Б.Батбаяр: Энэ удаагийн “Mongolia Open” тэмцээн их өрсөлдөөнтэй болно...

Twitter Print
2018 оны 06-р сар 07-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Буяндэлгэрийн Батбаяртай Спортын төв ордны үүдэнд таарч дараах ярилцлагыг хийв. Тэрээр нөгөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхлэх “Mongolia Open“ тэмцээний бэлтгэл ажлаар явж байсан ажээ. Нөгөөдөр эхлэх энэхүү тэмцээн Олон улсын чөлөөт бөхийн холбооны дүрмээр “А” зэрэглэлийн тэмцээн болсон ажээ. Ингээд түүний яриаг сонирхоно уу.

-Нөгөөдөр эхлэх “Mobgolia Open” тэмцээний бэлтгэл аль хэр хангагдаж байна. Бичиг баримтын бүрдүүлэлт, оролцох бөхчүүдийн талаарх мэдээлэл гээд нэлээн юм болдог байх даа?

-Аа ер нь бэлтгэл ажил үндсэндээ цэгцэрч байна. Одоогоор манай тэмцээнд дэлхийн гайгүй шилдэг 12 орны баг, бөхчүүд барилдахаар мэдүүлгээ ирүүлж, ихэнх нь ирчихээд бэлтгэлдээ орсон байгаа. Тухайлбал ОХУ-ын Буриадын шигшээ багийн бөхчүүд бэлтгэлдээ гарчихсан байна. Буриадын бөхчүүдийн дунд ОХУ-даа дээгүүрт эрэмбэлэгддэг шилдэг бөхчүүд нэлээн харагдаж байна лээ. За тэгээд удахгүй АНУ, Иран, Канад, Казакстаны хүчтэй, шилдэг бөхчүүд ирнэ. Ихэнх нь наашаа гарчихсан, замдаа яваа нь тодорхой. Мөн хаа хол Африк тивийн Нигери улсын бөхчүүд анх удаа “Mongolia Open”-д барилдахаар ирж яваа, бараг өнөөдөр оройдоо ирчих болов уу. Тэгээд Пуэрто-Рико, Гватемал гээд алс холын бөхчүүд ирж яваа даа. Мэдээж ирж яваа орнуудын бөхчүүдийн танилцуулга, бичиг баримт тэдэнтэйгээ л хамт ирж яваа. Австралийн бөхчүүд тун удахгүй Чингис хаан Олон улсын буудалд газардах болов уу.

-Дэлхийн шилдэг бөхчүүд оролцох “Mongolia Open”-г хаанахын шүүгчид шүүн явуулах вэ?

-Тэмцээнийг манай улсын 19 шүүгч шүүн явуулна. Гэхдээ Олон улсын бөхийн нэгдсэн холбооноос ямар нэгэн шийд гарч, гадны шүүгчид ч ирж болзошгүй. Маргааш буюу баасан гарагт тэмцээнийг шүүн явуулах шүүгч нарыг хамруулсан семинар, зөвлөгөөнийг явуулах болно. Ер нь шүүлтийн хувьд ямар нэгэн будлиан, алдаа мадаггүй явуулах тал дээр ихээхэн анхаарч байгаа. Дэлхийн хүчтэй 12 орны баг тамирчид өрсөлдөх болохоор шүүлтийн талд ямар нэгэн алдаа, хэл амтай шүүлт явуулж огт таарахгүй л дээ.

-“Mongolia Open” тэмцээн урьд нь нэлээн хэд болсон байхаа. Энэ удаа өмнөх тэмцээнүүдийн туршлага дээр нэлээн суурилах болов уу?

-Тийм ээ. Манай “Mongolia Open” тэмцээн урьд нь долоон удаа болж байсан бол одоо найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа нь энэ. Тэмцээн маань жил ирэх тусам оролцох орны тоо хийгээд, бөхчүүдийн чанар чансаа улам л сайжирсаар байгааг хэлэх ёстой. Энд нэг зүйл хэлэхэд энэ 2018 оноос эхлэн Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөхийн тус бүр дөрвөн тэмцээнд дэлхийн чансаа олгож байхаар шийдвэр нь гарсан. Эдгээрийн дунд манай “Mobgolia Open”-д амжилттай оролцсон эмэгтэй бөхчүүдэд дэлхийн чансаа олгож байх шийдвэр нь гарсан болохоор энэ удаагийн тэмцээнд АНУ, Канад, ОХУ-ын Буриад, Казакстан, Австралийн хүчтэй, шилдэг эмэгтэй бөхчүүд ирж оролцох байх. Яагаад гэвэл манай тэмцээнд амжилт гаргавал дэлхийн чансаанд нь илт нөлөөлөөд явчихна л даа. Тийм болохоор манай эмэгтэй бөхчүүд ч тун хүчтэй өрсөлдөх нь тодорхой.

Харин эрэгтэй бөхчүүдийн хувьд жин тус бүрт бас л ширүүхэн өрсөлдөөн өрнөх нь ойлгомжтой юм.

-Тэмцээн хоёр өдөр явагдана гэсэн. Эхний болон хоёр дахь өдөр ямар жингүүдийн өрсөлдөөн явагдах вэ?

-Тийм ээ. Тэмцээн маань Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх амралтын хоёр өдөрт болж дүнгээ гаргана л даа. Тэгэхээр эхний өдөр буюу ирэх бямба гарагт эрэгтэй 57, 65,74,86,97 эмэгтэй 50,55,59, 65,72 кг-ын жингүүдийн өрсөлдөөн болж дүнгээ нэгтгэнэ. Харин хоёр дахь өдөр буюу ирэх ням гарагт эрэгтэй 61,70, 79,92,125 эмэгтэй 53,57,62,76 кг-ын жингүүдийн өрсөлдөөн болж, аваргуудаа тодруулснаар “Mongolia Open” өндөрлөнө. Ер нь бол ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болох шинжтэй байгаа.

-Таны хувьд МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар хэзээ томилогдсон билээ?

-За даа жил хагасын хугацаа өнгөрч байна уу даа. Тодруулвал МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хурал 2016 оны 11 дүгээр сарын 23-нд болж намайг МЧБХ-ны ЕНБД-ын үүргийг орлон гүйцэтгэгчээр тавьж байсан л даа. Учир нь тухайн үед МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан О.Баянмөнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чѳлөөлж, Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр МЧБХ-ны шинэ ерѳнхийлѳгчийг томилогдох хүртэл МЧБХ-ны Ерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр намайг тавьж байсан юм. Тэгээд дараа нь жинхлэн батламжилж байсан л даа.

-МЧБХ нэг хэсэг гавьяат тамирчин, одоо дасгалжуулагч болсон О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр болон гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нартайгаа хэрүүл, тэмцэл хийгээд байсан. Одоо ер нь асуудлаа зөвлөн ярилцаж, учир зүйгээ ололцсон уу?

-За яахав дээ. Риогийн олимпийн 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Узбекийн бөхтэй барилдан 7:7-оор тэнцсэн ч сүүлийн оноогоор ялагдаж, хүрэл медалийн оосроос атгаад алдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангаа өмөөрч гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарын дасгалжуулагчид дэвцээн дээр нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлж байсныг ард түмэн санаж л байгаа. Түүний улмаас Ц.Цогтбаяр нарын дасгалжуулах эрхийг хоёр жилийн хугацаатай хураасан л даа. Түүнээс болоод л түүний ах гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр болон О.Пүрэвбаатар нар эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн л дээ. Тэд нэлээн удаан шазуур зууцгаасан. Одоо ч төдийлөн учир зүйгээ ололцоогүй л юм шиг явцгаадаг. Гэхдээ бидний зүгээс тэднийг аль болохоор л дэмжин ажилладаг. Энэ удаагийн тэмцээнд ч тэд өөрсдийн олон шавь нараа дагуулан оролцох нь тодорхой.

-Өнгөрсөн тавдугаар сарын эхээр дэлхийн шинэчилсэн чансаа гарахад манай нэлээн хэдэн бөх тэргүүлсэн байх аа?  

-Тийм ээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо өнгөрсөн тавдугаар сарын эхээр ОХУ-ын Каспийск хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээн, Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргасан байдаг. Гуравдугаар сард Бишкект болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах гэсэн манай дөрвөн бөх дэлхийн чансааг тэргүүлсэн билээ.
Тэгвэл амжилт, чансаагаараа дэлхийг өнгөлж яваа, Монгол Улсын долоон удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн төрсөн өдөр өнгөрсөн сарын 11-ний өдөр тохиосон л доо. Түүний хувьд  эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг юм шүү дээ.

-За та бүхэнд тэмцээндээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе?

-За баярлалаа. Эцэст нь хэлэхэд бөхөд дуртай, сонирхолтой иргэдээ Буянт-Ухаа спорт цогцолборт хүрэлцэн ирж “Mongolia Open” тэмцээнийг үзэж, бөхчүүдээ дэргэдээс нь дэмжээрэй гэж урьж байна. Энэ удаагийн “Mongolia Open” их өрсөлдөөнтэй болно...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.