Монголын шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд 96 багийн 888 харваач өрсөлдөж байна

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Монголын шагайн харвааны холбооноос 28 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 96 багийн 888 харваач өрсөлдөж байна.

Монгол улсын аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Монголын шагайн харвааны холбооноос Төв цэнгэлдэхийн шагайн асарт зохион байгуулж байгаа улсын аваргын тэмцээн өрсөлдөөн ширүүхэн үргэлжилж байна. Өчигдөр хувийн цуваа харваа болж нийт 475 харваач өрсөлджээ. Харин өнөөдөр багийн харваа эхэлж байна. Энэ жилийн шагайн харвааны УАШТ өмнөх жилүүдтэй харьцуулбал оролцогчид болон багуудын тоогоор дээд рекорд тогтоосныг зохион байгуулагчид онцоллоо.

Энэ жилийн УАШТ-д Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймгаас харваачид ирж оролцоогүй байна. Харин хамгийн холоос буюу Ховд аймгаас харваачид УАШТ-ээ зорин ирсэн байлаа. Мөн Завхан, Хөвсгөл аймаг анх удаа ирж оролцож байгаа бол Завханы баг онцлогтой гишүүдээр багаа бүрдүүлжээ.

28 дахь удаагийн МУ-ын аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнд 96 багийн 888 харваач өрсөлдөж байгаа. Даяар дуурсагдах мэргэн 16, Үлэмж дархан мэргэн 43, аймгийн гоц мэргэн цолтой 243 харваач цэц мэргэнээ сорьж байна. Энэ жилийн УАШТ-ий шигшээ харваа 6-р сарын 10-ны өдөр буюу ням гарагт болно.

Шигшээ харвааг МНС телевиз Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм. Шагайн харваа нь хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нүүдэл суурьшлын зохицохуйд оршиж чаддаг, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг хамгийн бага хөрөнгө зардлаар олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлж болдог үндэсний соёлын үнэт өв юм. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо 2015 оны 11 сарын 24-28 ны өдрүүдэд болж, уг хуралдаанаар Монгол улсаас нэр дэвшүүлсэн “Шагайн харваа”-г ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан билээ.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.