Багануурт Хятад тосгон баригдаад эхэлжээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 07-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарыг нүүрсээр хангасаар ирсэн 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн дэргэд цахилгаан станц барихаар хятадууд олноороо орж ирэх болсон бөгөөд, тэд суурин амьдрах тосгоноо байгуулж эхэлжээ. Өнөөдрийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Багануурт Хятадын 1.2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтаар 700 МВт-ын цахилгаан станц байгуулах тохиролцоог өмнөд хөрштэй хийсэн гэж яригддаг билээ. Тодруулвал  Монгол Улсын Засгийн газар 2015 оны дөрөв дүгээр сарын 1-нд “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанитай 700 МВт-ын хүчин чадал бүхий "Багануурын цахилгаан станц" төслийн концессын гэрээг 25 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Уг гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, хөрөнгө оруулагч талыг төлөөлж “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компаний гүйцэтгэх захирал Ван Шөүхэ нар гарын үсэг зурсан гэдэг. Одоо Улаанбаатар хотын Багануур дүүрэгт цахилгаан станцын барилгын ажил эхлэл шатандаа байгаа бөгөөд хамгийн эхлээд гадаад ажилчдын суурьших 20 га газар бүхий тосгоныг байгуулах ажил эхлээд явж байгаа юм.   

Одоогоор хятад ажилчдын түр амьдрах 10 гаруй сендвичин байшинг аль хэдийнэ барьчихсан байгаа бөгөөд тэдний гадуур төмөр торон хашаа барьчихсан байна. Ийнхүү гадуураа төмөр торон хашаатай энэ газарт гаднаас хүн нэвтрэх ямар ч боломжгүй бөгөөд хашаан дотор нь хятад ажилчдын суурин амьдрах дөрвөн том орон сууцны байшинг тун гавшгай барьж байгаа юм билээ. Тэдгээр дөрвөн орон сууц ашиглалтад орсноор тэдгээрт 1000 гаруй хятад иргэд амьдран суухаар тооцоолж байгаа гэсэн.

Багануурын иргэдийн ярьж, тайлбарлаж байгаагаар бол цахилгаан станцыг барих хятад ажилчдын амьдран суух эдгээр дөрвөн орон сууц бүхий тосгон нь 20 га газарт байрлах бөгөөд 25 жилийн хугацаатайгаар хятадуудын мэдэлд шилжин очиж байгаа ажээ. Цахилгаан станцыг 25 жилийн дараа Монгол Улсад шилжүүлэн өгөх бөгөөд тэр болтол цахилгааны үнийг хятадууд л мэдэх учиртай болж байгаа юм. Товчхондоо цахилгаан станц ашиглалтад орсноос хойшхи 25 жилийн хугацааны үр ашгийг Хятадын компани хүртэх нь тодорхой болсон билээ.

Хэдийгээр ирэх намар ашиглалтад орж хятад ажилчдаа суурьшуулахаар болсон дөрвөн орон сууцны барилгын ажилд ашиглаж байгаа цемент, болон бусад материалаар Монголын компаниуд хангаж байгаа ч дээрх төмөр торон хашаа руу цемент, бусад материал авч ирсэн автомашинаас өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй байгааг Багануурын иргэд ярьж байсан. Ирэх намар гэхэд төмөр торон хашаан доторхи дөрвөн орон сууцны барилга ашиглалтад орж, тэнд суурин амьдрах 1000 гаруй хятад ажилчид Багануурт ирчихсэн байх ажээ. Ингэхээр Багануурт 1.2 тэрбум ам доллараар баригдах цахилгаан станцыг барих хятад ажилчдын амьдран суух тосгон эрчимтэй баригдаж байгаа бөгөөд, Багануурт баригдаж Оюутолгой руу цахилгаанаа зарж борлуулах цахилгаан станцыг 25 жил эзэмших хятад компани ажлаа шөнө, өдөргүй эрчимтэй явуулж эхэлжээ. Ийнхүү Багануурын төвөөс урагш 3 км орчим газарт хятад тосгон эрчимтэй баригдаж эхнээсээ 10 гаруй жигтэйхэн урт, том сендвичин байшин ашиглалтад орж эздээ суулгаад эхэлжээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.