“Сентерра Гоулд”-ын дөрвөн лиценз цуцлагдаж Ноён уул аврагдаж эхэллээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хүннүгийн булш бунханыг агуулсан, домог түүхт Ноён ууланд Канадын “Сентерра Гоулд” компани эзэн суухаар санаархаж, алтыг нь ухаж авахаар улайран дайрсаар он жилүүдийг үдсэн билээ. Тэгвэл Мандал сумын иргэд болон эх орноо хамгаалагч “Босоо Хөх Монгол” бүлгэмийн эсэргүүцэл, тэмцлээр үргэлжилсэн эсэргүүцэл эхнээсээ ялалтанд хүрч, өчигдөрхөн болсон Шүүх хурлаар “Сентерра Гоулд” компанийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгосон шийдвэр гарч Ноён уул захаасаа чөлөөлөгдөж эхэллээ. Ийнхүү төрөлх сумынхаа төлөө тэмцсэн Мандалчууд эхнээсээ ялалт байгуулж эхлэв.

Түүх сөхвөл Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 1911-1915 онд Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Баатар бэйлийн хошуу, 1916-1923 онд Баатар вангийн хошуу, хэмээх нэртэй байж.  1924 оны анхдугаар Үндсэн хууль батлагдсаны дараа аймаг хошууны хан, ван, гүн зэрэг бүхий удам залгасан хүний нэрээр нэрлэгдэж байсныг өөрчилж Богд хаан уулын аймгийн “Ноён уулын хошуу” гэж нэрлэгдсэний дотор Мандал сум байгуулагдсан түүхтэй байдаг. 1961 онд АИХ-ын тэргүүлэгчдийн нэгдүгээр сарын 9-ны өдрийн  долоо дугаар зарлигаар Зүүнхарааг хот болгож хотын захиргааг байгуулсан түүхтэй. Харин дараа нь 1968 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн нэгдүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр зарлигаар Мандал сумыг Зүүнхараагийн САА-д харъяалсан сум болгож тус сумын төвийг Зүүнхараад шилжүүлсэн байдаг. 

Улмаар 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа буюу УИХ-ын 1994 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 36-р тогтоолоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотыг Мандал суманд нэгтгэн Мандал сум гэж нэрлэсэн түүхтэй.

Алдарт Ноён уулынхаа асуудлаар Шүүх дээр эхнийхээ ялалтыг байгуулаад байгаа Мандалчууд нь өдгөө 9 баг 2 тосгонд тархан амьдарцгааж байгаа ажээ. Өнгөрсөн онй байдлаар нийт 7,2 мянган өрхөд 26,8 мянган хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдарч байв. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км-т 5.3 хүн оногдож байжээ. Мандал сум нь Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөсөө 210 км зайд байрладаг аж. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар нутагтай төвийн бүсийн аймгуудтай Олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн сум болон өргөжөөд байгаа юм. Өнгөрсөн жилийн байдлаар 7337 га талбайд үр тариа, 1097.3 га-д төмс хүнсний ногоо тариалж 10,2 мянган тн төмс хүнсний ногоо, 4521 тн үр тариа нийт 14925,6 тн  ургац хураан авч байжээ. 2016 оны эцсийн байдлаар 124342,5 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 2013 оноос 23,6%,-иар, 2014 оноос 1,4%-иар өссөн байдаг. 2016 оны нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 67478,3 сая төгрөг буюу 52,7%-ийг  СББ ХК үйлдвэрлэсэн байна. Мандал сум нь хөдөө аж ахуйн газар 136708 га, ойн сан бүхий газар нь 309957 га, усан сан бүхий газар нь 2260 га, тусгай хэрэгцээний газар 21384 га, тосгон суурингийн газар 12826 га, дэд бүтцийн газар 1238 га газар нутагтай ажээ. Үр тарианы үйлдвэрлэл болон төмс хүнсний ногооны үйлдвэрлэлээр аймагтаа төдийгүй улс орондоо дээгүүрт орж байгаа юм. Жил бүр мал сүргийн тоо толгой өсөн баяжиж өнгөрсөн онд 449 малчин өрх, мал бүхий 1616 өрхийн 113610 толгой мал тоологджээ.

Тэгвэл өчигдөр болсон Шүүх хуралд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, “Босоо Хөх Монгол” Бүлгэмийн тэргүүн Шинжээравдан  болон Мандал сумын иргэдийн төлөөлөл гээд олон төлөөлөгч оролцсоны дараа ямартай ч “Сентерра Гоулд”-ын ашиглалтын дөрвөн ч лицензийг хүчингүй болгож, Хүннүгийн булш бунхан гээд олон түүхийн дурсгалыг өлгийдөн хадгалсан Ноён уул захаасаа чөлөөлөгдөж, улсын хамгаалалтад орж эхэллээ.

Тэгээд ч Монгол цэргийн Залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн “Хүнд Эх орноос илүү үнэ хүндтэй юм гэж ер нь юу байх билээ. Хайрга чулуу нь хүртэл торгон элс шиг санагддаг Эх орон минь та энхжингийн наран дор мөнхжин мандах болтугай” хэмээсэн чин сэтгэлийн ерөөл, дуулал ийнхүү Мандалчуудын сэтгэл, тэмцэл зүтгэлээр Шүүхээс эхнийхээ ялалтыг байгуулж, Ноён уулаа өлгийдөн авч эхэллээ.

Ямартай ч Хүннүгийн булш бунхан, түүх соёлын хосгүй дурсгалыг хэвлийдээ хадгалсан Мандал сумын Ноён уулын алтыг нь ухан авч, авдрыг нь хоослохоор улайрсан “Сентерра Гоулд”-ын санаархал энд хүрээд хязгаарлагдаж эхэллээ. Харин хойшид асуудал хэрхэн хаашаа эргэх, ялалт байгуулсан Мандалчуудын тэмцэл хэрхэх, хойшид “Сентерра Гоулд”-ынхан ямархуу байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх зэрэг нь цаг хугацааны шалгуураар тодорхой болох бизээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.