Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ, элсэж болохгүй...

Twitter Print
2018 оны 06-р сар 10-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед Монголын улстөрчид хоёр гурав хуваагдаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гол төлөөлөл болох Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарын хоёр нь өмнөд, хойд хөршид дараалан айлчилж “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ОХУ, БНХАУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Энэтхэг, Пакистан зэрэг орны араас ес дэх гишүүн болон элсэн орохоор судалж байгаа” хэмээн мэдэгдэж, түүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чимээгүйхэн дэмжиж эхлээд байгаа бол Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Ц.Мөнх-Оргил болон Элчин сайд асан Ж.Чойнхор зэрэг улстөрчид огт эсрэг байр суурьтай байгаагаа тодорхой илэрхийлцгээсэн. Тэгвэл Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элслээ гээд эдийн засгийн ямар ч үр ашиг гарахгүй. Гэхдээ хамгийн дотно хойд хөршөө олон жил гомдоосон буруугаа цайруулж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх нь манай гол геополитик мөн” гэсэн байсан.

Ингэхээр манай улсын ҮАБЗ-ийн гурван гол төлөөлөл улс орноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ес дэх гишүүн орноор элсүүлэхээр сэтгэл нэгдээд байгаа бол Монгол Улсын Гадаад харилцааны яамыг олон жил толгойлж байсан эрхмүүд огт өөр бодол санаатай байгаагаа илэрхийлцгээсэн байна. Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүд ч хоёр гурав хуваагдаж, өөр өөр бодол санаатай байгаагаа ч илэрхийлцгээж эхлээд байгаа. Харин гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын ихэнх сайд нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаа бодлыг дэмжицгээж байгаагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас эхлээд тун ч тодорхой илэрхийлцгээж эхлээд байгаа.

Энэ асуудалтай холбогдуулан хойд хөрш ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс хуучин холбоотон, Монгол Улсад нэлээн орчин үеийн зэвсэг техникээсээ нийлүүлж эхлээд байгааг саяхан айлчлал хийсэн Оросын цэрэг техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч дарга Владимир Дрожжовын  Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэгтэй Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурсан баримтаас тодорхой харагдсан юм. Уг баримт бичгийн дагуу Монгол Улс хойд хөршөөсөө хамгийн орчин үеийн Т-90А танк, БТР-80, БМП-2 хуягтууд, Зенит пуужингийн хосолмол С-300 “Фаворит”, Цэргийн нисдэг тэрэг РЛС, Олон зориулалттай дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоц Су-27-ийг 12 ширхгийг тус тус авахаар болж байгаа юм билээ.

Зенит пуужингийн “Фаворит” цогзолбор бол 75-200 км-ын хооронд ямар ч өндөрт нисэж буй дайсны байг онилж биш хөөж эгшин зуур устгах чадвартай нэлээн орчин үеийн зэвсэг гэсэн. Дөрөвдүгээр үеийн Су-27 буюу НАТО-ын ангилал нэрлэлээр “Flanker-B” нь агаарын тулалдаанд дэлхийд ноёлох хэдхэн төрлийн сөнөөгчийн нэг гэдгийг Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байсан. Харин Т-90А танк нь ОХУ-ын зэвсэглэлд дөнгөж 2004 оноос орж ирсэн бүрэн автомажсан хамгийн орчин үеийн техник гэдгийг ч дурдсан байна лээ. Энэ бүхэн нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхээр сэтгэл шулуудаад байгаа хуучин анд Монголд үзүүлж байгаа хойд хөршийн маань итгэл, сэтгэл болов уу.

Хойд хөршийн зүгээс иймэрхүү дэмжлэг үзүүлээд эхэлсэн бол өмнөд хөрш ч дуугараад эхэлсэн байсан. Тухайлбал Монгол Улс ШХАБ-д элсэхээр боллоо гэдгийг Хятадын Гадаад явдлын сайд Ван И-гийн амнаас дэлхий анхлан сонссон талаар Монголын Үндэсний телевизээр мэдээлсэн. 1990 онд Монгол Улс шинэ гадаад бодлогоо тунхагласан нь халуун хүйтэн дайнд туйлдан зөрчилдсөн ХХ зууны сүүлч, ХХI зуунд монголчууд цаашид аль талд нь явахаа энэ дэлхийд зарласан хэрэг байсан болов уу. Тухайн үед “Аливаа цэрэг, улс төрийн маргаанд оролцохгүй, дэлхийн бүх улсуудтай найрсаг харилцаж хамтран ажиллана, хоёр хөрштэйгээ эгнэгт сайн харилцаатай байхаас гадна гурав дахь гэж нэрлэж болох хиллэдэггүй бүх оронтой хэзээ ч дайсагналцахгүй” гэдгээ тунхагласан зарлаж байсан. Энэ зарчмыг өдий хүртэл аль ч Засгийн газар зөрчөөгүй, тухайн гадаад бодлогоо хатуу баримталсаар ирсэн.

Тэгвэл өнөөдөр гэнэт шинээр хуваагдахаар зэхэж буй хямрал, түйтгэртэй дэлхийд геополитикийн ялгарал үүсч эхэлж байхад нэгээхэн том бүлэглэлд элсэхээр гэнэтийн шийдвэр гаргадагийн цаад шалтгаан нь чухам юу байж болох вэ. Тухайлбал саяхан хуралдсан Эдийн засгийн чуулгад Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс ШХАБ-тай улам идэвхитэй хамтран ажиллаж одоогийн төвшнөөсөө шат ахиулна” гэсэн нь яваандаа энэ байгууллагад элсэхийг битүүхэн дэмжиж эхлээд байгаагийн илрэл болов уу. Мэдээж ард иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийн дээрх үгийг “Ерөнхийлөгч маань хувь хүнийхээ хувьд Монгол Улсыг ШХАБ-т элсүүлэхээр зорьж яваа юм байна” гэж ойлгоцгоож байж болзошгүй л юм.  

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс ШХАБ-д одоохон элсэнэ” гэж шулуухан дуугараагүй нь, “Ер нь л идэвхитэй харилцаагаа улам шат ахиулан идэвхийлнэ” гэсэн л санаа байсан болов уу. Нөгөөтэйгүүр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад даруйхан элсүүлэх гэж зүтгээд ч түүнд тийм эрх, хуулийн бололцоо байхгүй нь тодорхой юм. Гэхдээ энэ асуудал өнөөдөр яагаад ингэтлээ өндөрөө авч яригдах болов гэдэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаас үүдэлтэй гэдэг нь тодорхой болж байгаа болов уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнөд хөршид хийсэн анхны албан ёсны айлчлалын хүрээнд шийдэгдсэн нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн сураг чимээ ийм алхам хийхэд түлхсэн гэгдээд байгаа. Мэдээж тэрхүү нэг тэрбум ам доллар бол Монгол Улсын ДНБ-ий 8 орчим хувьтай тэнцэх хэмжээний их мөнгө билээ.  

Магадгүй зарим судлаачид “Оюутолгойгоос Монгол Улсад нэг жилд үлдээж байгаа мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгө” гэж байгаа ч яг нарийндаа Оюутолгой байнга тийм хэмжээний мөнгө үлдээхгүй байгаа нь ч тодорхой юм.

Ямартай ч өмнөд хөршийн зүгээс манай эдийн засаг, улстөрд тодорхой хэмжээгээр нөлөөлж чаддаг болчихсон нь Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ес дэх гишүүнээр элсэхэд бас л голлох нөлөө үзүүлж эхэлж байгаа болов уу даа. 

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд саяхан хойд хөршид ажлын айлчлал хийх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зөвлөх И.Е. Левитинтэй уулзах үеэрээ “Монгол Улс 14 жилийн турш ажиглагчаар оролцсон ШХАБ-т гишүүнчлэлтэй болох, эсэх асуудлыг ҮАБЗ, УИХ-ын түвшинд нухацтай судалж байгаа. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байна. Эдгээр асуудлаар хоёр улсын Ерөнхийлөгч уулзах үеэрээ илүү тодорхой ярилцах байх” хэмээн тэмдэглэсэн байсан. Энэ бүхнээс дүгнэвэл ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболд нар өмнөд, хойд хоёр хөршдөө айчлахдаа Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх асуудлыг нэлээн нухацтай авч үзэж байгаа гэдгийг тайлбарласан байна гэж ойлгож болох юм.

Харин энэ асуудалд Монголын гадаад бодлогыг олон жил оройлон ажиллаж, энэ талын сайтар ойлголттой болж мэргэшсэн Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Ц.Мөнх-Оргил болон Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Ж.Чойнхор болон бусад олон дипломатууд эсрэг саналтай байгаа зэргийг сайтар тунгаан шүүж, олон талаас нь үнэлэлт, дүгнэлт хийх цаг болсон мэт санагдана…  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.