Бразил аварга болвол тоглогч бүр нь нэг сая ам долларын шагнал авна...

Twitter Print
2018 оны 06-р сар 05-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Хойд хөрш ОХУ-д мөдхөн эхлэх ДАШТ-нд оролцох 32 багууд баг нь амжилт үзүүлсэн тохиолдолд хөлбөмбөгч  нэг бүрээ шагнах үнэ хүндтэй шагналаа зарласаар л байна. Жишээлбэл ХБНГУ-ын шигшээ баг аварга болсон тохиолдолд тоглогч нэг бүрээ 350 сая Еврогоор шагнахаа зарласан бол дэлхийн таван удаагийн аварга, Бразилийн хөлбөмбөгийн холбоо шигшээ баг нь дэлхийн аварга болсон тохиолдолд тоглогч бүрээ нэг сая ам.доллараар шагнахаар болсноо зарлаж, дээд амжилт тогтоолоо. Энэ талаар "Folha de S.Paulo" дээрх мэдээллийг цацаж, Бразил улс хөлбөмбөгт хэрхэн дурлаж, түүнд харамгүй мөнгө цацдагийг дэлхий нийтэд тунхаглалаа. Дээрх мэдээлэлд дурдсанаар Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Тите болон түүний багийн туслахуудад энэ шийдвэрт мөн хамаатай гэнэ. Харин багийн бусад ажилтнуудад арай багыг хүртээх талаар мэдээлжээ.

Бразилийн хөлбөмбөгийн холбоо нутагтаа болсон ДАШТ-д багаа түрүүлбэл шагнахаар 35 сая ам.доллар бэлдээд байсан ч Германд хожигдон дөрөвдүгээрт шалгарч байсан удаатай. Тэгвэл дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг ОХУ-д болох 2018 оны ДАШТ-ий "Е" хэсэгт Швейцарь, Коста Рика, Сербийн багтай нэг хэсэгт ороод байгаа нь тэдэнд ихээхэн давуу тал олгож, цааш саадгүй өрсөлдөх боломжийг олгоод байгаа юм.

Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг тоглогчдынхоо үнэлгээгээр удахгүй эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хамгийн үнэтэй багаар нэрлэгдэж байгаа билээ. Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ багийн тоглогчдын нийт үнэлгээ 671,5 сая евро болж, бас л нэгэн дээд амжилт тогтоогоод байгаа.

Тэгвэл тэдний араас эхний тавд Испани-643,5 сая, Герман, Франц хоёулаа 636,5 сая, Аргентин-528,5 сая еврогийн үнэтэй байж эхний байруудад эрэмбэлэгдэж байгаа билээ. Харин Европын аварга баг болох португаличууд жагсаалтын есдүгээрт 279 сая еврогийн ханштайгаар бичигдэж байгаа юм. Тэгвэл тэмцээнийг зохион байгуулагч манай хойд хөрш Оросын шигшээ баг 138,6 сая еврогийн үнэлгээгээр 17-д жагсч байгаа нь тааруухан үзүүлэлт юм. Тэгвэл энэ удаагийн  дэлхийн аваргад оролцох хамгийн хямдхан багуудаар 21,8 сая еврогийн үнэтэй Коста-Рика, 18,8 сая еврогийн ханштай Саудын Араб, 5,25 сая еврогийн үнэтэй Панамын шигшээ багууд нэрлэгдэж, хамгийн сул үнэлгээтэй гэдгээ зарласан юм.  

Манай хойд хөршид энэ сарын 14-нөөс 7-р сарын 15-ны өдрүүдэд болох энэ удаагийн ДАШТ-д анх удаа 32 баг өрсөлдөхөөр болоод байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь тодорхой юм. ОХУ-д анх удаа болох гэж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд хойд хөршийн Екатеринбург, Ростов-на-Дону, Санкт-Петрбург, Самара, Волгоград, Сочи, Казань, Саранск, Калининград, Нижний Новогород, Москва,  зэрэг 11 хотын 12 цэнгэлдэхэд болно. “Алтан цомын төлөө” анх удаа 32 багийнхан өрсөлдөх гэж байгаа нь дэлхийд хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй хөл бөмбөгийн спортын түүхэн дэх онцгой тэмцээн болж, түүхэнд тэмдэглэгдэх нь ч ойлгомжтой билээ. Энэ удаагийн 32 шигшээ багаас хэсгийн эхний тоглолтуудаар Суадын Араб, Панам, Иран, Египет, Морокко, Австрали, Тунис, Перу, Коста-Рика зэрэг багууд эхний ээлжинд талбайг чөлөөлж, үзэгчдийн суудалд шилжицгээх болов уу. Харин Уругвай, Португал, Испани,  Франц, Дани, Аргентин, Хорват, Бразил, ХБНГУ, Мексик, Англи, Бельги, Колумби, Япон зэрэг улсууд хэсгээсээ гарч цааш өрсөлдөцгөөх нь тодорхой. Манай хойд хөрш ОХУ-ын шигшээ баг Ерөнхийлөгч В.Путин болон ард иргэдийнхээ итгэлийг биелүүлж Суадын Араб болон Египетийн шигшээ багуудыг хожвол цааш өрсөлдөх эрхтэй болох юм.

Гэхдээ “Бөмбөг бөөрөнхий” болохоор ОХУ-ын шигшээ баг Уругвай болон Египетийн шигшээд хожигдож тун болзошгүй гэдгийг мартаж болохгүй. Ази тивээс аз, од нь шовойн оролцож байгаа БНСУ-ын шигшээ баг энэ удаа “F” хэсэгт багтан ХБНГУ, Мексик, Швед зэрэг гурван хүчирхэг багтай оноолт таарсан тул хэсгээсээ гарахгүй байж тун ч болзошгүй. Тэд бүх хүчээ дайчлан тоглож Шведийг хожлоо ч гэсэн ХБНГУ болон Мексикийн шигшээ хожино гэхэд үнэхээр хэцүү билээ. Харин “Н” хэсэгт багтсан Японы шигшээ баг аз од нь ивээвэл Сенегал, Колумбын шигшээ багуудыг хожиж болзошгүй билээ. Мөн эвтэйхэн тогловол Польшийн шигшээг ч буулгаж авахыг үгүйсгэх аргагүй юм. Тэгвэл тэд хэсгээсээ гарч дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох юм. Харин Ази тивийн нөгөө хоёр баг болох Иран, Суадын-Араб хоёрт хэсгээсээ гарах магадлал тун ч бүрхэг байгаа. Учир нь тэд Португал, Испани, Уругвай, ОХУ, Египетийн шигшээ багуудыг хожих магадлал тун бага гэдэг нь ойлгомжтой юм. Ердөө 10-хан хоногийн дараа ОХУ-ын нийслэл Москва хотод талбайн эзэн ОХУ болон Суадын-Арабын шигшээ багийн тоглолтоор эхлэх ДАШТ-ний талаар товчхон тоймлоход нэг иймэрхүү...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.