Зарим хуулиуд болон МУИС-ийн дүрэм журмыг зөрчсөн талаархи мэдээлэлд Ерөнхийлөгч анхаарал хандуулж ажиллах болно гэлээ

Twitter Print
2018 оны 06-р сар 04-нд 13:03 цагт
Мэдээний зураг,

МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж оюутан элсүүлдэг, төгсгөдөг, дүн засдаг хууль бус үйлдэлтэй тус сургуулийн оюутны холбоо тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ. МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн Г.Мандах "МУИС-д дүнгийн, дипломын наймаа болон хууль бус үйлдлүүд гарч байгаа нь нотлогдсон. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр МУИС-д АТГ-аас мэдэгдэл ирж, “Дүн засдаг асуудлаа анхаарч ажиллахыг зөвлөсөн” байдаг. Энэ байдал засрахгүй үргэлжилвэл оюутнууд бид дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгох болно" гээд "МУИС-ийн суралцагч Т нь 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр явцын шалгалтдаа орох боломжгүй болж шалгалтаа өгөөгүй. Арванхоёрдугаар сард дүн гаргах өдөр өргөдөл өгч, тухайн хүнийг улирлын шалгалтад оруулж, шууд тэнцүүлсэн. Мөн иргэн О нь бакалаврын дипломгүйгээр МУИС-иас магистрын диплом авсан. Тодруулбал, иргэн О нь 2004 онд МУИС-д элсээд, улмаар 2014 он хүртэл 10 жил дүйцүүлэн суралцаад төгссөн байдаг. Энэ нь МУИС-ийн дотоод журмыг зөрчсөн. МУИС-д суралцах дээд хэмжээ долоон жил байдаг. Хэрвээ долоон жилийн дотор амжилттай суралцаж чадахгүй бол МУИС-д сурсан нь үнэн болно гэсэн цагаан хуудас өгдөг. Сургуулиас чөлөө авах дээд хугацаа хоёр жил байдаг. Гэтэл дээр дурдсан баримт нь суралцагчийн дотоод журмын 4.11.12-д заасан заалтыг зөрчсөн. Энэ мэтчилэн бодит баримтууд бидэнд байна. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 8.7 дугаар зүйлд “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-иос, магистрын сургалт 150-иас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэсэн байдаг. Энэ заалтыг зөрчсөн" хэмээн хэд хэдэн ноцтой баримт дурдсан юм.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд МУИС-ийн багш ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж тэдний санал бодлыг сонслоо. МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, шаардлага хангаагүй оюутан элсүүлдэг, төгсгөдөг, багш ажилтан, оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг. Мөн аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн, үүрэг гүйцэтгэгч захиралтай жил гаруй болж байгаа юм.

Эдгээр асуудлаар МУИС-ийн багш нарыг төлөөлж доктор Г.Элдэв-Очир, дэд профессор доктор Д.Дашдулам, доктор Д.Амартүвшин, профессор доктор Ж.Бат-Ирээдүй зэрэг багш нар мөн Оюутны хөгжил үйлчилгээний газрын мэргэжилтэн Ш.Солонго нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдтой уулзаж ярилцлаа. 

Зарим хуулиуд болон Монгол Улсын Их Сургуулийн дүрэм журмыг зөрчсөн талаархи мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулж ажиллах болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хэллээ.

Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.