“Шинэ Монгол”-ынхон Японд ажиллах хүч гаргана…

Twitter Print
2018 оны 06-р сар 05-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Үргэлж шинэ содон зүйлээр бэлэг барьж байдаг “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийнхний энэ удаагийн сюрприз нь Япон дахь баталгаатай ажлын байр гэдгийг тэд нар бахархалтайгаар илэрхийлэв. Өнөөдрийг хүртэл ямар ч баталгаагүй шахуу явж ирсэн Гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг тэд шинэ шатанд гаргаж, “Шинэ Монгол” соёл, Япон стандартыг хослуулсан үйлчилгээг монголчууддаа үзүүлэхэд бэлэн болсноо зарлав.

Энэ сарын 4-ний өдөр “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч ноён Ж.Галбадрах, “Global Trust Networks GTN” компанийн гүйцэтгэх захирал ноён Хироюки Гото нар энэхүү гэрээг үзэглэж, дараа нь энэхүү мэдээллийг хийсэн юм. Тэд гэрээг үзэглэснээр “Шинэ Монгол” технологийн дээд сургууль /NMIT/ болон “Шинэ Монгол” технологийн коллеж /New Mongol Kosen/- ийн оюутнууд Япон дахь баталгаатай ажлын байраар хангагдахаар болж байгааг тэд тэмдэглэсэн юм. Түүнчлэн бусад хүмүүст ч энэ боломж нээлттэй гэдгийг тайлбарласан.

Тэд өнөөдрийг хүртэл Монголчуудыг тодорхойгүй байдалд оруулсаар ирсэн Гадаадад ажиллах хүч илгээгчдээс юугаараа ялгаатай гэдгээ доорхи байдлаар тайлбарлаж байсан. Нэгдүгээрт, Япон хэлний бэрхшээлийг тэд хамтдаа шийдэх аж. Гадаадад ажиллахад тулгардаг хамгийн эхний бэрхшээл бол хэл байдаг. Тиймээс “Шинэ Монгол” технологийн дээд сургууль дээр Япон хэлний курс ажиллуулах гэнэ. Бүтэн жилийн хугацаанд хүссэн болгоны Япон хэл болон соёлын талаар мэдэх ёстой бүх зүйлийг Япон, Монгол багш нар хамтран зааж, сургаж өгөх ажээ. Мэдээж “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэдэгчлэн энэ сургалт төлбөртэйг мэдээлсэн. Гэхдээ төлбөрөөр дамжуулан өөрийн тань Япон улсад ажиллах хүсэл эрмэлзлийг мохоохыг тэд хүсэхгүй байгааг ч дуулгасан.

Тиймээс хүүгүй, урт хугацааны “Тэтгэлэг” буюу Японд очиж ажиллангаа эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр танд 75 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.  Өөрөөр хэлбэл, та нийт сургалтын төлбөрийнхөө 25 хувийг төлснөөр бүтэн жилийн сургалтад хамрагдах эрх тань нээгдэж, Япон дахь ажлын байрандаа зуучлуулан очсоныхоо дараа цалингаасаа үлдсэн 75 хувиа төлөх юм гэсэн. Товчхондоо та Япон хэлтэй, мөн боломжийн цалинтай баталгаатай ажлын байртай болно гэсэн үг.

Хоёрдугаарт, “Баталгаатай ажлын байр” хэмээн дахин дахин онцлоод байгаа дээр тайлбар хэлэхэд Монголчууд гадаадад ажиллах хүч гэхээр юуны түрүүнд Солонгос дахь “Хар ажил”-аар төсөөлдөг. Солонгос ажилчдаас бага цалин, ажлын байрны нөхцөл тааруу, мөн нийгмийн халамж, байр сууц, гар утас, интернетийн эрх гээд хүний наад захын хэрэглээгээ өөрсдөө зохицуулах шаардлага тулгардаг.

Харин “Шинэ Монгол”, GTN энэ бүх асуудлыг таны өмнөөс зохицуулах гэнэ. Ялангуяа, GTN Японы хөдөлмөр зуучлалын салбартаа маш их туршлага хуримтлуулсан бөгөөд зуучилсан ажиллах хүчиндээ байрны барьцаа, гар утас, интернет сүлжээ ашиглах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг онцлогтой компани ажээ.

Түүнчлэн Япон хүнтэй ижил түвшний цалин, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх тал дээр идэвхтэй ажилладагаа ч дуулгаж байсан. Жишээлбэл, өнөөдөр Японд хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын авдаг цалингийн дээд хэмжээ нь 180 мянга орчим иен байдаг бол GTN-ээр зуучлуулснаар дундаж цалин 200 мянга орчим иен болох ажээ. Мөн Японы Засгийн газраас иргэддээ үзүүлдэг нийгмийн хамгааллын бүхий л үйлчилгээг ажил олгогчоор дамжуулан хүртээх аж. Энэ бүхний шалтгаан нь өнөөдрийг хүртэл Монголоос Япон руу дадлагжигч гэсэн статустайгаар ажиллах хүч гаргаж байгаа бол GTN, “Шинэ Монгол” хамтарсан баг үндсэн ажилтнаар гаргана гэдгээ зарласан юм. Тиймээс Япон хүнтэй ижил түвшинд цалин хангамж эдэлнэ гэж ойлгож болно гэдгийг ч баталсан.

Гуравдугаарт, GTN яагаад “Шинэ Монгол”-ийг онцолж хамтрахаар болсон талаар товч өгүүлэхэд “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэн дэргэдээ “Шинэ Монгол” технологийн дээд сургууль, “Шинэ Монгол” технологийн коллеж, “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, “Шинэ Монгол-Харүмафүжи” сургуулийг багтаасан, компаниар ярьвал боловсролын үйлчилгээ үзүүлдэг томоохон корпораци гэнэ.

Тэд АНУ, Япон, Тайваны нэртэй их сургуулиудтай түншлэлийн гэрээтэй ажилладаг бөгөөд оюутнуудаа Монголдоо хоёр жил, АНУ, Японд хоёр жил гэхчилэн сургадаг онцлогтой гэдгээ ч зарлаж байсан. Түүнчлэн “Шинэ Монгол Косэн” сургалтаараа дамжуулан онолын бус практик инженерүүдийг Монголынхоо болон гаднын хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн нийлүүлдэг цорын ганц сургууль болоод байгаагаа ч зарласан. Ялангуяа, “Шинэ Монгол”-ын төгсөгч, суралцагч нар Япон хэлний бэрхшээлээс ангид байдгийг ч тунхаглан зарлаж, энэ нь өөрсдийнх нь ихээхэн давуу тал гэдгийг ч дуулгасан юм. Тэгээд ч энэ бүхэн нь GTN-ийн анхаарлыг татсанаар энэхүү түншлэлийн эхлэл тавигдсан гэдгийг ч тунхагласан. Нэг үгээр хэлбэл, “Шинэ Монгол”-ын төгсөгч нар бүтэн жилийн хугацаанд хэлний сургалтад сууж цаг алдалгүйгээр шууд ажлын байрандаа зуучлуулах ажээ. Тэрчлэн мэргэшсэн инженерүүдийг бэлтгэн гаргаж байгаа учраас Япон дахь ажлын байр нь түүнд нь дүйцэхүйц хэмжээнд байх талаар ч дурдсан.

Үүнтэй холбоотойгоор дөрөв дэхь тайлбар руугаа ороход “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, ноён Ж.Галбадрахын танилцуулснаар Япон бол жижиг дунд үйлдвэрлэл асар өндөр хөгжсөн улс аж. Гадна талаасаа тэд Монголын дундаж нэг компани шиг харагдавч үйлдвэрлэл, зах зээлийнхээ цар хүрээгээр “Дэлхийд тэргүүлэгч” байх нь элбэг гэнэ. Жишээ нь, чип, мотор үйлдвэрлэгч “жижигхэн” компани үнэн хэрэгтээ тэр салбарынхаа “Номер-1” байх жишээтэй гэдгийг зарлаж байсан. “Шинэ Монгол”-ын төгсөгч нарт тэтгэлэг олгодог “Мабүчи” сангийн санхүүжүүлэгч “Мабүчи моторс” компанийн талаар Монголчууд тийм ч сайн мэдэхгүй. Ихэнхи нь анх удаа л сонсч байгаа болов уу. Гэтэл тус компани автомашины динам, шил өргөгчний мотор, компьютерийн сэнсийг ажилуулдаг мотор үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч гэнэ. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 70 хувь нь “Мабүчи”-гийн моторыг хэрэглэдэг гэхээр л энэ компанийн ямархуу далайцтай ажилладаг нь тодорхойлогдоно. Товчхондоо “Шинэ Монгол”-ын төгсөгч нарын ажиллах компаниудын ерөнхий дүр төрхийг “Мабүчи”-гаар төсөөлж болох аж.

Цаашилбал, хэлний сургалтад хамрагдаж, Японд ажилласнаар давхар мэргэжил эзэмших, дэлхийд тэргүүлэгч технологитой танилцах, улмаар түүнийг эх орондоо нутагшуулахад энэ хөтөлбөрийн гол зорилго оршиж буйг ч тэд зарласан юм. Өнөөдөр 22 настай залуу 10 жил Японд хөдөлмөр эрхлээд эх орондоо эргэж ирэхдээ хэлтэй, онолын мэдлэгээ практик дээр хэрэгжүүлж, туршлага хуримтлуулсан, мөн бизнес, технологийн талаар өргөн мэдэгдэхүүнтэй болоод эргэж ирнэ гэсэн үг гэдгийг ч дуулгасан.  Мэдээж бизнесээ эхлүүлэх тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болсон байх нь дамжиггүй гэдгийг ч тунхаглаж байсан. Тийм учраас л сурвалжлагынхаа эхэнд “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэн, GTN компанийн хамтарсан баг “Гадаадад ажиллах хүч зуучлах асуудлыг шинэ шатанд гаргалаа” хэмээн тодотгосон хэрэг. Хироюки Гото захирал хэлэхдээ “Шинэ Монгол”-ыг онцолж хамтрах санал тавих болсон шалтгаан нь боловсон хүчин бэлтгэх нөөц бололцоо, бизнесийн зөв зарчим, компанийн соёл, мөн итгэл даах чанар зэргийг онцолж байна лээ.


Өнөөдрийн Япон орон гадаад ажиллах хүчинд үүд хаалгаа нээх бодлого баримтлаад удаагүй байгаа. Түүнчлэн 2020 оны Олимп угтсан бүтээн байгуулалт, хүн амын насжилт, төрөлт тогтмол буурч буй үзэгдэл, мөн залуусын хөдөлмөр эрхлэхээс хойргошоох болсон гээд олон шалтгааны улмаас тэд боловсон хүчний хомсдолд ороод буй. Энэ сул талаа нөхөж, эдийн засгийн өсөлтөө барихын тулд хөдөлмөрийн зах зээлдээ шинэ цус сэлбэхээс өөр сонголтгүй болсныг ч дурдаж байсан. Тиймээс Японы компаниуд ажиллах хүчний эрэлд гарч, энэ чиглэлийн зуучлалын бизнес ч эрчтэй хөгжөөд эхэлсэн талаар дурдсан. Түүний нэгэн төлөөлөл болох GTN компани Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж, чингэхдээ “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах болсон нь Монголчууд бидний хувьд таатай мэдээ болж байгаа юм. Нэг зүйлийг тодотгоход “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэн зөвхөн “Шинэ Монгол” технологийн дээд сургууль болон “Шинэ Монгол” технологийн коллежийн төгсөгч нараа ажилд зуучлах ажлыг хийх бол GTN олон нийтэд нээлттэй хэлбэрээр ажиллана гэдгээ ч зарлаж байсан.

Ийнхүү өмнө нь төрийн аль нэг агентлагийн хавсарга, эсхүл найдвар муутай зуучлалын компани түүнийг дагаад залилан, хууран мэхлэх гэмт хэргийн золиос болж байсан гадаадад ажиллах хүч зуучлах асуудал цэгцэндээ орж Монголчууд Японд найдвартай ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэж эхэллээ…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.