Гватемалад Фуего галт уул дэлбэрсний улмаас амиа алдагсадын тоо 100 боллоо

Twitter Print
2018 оны 06-р сар 07-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Гватемалад газар хөдөлж, Фуего галт уул дэлбэрсний улмаас амиа алдагсадын тоо 100 орчим хүн болжээ. 190 гаруй хүн сураггүй алга болсон хэмээн мэдээлсэн. Өнөөдрийг хүртэл үргэлжилж буй тус галт уулын дэлбэрэлтэд 1.7 сая гаруй хүн өртсөн байна. Олон хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан Гватемалд гурван өдрийн гашуудал зарлажээ.

Уг галт уулын ойролцоох хот, тосгодуудаас 20 гаруй мянган хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх боломж хомс байгаа талаар “Итар-Тасс” агентлаг мэдээлжээ. Үүний хажуугаар 3.5 мянган хүнтэй холбоо харилцаа тасарсан хэмээн мэдээлсэн байна. Энэ талаар өнгөрсөн ням гаригт тус улсын Байгалийн гамшгийн үр дагаврыг бууруулах үндэсний зохицуулах төвийн төлөөлөгч Давид де Леон мэдэгдсэнийг “EFE” агентлаг мэдээлснийг ТАСС уламжилсан ажээ. 

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, түр хоргодох байруудад 653 хүн байрлаж буйгаас 378 нь Эскуинтла сууринд, 275 нь Сакатепекесед байна. Гватемалын Чимальтенанго, Эскуинтла, Сакатепекесе суурингуудад аюулын улаан түвшин зарласаныг ч мөн л мэдээлсэн байна.

Фуэго нь тухайн нутагтаа хамгийн идэвхтэй галт уул бөгөөд Гватемалын нийслэлээс баруун тийш 40 км зайд байрладаг. Тэртээ 1974 оноос хойш эдүгээ хамгийн хүчтэй оргилж, их хэмжээний гамшиг сүйрэл дагуулаад байгаа билээ.

Галт уул, газар хөдлөлт, цаг уурын үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн үзэж буйгаар, галт уулын үнс нурам далайн түвшнээс дээш 10 км-ын өндөрт цацагдаж байгаа гэнэ. Энэ нь сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй дэлбэрэлт болж байгаа юм байна. Фуэго нь Гватемалын нутаг дэвсгэр дээрх хамгийн идэвхтэй галт уулсын нэг бөгөөд тус улсын нийслэлээс хэдхэн км-ын зайд оршдог.

Энэ оны нэгдүгээр сарын дундуур Папуа Шинэ-Гвинейн галт уул дэлбэрсний улмаас уг арлаас ойролцоогоор 1500 орчим хүнийг ойролцоох Блу Блу арал руу нүүлгэн шилжүүлж байсныг мөн л мэдээлж байсан.  

Тэгвэл Исландын “Эйяфьятлайокудль” хэмээгдэх галт уул 2010 онд дэлбэрч, Европ тивийн бараг бүх улс агаарын тээврээ зогсоож байсан байдаг. Дээрх галт уулын тэрхүү сэргэлт нь асар их хүчтэй газар хөдлөлийн зөвхөн эхлэл байж магадгүй гэдэг мэдэгдлийг тус улсын эрдэмтэд хийж байсан. Тухайлбал Г.Ларсен хэмээх эрдэмтэнээр ахлуулсан судлаачдын баг галт уулсын идэвхжлийг судлаад “Ватнайёкудль, Эйяфьятлайокудль” тэргүүтэй галт уулсын идэвхтэй оргилолт 60 жилийн турш үргэлжилж, оргил үе нь 2030 онд тохионо гэж дүгнэсэн байдаг. Тэд Исландын галт уулсыг сүүлийн 10 гаруй жилийн турш судалж байгаа гэдэг. Энэ хугацаанд галт уулын ойр орчимд газар байнга хөдөлж байсныг ч тогтоосон байдаг. 2008 оны тавдугаар сарын сүүлээр 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь галт уул сэрэх хамгийн сүүлийн анхааруулга байсныг ч дурдсан байсан.

Манай хойд хөрш ОХУ-ын Ключевский галт уул, Камчаткийн зүүн хэсэгт байрладаг бөгөөд 4850 метр өндөртэй гэсэн. Энэ нь ОХУ дахь Кавказын уулсаас гадна хамгийн өндөр оргил юм билээ. Түүний нас ойролцоогоор 7000 жил гэдэг. Галт уул хамгийн сүүлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нд сэрж, гуравдугаар сарын 24-нд унтарсан байдаг.

Ийнхүү дэлхий даяар галт уулсууд илт сэргэж, хор хохирол учруулж эхлээд байгаа ажээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.