Ш.Ганчимэг: Баянзүрх нь 336 мянган хүн амтай хамгийн том дүүрэг л дээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь сөрөг хүчин АН-ын “Монголоо сонсъё” аян өнгөрсөн сарын 14-нд нээлтээ хийж, орон даяар явж эхэлсэн билээ. Тэрхүү аян өнөөдөр нийслэлийн хамгийн томоохон Баянзүрх дүүрэгт нээлтээ хийж, ард иргэдийнхээ үгийг сонсох хурлынхаа ажиллагааг эхлүүлсэн юм. Баянзүрх дүүрэг нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд хамгийн олонтой, нийслэлийн зүүн захын том дүүрэг билээ. Мэдээж энэ том дүүргийн иргэдэд тулгамдсан, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ИТХ-ынх нь гишүүдийн зүгээс идэвхтэй ажиллаж, шийдвэрлэвэл зохилтой олон асуудал байгаа нь тодорхой. Ингээд “Монголоо сонсъё” аяны нээлтийн ажиллагааны үеэр дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэгтэй уулзаж дараах ярилцлагыг хийснээ хүргэж байна.

-За та нэлээн хэл ам ихтэй Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар томилогдоод хоёр жил болж байгаа байх аа. Орон нутгийн сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга болсон билүү?

-Тийм ээ. 2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баянзүрх дүүрэгт АН олонхи болсон л доо. Тэгээд Орон нутгийн сонгуульд Банязүрх дүүрэгт олонхи болж, ялалт байгуулсан АН-аас нэр дэвшин 2016 онд ИТХ-ын даргаар томилогдсон юм.

-Тэрхүү Орон нутгийн сонгуулийн дараа Банязүрх дүүргийн ИТХ-д олонхи болсон АН-ынхан МАН-ын төлөөлөгчидтэй учир зүйгээ ололцож чадахгүй, нэлээн их хэл амтай байцгаасан. Одоо ер нь дүүргийн ИТХ аль хэр хэл амаа ололцож байгаа бол, ИТХ-ын ажил төрөл ер нь ямархуу байдалтай явж байгаа болон гол анхаарлаа ямар асуудалд чиглүүлж байгаа вэ?

-Ер нь бол 2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнг дүүргийн МАН-ын хороо болон Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байснаас болж өнгөрсөн 2017 он тэр чигээрээ талцсан, хуваагдсан хэрүүлийн байдалтай явсан. Гэхдээ бидний хувьд 2016 оноос хойш үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд үргэлжлүүлээд л явж байгаа. Миний зүгээс ИТХ-ын даргын хувьд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргаар хавсран ажилладаг л даа. Ер нь бол Баянзүрх дүүргийн бүх л болж бүтэхгүй байгаа мэдээллийг авч байдаг. Ингэхээр бидний зүгээс үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд л явуулж байна. Бид өнгөрсөн онд л гэхэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөө байгуулаад хороод дээрээ Хүчирхийллийн эсрэг болон Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, Хулгайн болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Дэд зөвлөлүүдийг нь байгуулаад үйл ажиллагааг нь жигдрүүлээд явж байна. Манай ИТХ-ын гол үйл ажиллагаа юу байгаа вэ гэвэл УИХ-аас гарч байгаа хууль тогтоомжуудын хэрэгжилт, биелэлтэд нь л хяналт тавих гол үүрэгтэй байдаг л даа. Тэр л үүргийнхээ дагуу бид нар янз бүрийн олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 2018 оныг Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон болох аян өрнүүлээд дүүргийнхээ бүх байгууллагуудад удирдамжаа тараагаад өгчихсөн. Энэ ажлынхаа үр дүнг ирэх 11 дүгээр сард дүгнэхээр төлөвлөж байгаа.

-Өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр АН-ын “Монголоо сонсъё” аян үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм байна. Энэ аяны хүрээнд ямар ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Тийм ээ. Өнөөдөр манай дүүрэгт манай АН-ын “Монголоо сонсъё” аяны нээлт болж байна. Энэ аяны хүрээнд манай дүүргийн ард иргэдийн хувьд амьдралд нь чухам юу нь болж бүтээд, юу нь болохгүй байгаа юм, ямар зүйл дутагдаж байгаа юм гэдгийг харилцан ярилцаж шийдвэрлэх гарц, арга замаа сонгох, шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Миний хувьд ард иргэдийнхээ зүгээс ямар асуулт тавих нь вэ, юуг шийдвэрүүлэх хүсэлтэй байгаа зэргийг сонсохын тулд энэ аяны нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирээд байна. Мэдээж ард иргэдтэйгээ харилцан ярилцах, тэдний эрэлт хүсэлтийг анхааралтай сонсож ИТХ-ын гишүүдтэйгээ харилцан ярилцах зүйл олон гарах нь тодорхой юм.

-Баянзүрх дүүрэг нь Улаанбаатарын хамгийн том, хамгийн олон оршин суугчтай дүүрэг л дээ. Мэдээж энд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд хамгийн олноороо амьдран сууж байгаа. Хамгийн гол нь Улиастайн амууд, Хужирбулангийн зүүн хэсэг, Партизаны Сангийн аж ахуй хавиар тог цахилгаанд холбогдоогүй, амьдрал нь хэцүүхэн байгаа айл өрх олон байгаа. Эдгээр асуудалд ИТХ-ын зүгээс ямар анхаарал хандуулж байгаа бол?

-Манай Баянзүрх дүүрэг нь Улаанбаатарын хамгийн олон буюу 336 мянган иргэд, оршин суугчтай дүүрэг л дээ. Нийт хүн амын маань гуравны нэг хувийг нь 0-18 насны хүүхдүүд эзэлдэг юм. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд ямар ч гэсэн 0-18 насны хүүхдүүддээ зориулаад 10-аад цэцэрлэг ашиглалтад оруулсан байна, 3-4 бага сургууль баригдаж ашиглалтад орууллаа. Дүүрэг маань ийнхүү хүн ам ихтэйгээс гадна замын түгжрэл, Гэмт хэргийн гаралт ихтэй байдаг л даа. Дээр нь манайд томоохон Худалдааны төвүүд, захууд байдаг болохоор тэдгээрийг дагалдсан Гэмт хэргийн гаралт харьцангуй ихтэй байдаг юм. Да хүрээ зах, Зүүн дөрвөн зам, Нарантуултай захтай холбогдсон замын түгжрэл их байна. Энэ бүхний эсрэг, аль болохоор ард иргэдээ амар тайван амьдруулахын тулд тодорхой ажлуудыг төлөвлөн тавиад явж байгаа. Сая л гэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөвлөлгөөн зохион байгуулсан. Одоо замын түгжрэл ихтэй байгаа гол газруудынхаа замыг хэрхэн өргөтгөн сайжруулах вэ, түгжрэлийг хэрхэн бууруулах вэ гэсэн зөвлөмжийг гаргасан. Дээр нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хүрээнд өнгөрсөн 2017 оныг Хулгайн гэмт хэргийг багасгах жил болгон зарласан бол энэ жил түүнийгээ өргөжүүлэн тэлээд дээрээс нь хүүхэд, Гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн багасгах, бууруулах чиглэлээр тодорхой ажлууд зохиогоод явж байна. Сая л гэхэд Хүүхэд хамгааллын тухай зөвлөлгөөнийг зохион байгуулсан байгаа. Ер нь манай Баянзүрх дүүрэг нь Хүүхдэд ээлтэй дүүрэг болсон л доо. Энэ мэтчилэн олон талт ажлуудыг тасралтгүй зохион байгуулсаар л байна.

-Баянзүрх дүүрэгт 5 дугаар цахилгаан станц ашиглалтад орсон. Мөн түүнчлэн томоохон аж ахуйн нэгжүүд нэлээн олноороо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түүнээс гадна Худалдааны томоохон төв, захууд ажиллаж байгаа. Ер нь ингэхэд Татварын орлого аль хэр бүрдэж байгаа бол. Жишээлбэл танай ИТХ-аар гэхэд аль хэр санхүүжилт хийгдэж байгаа вэ?

-Манай ИТХ-ын хурлаар жилдээ 80 тэрбум төгрөгийн санхүүжилт батладаг л даа. Тэрхүү 80 тэрбум төгрөгийн 60 тэрбум нь дандаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Өрхийн эмнэлгүүдийн урсгал зардал болоод л явчихдаг. Үлдсэн 20-иод тэрбум төгрөг нь дүүргийн хэмжээний ажилчдын цалин болон бусад зардалд яваад өгдөг юм. Манай дүүрэгт тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор ямар ч байсан дүүргийн дулааны хүртээмж, хангамж нэлээн сайжирсан. Харин ард иргэдээс ирж байгаа гол хүсэлт нь юу байдаг вэ гэвэл цахилгаан станцтай ойр амьдарч байгаа ард иргэдийн зүгээс “Төвийн шугамтайгаа холбогдъё” гэсэн хүсэлт хамгийн их ирдэг. Зарим иргэд маань гудамжаараа зураг төслөө хийлгэчихсэн, түүнийгээ бидэнд үзүүлээд явцгааж байгаа. Иргэдээс хамгийн их асуудал болгож байгаа нь Гэр хорооллын Дахин төлөвлөлтийн асуудал нэлээн хүнд байдаг л даа. Энэ талаар хамгийн их гомдол санал тавьсаар байгаа юм. Яагаад гэвэл өмнөх дөрвөн жилд явж байсан бүтээн байгуулалтууд нь таг зогсчихсон байгаа л даа. Гэтэл газрыг нь чөлөөлөөд нүүгээд явчихсан ард иргэд маань Түрээсийнх нь төлбөрт дээрэлхүүлээд байдаг учраас байраа байнга нэхэж шаардаж байдаг юм. Ер нь бол Улаанбаатарын хамгийн том дүүргийн хувьд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд хамгийн их байдаг л даа. Тэр хэрээр ажилгүйдэл нэлээн өндөр хэмжээнд байдаг. Бидний зүгээс ажилгүйдлийг бууруулахын тулд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийг идэвхижүүлэх гээд янз бүрийн л ажлууд хийж байна. Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтраад ард иргэдийнхээ амжиргааг дэмжих янз бүрийн л ажлууд хийж байна.

-Тог цахилгаанд холбогдоогүй айлуудын асуудлыг шийдэхийн тулд ямар ажлууд хийгдэж байна?

-Энэ асуудлыг шийдье гэхээр зөвшөөрөлгүй буучихсан айлуудын тухайд нэлээн асуудалтай тулгардаг л даа. Яагаад гэхээр зөвшөөрөлтэй байж гэмээнэ Цахилгаан эрчим хүчний газар болон Шугам сүлжээний газраас тодорхой  ажлууд хийгддэг л дээ. Тэгэхээр зөвшөөрөлгүй буучихсан айлуудыг тог цахилгаанаар хангахад нэлээн хэцүүхэн асуудал үүсээд байгаа юм. Энэ хүмүүст зөвшөөрлийг нь өгье гэхээр үер усны аман дээр буучихсан байх юмуу, эсвэл голын гольдрил дээр буучихсан байх ч юмуу эсвэл Тусгай хамгаалалттай бүсэд буучихсан байдаг болохоор тодорхой зөвшөөрлүүд нь олгогддоггүй юм. Тэгээд зөвшөөрөл нь өгөгдөхгүй болохоор Цахилгаан шугам сүлжээний гэрээ нь хийгддэггүй учраас тог цахилгаангүй байгаад байдаг л даа. Тэгэхээр аль болохоор боломжтой газруудад нь зөвшөөрлийг нь олгох, харин үнэхээр боломжгүйг нь нүүлгэн шилжүүлэх ажлуудыг үе шаттай хийгээд л явж байгаа.
 

-УИХ-аас нийт хүүхдийн 80 хувьд нь Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Харин үлдсэн 20 хувийнх нь мөнгийг Олон улсын Валютын сантай харилцан ярилцаж байж шийднэ гэсэн. Баянзүрх дүүргийн хувьд Хүүхдийн мөнгө олголт хэдэн хувьтай явж байгаа бол?

-Ер нь манай дүүрэгт Хүүхдийн мөнгө олголт ердөө л нэг 50 гаруйхан хувьтай л явж байна. Яг нарийн тоогоор бол нэг 55 хувьтай л явж байгаа болов уу. Энд л гэж хэлэхэд Баянзүрх дүүргийн хэмжээнд Хүүхдийн мөнгө олголт ердөө л нэг алаг цоог хэмжээтэй явж байгаа. Зарим мөнгө нь яг очих ёстой, авах ёстой эзэддээ очихгүйгээр олгогдоод байгаа ч зүйл бий. Энэ нь юутай холбоотой гэхээр тухайн хороонд нь ажиллаж байгаа Халамжийн ажилтнуудын үйлт ажиллагаатай л холбоотой юм болов уу гэж харж байгаа. Яг хамрагдах ёстой хүмүүсээ хамруулж чадахгүй, зарим иргэдийн зүгээс байх байхгүйгээсээ болоод судалгаанд хамрагдаж чадаагүйгээс Хүүхдийн мөнгөө авч чаддаггүй явдал их байна. Энэ асуудалд ИТХ-ын зүгээс хойшид нэлээн анхаарал хандуулъя гэж ярилцаж байгаа.

-Баянзүрх дүүргийн хувьд статистик тоо баримтаас харахад Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн дагуу Шүүхээс шийтгүүлсэн хэрэг нэлээн их байдаг юм билээ. Энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж байгаа бол?

-Ер нь бол Улаанбаатарын хамгийн том буюу 336 мянган хүн амтай дүүрэг гэдгийг түрүүнд хэлсэн. Хүн амынхаа энэ их тоог дагаад Гэмт хэргийн гаралт хамгийн ихтэй дүүрэг л дээ. Тэр ч дагуу Гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт хамгийн өндөр хувьтай байх нь аргагүй юм л даа. Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төв, хамгаалах байр нэгийг байгуулахаар байрных нь асуудлыг шийдчихсэн байгаа. Одоо доторхи тохижилтынх нь асуудлыг Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтраад шийдэхээр ярилцаж байна. Тэр байрны асуудлыг шийдчихвэл гэр бүлдээ хүчирхийлүүлээд байгаа бүсгүйчүүдээ хамгаалалтанд авах боломжтой болоод ирнэ. Ер нь бол Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн асуудлыг хуулийн хүрээнд шийдээд явж байгаа болохоор энэ асуудал ойрын жилүүдэд нэлээн цэгцрээд явах боломжтой гэж дүгнэж байгаа л даа.

Ярилцлагынхаа эцэст нь хэлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллагын 8 дахь удаагийн Сонгуулийн үр дүнд шинээр  эмхлэн байгуулагдсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө иргэдтэйгээ ойр ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал бодлыг байнга сонсож, бодлого шийдвэртээ тусган, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж, хийж бүтээж байгаа ажлаа тогтмол мэдээлж, иргэдтэйгээ харилцах эргэх холбоогоо сайжруулах зорилго тавин ажиллаж байна.

Бид дүүргийнхээ хөгжилд иргэдийнхээ бүтээлч санаачлага, идэвхитэй оролцоог  эрхэмлэн, хамтын ажилллагааг хөгжүүлэхийн төлөө Засаг  дарга түүний баг хамт олонтой үр бүтээлтэйгээр хамтран   ажиллаж байгаа  болно.

Ард иргэд маань Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар байнга зочилж өөрсдийнхөө төлөөлөл болгон сонгосон дүүргийн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний Тэргүүлэгчид, Төлөөлөгчдийн гаргаж буй бодлого, шийдвэр болон хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцаж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж,  төрөлх дүүргээ тогтвортой хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэж байгааг тэмдэглэн хэлье…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.