П.Нүрзэд: “Монголоо сонсъё” аяныг эрчимжүүлэх, ард түмэнтэйгээ улам нягтарч ажиллахын тулд манай нам шахуу ажилтай байгаа

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 16:53 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарын хамгийн том Баянзүрх дүүрэгт өнөөдөр АН-ын “Монголоо сонсъё” аян нээлтээ хийж, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөх Жанжин клубт ард иргэдтэйгээ уулзалт зохион байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлэв. “Монголоо сонсъё” аяны нээлтэд дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, дүүргийн АН-ын хороон дарга П.Нүрзэд зэрэг удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирж иргэдтэйгээ уулзсан юм. УИХ дахь сөрөг хүчин АН-ын хувьд ард иргэдтэйгээ тулан ажиллаж, тэдний амьдрал ахуйд учирч байгаа бэрхшээл зовлонг шийдэхийн тулд “Монголоо сонсъё” аяныг орон даяар өнгөрсөн сарын 14-нөөс зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ удаа нийслэлийн зүүн захын Баянзүрх дүүргийн иргэдийн санаа бодлыг сонсох аян ийнхүү эхэллээ. Аяны нээлтийг дүүргийн АН-ын хороон дарга П.Нүрзэд хийсэн бөгөөд түүний хэлсэн үгийг товчилж гол санааг нь гарган тавьж байна.

-За Баянзүрх дүүрэгт өнөөдөр нээлтээ хийж байгаа “Монголоо сонсъё” аяны нээлтийн хуралд хүрэлцэн ирсэн Баянзүрх дүүргийн 53,54 дүгээр тойргийн иргэд сонгогчид болон АН-ын гишүүд, дэмжигчид та бүхэндээ баярлалаа.

Манай АН-аас “Монголоо сонсъё” Үндэсний аяныг өнгөрсөн сарын 14-нөөс орон даяар эхлүүлсэн юм. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аяны хүрээнд манай намын Үндэсний бодлогын хорооны гишүүд монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллаж эхэлсэн байгаа. Орон даяар зэрэг эхэлсэн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа,  Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Н.Ганибал, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон Үндэсний бодлогын хорооны гишүүд, орон нутагт ажиллах менежерүүд, аймгийн Ардчилсан намын дарга нар оролцсон байгаа. “Монголоо сонсъё” аян нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ сарын 15-нд өндөрлөнө. Улмаар бүх тайланг нэгтгэж, Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн дүгнэх юм. Мөн Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг аяны хүрээнд орон даяар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байгаа. Анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт уялдаа, холбоотой ажиллах, боловсон хүчнийг чадавхжуулах, өнөөгийн эрх баригчдын хийж, хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ард түмний саналыг сонсохоор тус аяныг зохион байгуулж байгаа гэдгийг нээлтийн үеэр манай намын удирдлагууд онцолж байсныг хэлэх ёстой.

Өнөөдрийн байдлаар “Монголоо сонсъё” аян ажлаа эрчимжүүлэх, ард түмэнтэйгээ улам нягтарч ажиллахын тулд манай нам нэлээн шахуу ажилтай байгаа. Тэгээд ч долоо хоногийн дараа “Монголоо сонсъё” аян өндөрлөж дүнгээ гаргах тул ард иргэд та бүхнийг манай намын аяны арга хэмжээнд ихээхэн идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. Иргэд та бүхэнд танилцуулахад Ардчилсан нам сүүлийн хоёр жилийн хугацаанд намаа шинэчлэх маш их ажилтай байлаа. Энэ хугацаанд хийсэн ажлаа ард түмэнд ойлгуулах, таниулах, амьдралд нь тулгамдаж байгаа гол асуудлыг тодорхойлоход аяны зорилго оршиж байгааг түрүүнд хэлсэн. Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн дунд зохион байгуулж байгаа ажил биш, монголын ард түмнийг хамрах үндэсний хэмжээний аян учир иргэд та бүхэн туйлын идэвхтэй оролцоорой гэж Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны даргын хувиар уриалж байна. Энд тэмдэглэхэд улстөрийн намууд сонгуулийн үеэр ард түмэнд маш сайхан амлалт өгдөг. Харамсалтай нь бодит байдал дээр амлалт нь огт хэрэгждэггүй нь өнөөдрийн эрх баригч МАН-ын ажил байдлаас тодорхой харагдаж л байгаа.  Энэ удаагийн УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа 65-ын бүлэг, түүний Засгийн газар амлалтаа огт биелүүлэхгүй байгаа талаар ард түмэн ярьж байна. Тиймээс бид энэ асуудалд анхаарлаа хандуулж, аяны хүрээнд иргэдээ сонсч, бодит байдалтай газар дээр нь танилцах нь бидний гол зорилго юм.

Манай Баянзүрх дүүрэг нь 28 хороотой, нийтдээ 124.4 мянган га газар нутагтай, Улаанбаатарын хамгийн том хоёр дүүргийн нэгэн билээ.  Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт 4700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 151 нь төсвийн, 420 нь төрийн бусбайгууллага бол 18 нь хувьцаат компани, 3345нь ХХК юм. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газар 49, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 13 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Өнөөдрөөс эхлэх “Монголоо сонсъё” аяны хүрээнд баянзүрх дүүргийн хэмжээнд болон Монгол орны нутаг дэвсгэрт өрнөж, ард иргэдийн сэтгэлийг зовоож байгаа бүх л асуудлаар та бүхэн санал бодлоо илэрхийлэхдээ амьдран суугаа хороо, орон сууц, гудамжныхаа дугаарыг өөрийнхөө нэр устай  тодорхой хэлээд санал бодлоо чөлөөтэй илэрхийлцгээгээрэй.

Манай Баянзүрх дүүрэг нь ардчиллын төлөөх процесс хамгийн өндөр хөгжсөн дүүрэг учир та бүхэн “Монголоо сонсъё” аяны үйл ажиллагаанд хэн нэгнээс айж хулчийлгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, туйлын идэвхтэй оролцоорой.

Ингээд Улаанбаатарын зүүн захын хамгийн том дүүрэг Баянзүрхэд Ардчилсан намын “Монголоо сонсъё” аян нээлтээ хийснийг та бүхэндээ илэрхийлж байна.

Ардчилсан намын үзэл баримтлалын талаар товчхон мэдээлэл хийхэд саяхан манай намын шинэчлэл, Ардчилсан намын даргын сунгаа гээд олон үйл явдал өрнөсөн. Ингээд Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчилал, ардчилалаа хамгаалан бэхжүүлэх, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, Иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх Барууны төвийн нам юм. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш хариуцлагатай ардчилсан Монгол Улсын иргэд билээ та бид. Ардчилсан намын гишүүд нь хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн чиг хандлагыг эрхэмлэн дээдэлж, 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хамгаалж, ардчилсан хувьсгалын ололт амжилт, Монгол орны улстөр, нийгэм эдийн засгийн хөгжлийг бэхжүүлсэн дэвшилт санаачилга, өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтаараа бахархаж, цаашдын бодлого үйл ажиллагаагаа тогтворжуулахыг тэргүүн зорилгоо болгон тавьж байгаа юм.

Манай намын зүгээс давын өмнө Хувь хүний эрх чөлөө, хоёрдугаарт Эдийн засгийн эрх чөлөө, гуравдугаарт Улстөрийн эрх чөлөө, дөрөвдүгээрт Шударга ёсны эрх чөлөө, тавдугаарт Үндэсний эрх чөлөөг тэргүүн зэрэгт тавин тэмцэх болно.  

Жишээлбэл Хувь хүний эрх чөлөөг дотор нь задалвал давын өмнө Эрхэм чанартай байх, Аз жаргалаа илэрхийлэх, Хувь заяандаа эзэн нь байх, Хариуцлагатай байх, Өөрийгөө хөгжүүлэх, Итгэл үнэмшилтэй байх, Өмчтэй байх, Мэдээллээр тэгш хангагдах зэрэг нь Хувь хүний эрх чөлөө, чөлөөт байдлын хамгийн үнэт зүйл гэж үзэх болно. Харин ардчиллын суурь зарчмын тухай яривал маш олон зүйлийг ярих шаардлагатай болно. Үүнийг ард иргэд та бүхэнтэйгээ нэгтгэн шүүж ярилцах учир ингээд товчилж байна. Энд жаахан алгасалт хийж байгааг иргэд та бүхэн анхааралдаа аваарай.

Ийнхүү Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хороон дарга П.Нүрзэд дүүргийн хэмжээнд өнөөдөр эхэлж байгаа “Монголоо сонсъё” аяныг нээж ард иргэддээ хандан үгээ хэлсэн юм. “Монголоо сонсъё” аян Баянзүрх дүүрэгт долоон өдрийн турш нэлээн шаргуу, үр бүтээлтэй өрнөхөөр ийнхүү нээлтээ хийлээ. Баянзүрх дүүрэг нь 336 мянган хүн амтай, Улаанбаатарын хамгийн том дүүрэг бөгөөд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрчимжиж, орон сууцны шинэхэн хорооллууд шил шилээ даран босч байгаа ажил хөдөлмөр буцалсан дүүрэг билээ.

Харин дүүрэгт Ардчилсан намын “Монголоо сонсъё” аян ийнхүү эхэлж байгаа нь ард иргэдийнх нь сэтгэл санааг өргөх, тулгамдсан асуудлуудлаа харилцан ярилцаж шийдвэрлэхэд ихээхэн чухал нөлөө үзүүлэх нь тодорхой юм.

Эдгээрийг шийдвэрлэхэд П.Нүрзэд даргатай дүүргийн ардчилсан намын хорооноос гадна өнөөдөр БНСУ-д албан ажлаар явж байгаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлагуудынх нь зүгээс ч ихээхэн анхаарал хандуулах нь ойлгомжтой билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.