотын Гран прид аваргын төлөө Ө.Дүүрэнбаяр дүүтэйгээ барилдаад туршлага, бяр заан давж түрүүлсэн л дээ. Саяын Хөх хотын Гоан прид Дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан Бразилийн жүдочийг цэвэр ялсан бол ер нь л бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлсэн л дээ. Тэгээд ч Н.Түвшинбаяр аваргыг маань Англи, Америкийн хэвлэлээр “Жүдогийн амьд домог” хэмээн шуугисан нь яах аргагүй л үнэн зөв үнэлгээ байсан нь сая дахин батлагдсан л даа. Ер нь л Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальтай аргагүй л энэ цаг үеийн дэлхийн шилдэг аварга юм л даа. Шигшээ багийнхаа дүү нарт ч жинхэнэ амьд домог болж, бүх л талаараа үлгэрлэж яваа аварга шүү дээ.

-Ер нь одоо манай энэ дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй баатар, гавъяатуудыг маань залгамжлан гарч ирж байгаа залуу бөхчүүдийн ирээдүй аль хэр баталгаажиж байгаа бол. Залуу бөхчүүдийн маань барилдааны арга барил, бяр хүч аль хэр найдвартай, тогтвортой болж байгаа вэ?

-Ер нь шигшээ багийн залуу халаа, шинэ залуу бөхчүүд их сайн гарч ирж байгааг шударгаар хэлж болно. Манай холбооны жигд үйл ажиллагаа, бодлого чиглэл нь залуу бөхчүүд, өсвөр үеийнхнээ хамтад нь бэлтгэлжүүлээд ирээдүйгээ их сайн бэлтгэн гаргаж байгааг хэлэх ёстой. Өсвөрийн дэлхийн аварга, Залуучуудын дэлхийн аварга гээд олон тэмцээнүүдэд залуу бөхчүүдээ түлхүү оролцуулж байна. Тэгээд ч Шигшээ баг дээрээ залуучуудаа хамтад нь бэлтгэлжүүлээд, байнгын урагш хөгжиж, ирээдүйгээ найдвартай бэлтгээд явж байгаа. Энэ ч утгаараа манай залуучууд жин болгон дээр хойноосоо түрэн гарч ирж байгаа нь холбооны үйл ажиллагааны зөв зүйтэйг л баталсан хэрэг юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн дээр л гэхэд олон сайн залуу бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээсэн байгаа. Товчхон хэлэхэд Монголын Жүдо бөхийн холбооны шугамаар 2024,2028 оны олимпод өрсөлдөх ирээдүйтэй сайн сайн залуучууд бэлтгэгдээд явж байгаа гэж ойлгож болно.

-Өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маань Монголын Жүдо бөхийн холбоог толгойлж, үйл ажиллагааг нь чиглүүлээд явж байгаа. Ер нь танд холбооны үйл ажиллагаа аль хэр тогтвортой, найдвартай санагддаг вэ?

-Манай холбооны үйл ажиллагаа ярих юм байхгүй, маш сайн явагдаж байгаад сэтгэл тун өндөр байдаг. Энд тухайлбал Гадаад харилцаа, шүүгч, дасгалжуулагч нарын сургалт, семинар, олон талт үйл ажиллагаа гээд маш олон ажлуудыг нэрлэж болно. Үүнээс гадна дотооддоо зохион байгуулдаг уралдаан тэмцээнүүд, хөрөнгө санхүүжилт гээд холбооны үйл ажиллагаа бол Монголын спорт холбоодын дотроос тэргүүлэх байранд л явдаг гэж дүгнэж болно. Түүнээс гадна аймаг орон нутгуудад өсвөр, залуучуудын маш олон тэмцээн уралдаанууд явагдаж байна. Эдгээрийн үр дүнд маш сайхан ирээдүйтэй залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж байгаа юм. Жишээлбэл Сэлэнгэд болсон улсын аваргын тэмцээн гэхэд л бүсчилээд явсныхаа дараагаар гэхэд л маш олон хүүхэд залуучууд оролцсон тэмцээн болсон. Саяхан Увс аймагт л гэхэд миний нэрэмжит тэмцээн болсныг жүдо сонирхогчид маань мэдсэн л байгаа. Энэ тэмцээнд л гэхэд Увс аймгийн сум болгонд жүдогийн дэвжээ байгуулчихсан болохоор аймгийн төв Улаангом хотод 700 гаруй хүүхэд залуус ирээд барилдаж байх жишээтэй. Ер нь бол Монголын бүх л аймгууд жүдогийн дэвжээтэй болж, хотод бол Жүдо академи байгуулагдаад таван настай хүүхдээсээ эхлээд эцэг, эхчүүд нь өөрсдөө авч ирээд бүрэн сургалтад хамруулдаг болсон байх жишээтэй. Тэгээд ч Жүдо академид суралцаж байгаа хүүхэд залуус хөдөлгөөний их сайн эвсэлтэй болж, жүдо бөхөд чин сэтгэлээсээ дурлан сонирхоцгоодог болжээ. Ингэхээр манай холбооны үйл ажиллагаа нь үнэхээр далайцтай, маш шаргуу, өндөр сайн зохион байгуулалттай явагдаж байгаа гэдгийг бахархалтайгаар хэлэх ёстой.

-Энэ удаагийн Зүүн Азийн аваргын тэмцээнд хоёр Солонгос улс нэгдсэн нэг баг болон оролцож байна. Саяын хэд хоногт ялангуяа Хойд Солонгосын баг спортын төв ордонд нэлээн сайн бэлтгэл хийж байсан. Та Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувьд хоёр Солонгосын нэгдсэн бэлтгэлийг харав уу. Ер нь аль хэр сайн бөхчүүд ирсэн бол?  

-Тэдний бэлтгэлийг нэлээн сайн ажигласаан. Ер нь хоёр Солонгосоос их сайн залуучууд ирсэн байна лээ. Тэгээд ч хоёр Солонгос нь жүдо бөхөөр дэлхийд, олимпийн наадамд хамгийн өндөр хэмжээнд өрсөлддөг бөхчүүдтэй орнууд шүү дээ. Энэ удаагийн Зүүн Азийн аваргын тэмцээнд хоёр Солонгос маань нэгдсэн нэг баг болоод оролцохоор ирээд байгаа нь бас нэгэн түүхэн үйл явдал гэж дүгнэж болно. Ер нь хоёр Солонгос улс яваандаа эвлэлдэн нэгдэх түүхэн үйл явдлын эхлэл нь Монгол Улсад тохиож байгаа нь бас л сонин сайхан үйл явц юмаа. Хоёр Солонгос ингэж хамтраад оролцож байгаад бидний хувьд ихээхэн баяртай байгаа юм. Дэлхийд хүчтэй бөхчүүдтэй хоёр Солонгос нэгдсэн нэг баг болоод орж байгаа нь багийн тэмцээнд хамгийн хүчтэй өрсөлдөгч болохын шинж юм л даа. Тийм болохоор багийн тэмцээн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй болох нь тодорхой болж байна.

-Та бид хоёрын яриа өндөрлөх дөхөж байна. Энэ удаагийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажиллаж байгаа. Ер нь тэмцээний бэлтгэл ажил аль хэр сайн хангагдсан гэж дүгнэж байгаа вэ?

-Энэ удаагийн тэмцээний бэлтгэл ажил маш сайн хангагдсан гэж дүгнэж болно. Тэмцээн маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа болохоор санаа зовох зүйл бараг л байхгүй гэж дүгнэж байгаа юм. Тэгээд ч зохион байгуулах хорооных нь даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажиллаж, маш сайн зохион байгуулж, байнга шахаж шаардан ажиллаж байгаа юм билээ. Тэмцээнд ирэх ёстой бүх орнуудаас сайн сайн бөхчүүд ирсэн байна. Зүүн Азид Азийн найман л орон байдаг болохоор бүгдээрээ л ирцгээсэн байна. Энэ тэмцээний дараа Азийн тоглолт, Азийн аварга шалгаруулах тэмцээн гээд томроод явчих болохоор энэ тэмцээнд халуухан өрсөлдөөн өрнөх нь тодорхой юм. Ер нь энэ тэмцээн бол бүс бүсдээ шинэ залуу сайн бөхчүүдийг гаргаж ирэх зорилготой болохоор Зүүн Азийн орнууд ч ихээхэн ач холбогдол өгч байгаа нь илэрхий байгаа юм. Ялангуяа хоёр Солонгос, Япон, БНХАУ-ын багууд маш сайн залуучуудаа авч ирсэн гэж дүгнэж байгаа. Японы баг бол ер нь хамгийн ширүүн өрсөлдөгч л дөө. Дээр нь БНХАУ-ын залуучууд сүүлийн үед нэлээн сайжирч, ширүүхэн өрсөлддөг болоод байгааг хэлэх ёстой юм.

-Зүүн Азийн найман орны бөхчүүд Баянгол зочид буудалд байрлаж байгаа юу. Ер нь хаана байрлаж байгаа бол?  

-Өө янз бүрийн буудалд л байрлаж байгаа. Баянголд ч байгаа, тэгээд албаны олон хүмүүс байгаа болохоор өөр том буудлуудад ч буусан байна лээ. Тухайлбал "Блю Скай" зэрэг том буудлуудад албаны хүмүүс нь буусан юм билээ. Зүүн Азийн Жүдогийн холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар нь тусдаа өөр том буудалд буусан дуулдсан.

-Тэмцээний дараа хоёр Солонгосын хамтарсан багтай Монгол Улсын шигшээ баг нэгдсэн бэлтгэл хийх үү, яах бол?

-Өө түүнийг жинхэнэ утгаар нь хийнэ, хийнэ. Тэмцээний дараа хоёроос гурван хоног нэгдсэн бэлтгэл хийнэ. Түүний дараа шүүгчдээс Олон улсын шүүгчийн зэрэглэл олгох сургалт, семинар ч явагдана. Энд Квагачу гээд багш ирчихсэн байгаа учир шүүгч нарт нэлээн сайн сургалт явагдах нь ойлгомжтой. Манайхаас дөрвөн шүүгч орж, шалгалт өгнө. Бусад улсын шүүгч нар ч шүүгчийн зэрэглэлээ ахиулах шалгалтад хамрагдана.

-За баярлалаа, аварга аа. Шавь нарт нь их амжилт хүсч байна аа?

-За өөрт тань ч их баярлалаа. Манай шавь нар эх орныхоо нэрийг дуурсгаж, амжилттай сайхан барилдах байх аа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.