2017 онд 600 тонн, 2018 оны 4 дүгээр сарын байдлаар 440 тонн махыг хойд хөрш рүү экспортолжээ

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

"Монгол-Оросын санаачилга 2018" эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд "Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн үндсэн чиглэлүүд болон стратегийн хэтийн төлөв" сэдэвт салбар хуралдаан боллоо.

Салбар хуралдааныг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: "Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаатай байдаг. Хоёр улс 2009 оноос Стратегийн түншлэлийг хөгжүүлж эхэлснээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон. Стратегийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд 2 улсын Засгийн газар энэ удаагийн “Монгол Оросын санаачилга-2018” форумын арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал" гэдгийг цохон тэмдэглэлээ.  

Тэрбээр, цаашид ОХУ-тай мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн техник технологийг шинэчлэх, салбарын мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, таримал ургамлын шинэ сорт гаргах, үр үржүүлэх чиглэлээр судалгааны ажил хийх зэрэг өргөн хүрээнд хамтарч ажиллах өргөн боломж бий талаар онцолсон.

Уг салбар хуралдаанд ХХААХҮ-ийн Газар тариалангийн бодлогын хэргэжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нарын албаны хүмүүс оролцож, салбарын бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан. Манай улсын газар тариалангийн салбарын онцлог, эрэлт хэрэгцээнд тохирсон хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх боломжтой талаараа ОХУ-ын талаас илэрхийлсэн юм. Одоогийн байдлаар газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа техникийн 60 хувь ОХУ-ынх байна. Манай улс хөдөө аж ахуйн техник хэрэгслээ шинэчлэхийн тулд Оростой хамтарч ажилласнаар 54.6 мянган тонн үр тариа, 50.4 мянган тонн ногоон тэжээлийг технологийн хугацаанд хураан авчээ.  

Мөн махны экспортын чиглэлээр хамтран ажиллаж, 2017 онд 600 тонн, 2018 оны 4 дүгээр сарын байдлаар 440 тонн махыг хойд хөрш рүү экспортолжээ. Тус улстай хамтран “Мал эрүүлжүүлэх” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлох нь зүйтэй. Төслийн хүрээнд шүлхийн вакцин 4,2 сая тунг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээс өнгөрсөн онд 2,8 сая нийлүүлээд байна. Цаашид мал, амьтны гоц халдварт өвчнөөр тайван байдлаа хадгалах, түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын стандартыг хангах улмаар ОХУ-ын Сибирийн зах зээлд мах нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.