Монгол туургатны соёл, урлагийн “Мөнх тэнгэр” наадам болно

Twitter Print
2018 оны 06-р сар 07-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

БСШУСЯ, НЗДТГ хамтран монгол туургатны “Мөнх тэнгэр” соёл, урлагийн анхдугаар наадмыг ирэх сарын 6-8-нд Улаанбаатар хотод зохион байгуулах аж. Уг наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, мөн тус улсын Шинжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур аймаг, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Уулын Алтайн бүгд найрамдах улсаас төлөөлөл оролцох юм байна. Зохион байгуулагчид эдгээр улсаас нийт 300-гаад төлөөлөгч хүлээж авахаар төлөвлөжээ.

Монгол туургат угсаатан өдгөө хэд хэдэн улсын хилийг дамнан хүн, байгалийн төгс зохицол болсон соёлын өв, ёс заншил, уламжлалт урлагийн төрөл зүйлсээ хойч үедээ өвлүүлсээр оршин байна. Дэлхий дахин даяаршиж олон соёл сүлэлдэн, зарим нь устан үгүй болж, сарнин задарч, мөн нэгдэн нягтарч буй энэ үед монгол туургатны соёлын өв, уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах нь монгол туургатан хэн бүхний ариун үүрэг хэмээх үзэл санаанд тулгуурлан уг наадмыг зохион байгуулахаар болсон байна. Соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харгалзан ийнхүү тус наадмыг санаачлан зохион байгуулахаар болжээ.

Монгол туургатнууд соёл, өв уламжлал, зан заншлаа хэрхэн хадгалж хамгаалж байгааг нэгэн дор үзүүлэх, харилцан судлах, хамтын ажиллагаа өрнүүлэх, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, урлагийн төрөл зүйлийг сурталчлан таниулахад наадмын зорилго оршиж буй аж.

“Мөнх тэнгэр” наадмын хүрээнд монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, кино өдөрлөг, “Соёл, урлаг-сэтгүүл зүйн салбарт” сэдэвт сэтгүүлчдийн уулзалт, соёлын үйлдвэрлэлийн чиглэлээрх бизнес уулзалт болон бичиг үсэг, гар урлал, уран зураг зэрэг соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтууд зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна.

Наадмын хүрээнд соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин Д.Сүхбаатарын талбайд худалдаа, үйлчилгээ, үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд наадамд оролцогч улс, орнуудын төлөөллүүд өөрийн уламжлалт соёлын онцлогийг илтгэсэн гэр, асар майхныг чимэглэн нийслэлчүүдийг хүлээж авах юм байна.

Энэхүү наадмаар дамжуулан соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой тул аж ахуйн нэгж, байгууллагууд, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид зохион байгуулагчидтай хамтран ажиллаж болох нь ээ.

Р.Оюунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.