Гэмгүй нохойд гэнэтхэн олдсон аз завшааны тухай аймшигт түүх

Twitter Print
2018 оны 06-р сар 04-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

М.Булгаковын энэхүү бүтээл нь анх “Собачье сердце: Чудовищное история” гэсэн дэд гарчигтай байснаас сэдэвлэн тэмдэглэлээ ийн нэрийдэв.

Эгэл жирийн нохойд аз жаргалтай байхад юу хэрэгтэй вэ? Халуун хоол, хайртай эзэн байхад л энэ хорвоод нохой болж төрсний хэрэг гардаг гэлтэй. Гэвч амьдрал угаасаа ийм үлгэрийн биш. Эзэнгүй гудамжны нохойд бол аз жаргал гэж бүр ч мөрөөдөлтгүй зүйл, харин ч ходоод хоосон биш тэгээд дулаан хонож байвал дээдийн заяа. 

Гэвч Шарик гэж эргэн тойрныхон нь нэрлэхээр шийдсэн энэ нохойд харин их хувь заяа оногджээ. Гудамжны золбин нохойн амьдралаас хангалуун амьдралтай профессорын гарт орсон нь хүний заяанд түрхэн зуур хувирах хачирхалтай тавиланг дагуулна гэж тэр яахин мэдэх билээ. Ингээд тэрээр азтай ч гэх юм уу эзтэй ч гэх юм уу нэгэн туршилтад орж өнчин тархииг нь хүний тархиар сольсноор Шарик нохой Полиграф Полиграфович Шариков гуай болон өөрчлөгдөнө. Гэвч түүний төрх байдал, чадвар нь машид өөрчлөгдсөн ч нохойны зарим араншин нь хэвээр, хамгийн хэцүү нь өөдгүй муу хүмүүсээс үлгэр авч тэвчихийн аргагүй нэгэн болон хувирснаар хосгүй туршилт хийсэн Преображенский эрдэмтэн аргагүйдэж түүнийг буцаан нохой болгон хувиргадаг. Нохойн дундаа жаргалтай амьдралын захад хүрсэн байсан түүнийг хүний дунд багтаж шингэмгүй нэгэн болон хувиргах гэдэг чинь аргагүй л аймшигтай түүх мөн биз дээ. Гэхдээ асуудлын гол нь Шарик нохойд сольж суулгасан өнчин тархины эзэн нь засаршгүй хулгайч, худалч, архичин Клим Чугункин байсныг мартаж болохгүй. Хэдийгээр нохойнд хүний тархи суулгаж түүнийг төрөл ахиулсан ч адгийн хүний тархи байсан учраас хүний дунд амьдарч чадахгүй буцаад нохой болохоос өөр зам үлдсэнгүй шүү дээ.

Үг бүр нь далд утга агуулсан, өөр хоорондоо нарийн нягт холбоотой, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр бичигдсэн хэдий ч ёс суртахууны шүүмжлэлт зохиолын шилдэгт зүй ёсоор тооцогдох М.Булгаковын “Нохойн зүрх” туужийн товч үйл явдал ердөө л энэ. Уг бүтээл 1925 онд бичигдсэн ч хоригдож, мартагдаж хэвлэгдэхгүй байсаар 1985 онд анх хорвоогийн нар харсан түүхтэй. Ерөөс Булгаковын зохиолууд түүнийг амьд ахуйд нь хэвлэгдэж, түүнийг мандуулж магтуулж байсан нь үгүй. Дандаа л хоригдож, хасагдаж, шүүмжлэгдэж явсан. Нэг үгээр хэлбэл түүний амьдрал хар дарсан зүүд шиг хэцүү бэрх байсан ч тэрээр хүмүүст гайхалтай түүхүүд, гэрэл гэгээ, ухаарлыг үлдээж чадсан юм. М.Булгаковын зохиолуудад гардаг шидэт, шашны, ёс суртахууны гурвал гол судал энд ч бас өөрийн нууц учгийг үүсгэсэн хэвээр харагдаж байна. Октябрийн хувьсгалын дараах 1920д оны эх толгой нь олдохоо больсон Орос орны хуучин сэхээтнүүд, шинэ пролетариуд, энгийн иргэдийн амьдралын онцлогийг маш хурцаар үг нэг бүрээрээ нэвт хатган ёгтолсон энэ бүтээл хэвлэгдэх ч аргагүй бас боломжгүй байсан юм. Учир нь 1926 онд М.Булгаковт хувьсгалын эсэргүүгийн хэрэг тулган гэрт нь нэгжлэг хийх үедээ үедээ уг бүтээлийн гар бичмэлийг хураан авсан бөгөөд ихэд хүчин чармайлт гаргаж байж зохиолынхоо эх нооргийг буцааж олж авчээ. Гэнэт эрх мэдэлд хүрсэн хоосон толгойн аюулыг ийм ил томруун өгүүлсэн зохиолд тоталитар дэглэмийн ямар албан тушаалтан дуртай байх билээ дээ. 

Энд Шарик нохой шар шувууны чихмэлийг урж, профессор Мечниковийн зургийг унагааж хагалсан байгаа нь харагдана. Жирийн нохойн хааяа гаргадаг араншин мэт харагдавч энд анхнаасаа Шарик дээр хийсэн туршилт цэцэн мэргэн ухаан (шар шувуу), шинжлэх ухаан (Мечников) хоёрын эсрэг байсан ёгтлол мэт санагдана

Анх энэ номыг би уншаагүй юм. Харин Владимир Бортко найруулж, Евгений Евстегнеев гуай Профессор Преображенскийн дүрд тоглосон 1988 онд Ленфильм студид бүтээгдсэн кинотой нь анх учирч байлаа. Анх үзээд маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн, үг бүрийг нь дараа нь хүмүүс афоризм болгон ашигласан энэ киног бидний үеийнхэн бүгд л мэдэх байх. Сая номыг нь дахин унших үед яг л энэ киноны дүрээрээ бүгд төсөөлөгдөж байх юм. Тэр бүү хэл Шариков номон дээрээ баян хуур дардаг бол кинон дээрээ балалайка хөгжим дардаг нь бүр илүү шийдэл болсон юм шиг санагдаж байсан шүү. Шариковт тоглосон казахын жүжигчин Толокониковд домбртой ойролцоо балалайка хөгжим, дарсан “Эх, яблочка с боку дырочка” гээд хувьсгалын үеийн тухай дуу нь бүр яг зохицсон байсан шүү. Заримдаа номыг балласан кино байдаг бол энэ кино харин номоо, зохиолчоо жинхэнэ ойлгож харуулж өгсөн санагддаг юм. (Энд байгаа зурагнуудыг бүгдийг тэр киноноос авсан болно.)

Шариков гуай Преображенскийг шахамдуулж байгаа нь

Одоо энэ номыг монгол хэлээр уншаад надад юу бодогдов оо гэдгээ тантай хуваалцъя. 

Хүний ер нь юу хүн болгож байдаг юм бэ? Хоёр хөл дээрээ явж, хоорондоо ярилцаж байгаа нь биднийг нүүрэндээ үстэй адгууснаас ялгадаг гэж үү? Төрүүлж өсгөсөн гэр бүл, эргэн тойрны нөлөө юу? Боловсрол уу? удамшил, ген үү? Хүн төрөлхтний мөнхийн асуудлыг уг бүтээл дахин нэг удаа дэвшүүлэн тавьжээ. Миний хувьд одоогийн нийгэм орчинд маань уг зохиол их л сургамжтай, хөгшин залуугүй уншихад зохистой санагдаж тэр талаас нь олж харахыг хичээлээ. 
Энд тэндгүй шүлс нусаа хаяж, гадуур сарьж, хараалын үг урсгаж, хажуугаараа яваа охид залуусын хормой хотыг чангааж, архидан согтуурч, хэрүүл зодоон өдөөж, бусдыг хуурч мэхэлж, ажил албаа өөрийн дургүй хүмүүсээ агнах тагнах, дарах доромжлох хэрэгсэл болгон хувиргасан орчин цагийн Нохойжавууд хааяагүй байх шиг. Заримдаа ч төрөл андуураад төрчихсөн гэмээр хүмүүс бий шүү. Тэдэнтэй хичнээн байлдаж, сургаж соёлжуулж, хүн төрх олгох гээд дийлэхгүй яваа хичнээн ч Преображенский, Броменталиуд толгойгоо базлан харамсч суугаа бол? Тэднийг ашиглан нийгмийг урвуулж, хэдэн хэсэг тасчин хаяж буй, юу хүсээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй Швондерууд бас хичнээн байгаа бол?

Энэ нь номд байдаггүй хэсэг. Профессор Броменталь Шариковыг танилцуулж байна. Их сонирхолтой хэсэг шүү. Киноныхоо хувьд маш гоё шийдэл

Манай нийгмийн өнчин тархийг нь солиод суулгасан шиг хурдтай өрнөсөн хувьсгалын дараа ямар ч баримжаагүй, үнэт зүйлгүй хэрнээ асар их эрх чөлөөг олоод авчихсан бид яахаа мэдэхээ байсаан. Гэлээ гээд энэ номонд гардаг шиг буцаан хувиргах боломжгүй. Яахаа мэдэхээ байсан бид амь амиа л тээх болсноор маш олноор нь Нохойжавуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Бид өөрсдөө гудманд гаргаж байсан зан авираараа үлгэрлэсэн, бид боломжгүй чадалгүй нэгнээ хялайн харж, тэднээс болгоомжилж тэднээс зай барьж эхэлсэн. Зарим чадалтай нэг нь Преображенскийн адилаар 40 градусын цэвэр архийг ямар даруулгатай уух тухай цэцэрхэж байхад зарим нь хашааны буланд бөмбөө шахаж суусан. Тэднийг бохир заваан арчаагүйгээр нь дуудаж, нохой мэт тэнэмэл амьдарч байгааг нь хохь гэж бодож, сурч чадахгүй, сурсан ч нийгмийнхээ муу бурууг нь дуурайж байхад бид тэднийг “Өөрийн муу даа л энэ” гэж чичилж суусан. Арай гайгүй ч, эз таарсан нь ажил гэж алга болоод бизнесээрээ хүүхэд хийсэн. Ингээд бидний зарим үр хүүхдээсээ эргээд хайр, ёс суртахуун нэхэх эрхгүй болсон. Харин өөрсдийгөө, өмч хөрөнгөө хайцаалж бөөцийлж хамгаалан, амьдралаа авч явах гэж ядаж байхад нэг л өдөр тэд бидэнтэй эрх тэгш гэдгээ мэдээд гэрт минь орж ирж байгаа юм шиг, нэг л өдөр гэнэт нэг хотод, нэг улсад хамтдаа амьдардаг гэдгээ мэдрүүлж эхэлсэн.

Яаж гэж үү? Тэд том болсон. Бидний хайхрамжгүй, амиа хоохойлсон, ашиг хонжоо хөөцөлдсөн, эрдмийг биш эдийг дээдэлсэн байдал тэдэнд өвлөгдсөн. Тэд ёс суртахууны өмгөөлөл хамгаалалгүй орчинд өсөөд, одоо нийгмийн бүрэн эрхт гишүүн болсон. Тэдэн дотор Преображенский, Броменталиудын нөлөөнд орж нийгмийнхээ соёлжсон хэсэгтэй хөл нийлж, хүний дайтай амьдарч яваа нь бий, Швондеруудтай нийлж өөрийг нь үзэн ядаж өсгөсөн нийгмээсээ өшөөгөө авч байгаа юм шиг удирдлагагүй яваа нь бий, өөр шигээ олныг нэмж бий болгон өнөөх балчиг намгаасаа гарч чадахгүй байгаа нь ч бий. Энэ үйл явц бас цаашид ч хэсэг хугацаанд үргэлжлэх бололтой. Ялангуяа хувь хүний хөгжлийнхөө доод шатанд яваа “ Нохойжав”-ууд улс орны эрх мэдлийг гартаа авах үед бид ийм хурдтай өөрчлөлтийнхөө горыг амсч эхний осолдоо орж нийгмээрээ үл ойлголцлолын хана мөргөн дүнхүүрлээ. Дүйрч дайвалзан байгаа нийгмийг хэн дуртай, хэн ашигч, хэн овсгоотой нь хэсэгтээ эзэгнэнэ. Бүгдээрээ нэг нэгнээсээ айж хийрхэж, үл итгэн, өөр төрөлт мэт нэгнээсээ зугтана.

Эх, яблочкаг дуулдаг хэсэг

Дээр өгүүлсэнчлэн нийгмийн гэнэтийн өөрчлөлт нь өмнө байсантайгаа харьцуулахад хувь илүү санагддаг ч яг мөн чанарыг нь таниад ирэхээр хүсээд байх зүйл биш, эсвэл буруу зүйлийг хүсчээ гэдэг нь танигдах нь бий. Гэмгүй нохойд гэнэтхэн олдсон завшаан гэдэг шиг бид ардчилал, хүний эрхийг утгаар нь эдэлж, түүнийгээ буцаагаад алдчихгүйн тулд (Нэг ашигч нь Преображенский царайлж гарч ирээд өнчин тархийг буцаан авахтай адил нэг хүний дарангуйллын дэглэм тогтоосон нь зөв гэчихгээд л байна шүү.) түүнийхээ явцад нэгэндээ гай гамшиг тарихгүйн тулд зөвхөн гадаад төрхөөрөө биш дотор сэтгэлдээ, боловсрол хүмүүжилдээ хувьсал хийж шинэчлэн өөрчлөгдөх ёстой бус уу. Тэгж чадаж гэмээ нь соёлт ертөнцөд хөл тавихад гэнэт өнчин тархиа солиулсан Нохойжавууд шиг сандрахгүй л болов уу.

Хүний нийгэм гэж өргөс авахын адил өөрчлөгдөн сайжирдаггүй, мэс засал хийсэн мэт хэсгийг нь сольж болдоггүй золигийн ч эд ажээ. Бид нийгмээ, өөрсдийгөө танихгүй гайхан байгаа нь нэгэн зуун жилийн туршид мэдээ алдуулалтгүй мэс засалд нэг бус орсонтой холбоотой биш гэж үү?

Бид цаашид яах ёстой вэ? гэвэл Преображенский профессорын хэлсэнчлэн байгаль ээжийнхээ жамыг дагах л юм уу даа. Шарикийг нохойгоор нь үлдээх хэрэгтэй байсан шиг хүн бид амжилт, ажил, хөрөнгөөс өмнө амьдрал, аав ээж байх, амь нэгтэй байхаа урдаа тавихад л болно. Бидэнд угаас төрөхийн тийм өгөгдөл бий. Хүмүүс үргэлж л сайнд татагдаж, сайханд тэмүүлж байдаг. Аяндаа сайныг эрэлхийлж, бухимдахаасаа илүү бүтээх нь нэмэгдэнэ. Байгаль нийгмийн сайн сайхан нь нийлэн ердийн малчны гэрээс сансрын нисгэгч төрүүлсэнтэйгээ адил тэд бидний дундаас ард түмний төлөө гэсэн цохилох зүрхтнүүд, авъяаслаг сайчуул, ариун гэгээнтнүүдээ төрүүлсээр л байх болно. Балчиг намаг дундаас бадам лянхуа цэцэглэх мэт гийгүүлсэн тэднээсээ зөв үлгэр дуурайллыг авч өөрчлөгдөн сайжрах болноо манай нийгэм. Бидэнд жаахан хугацаа өг. Дүйрсэн толгойгоо сэгсрэн, нүдээ сайн гэгч нухлаад хамгийн чухал хамгийн зөвөөсөө өөрөөр хэлбэл өөрөөсөө эхлэн алдаагаа засах боломж өг. Бас “ Нохойн зүрх” мэт гүн утга, ёс суртахууны сургамжтай олон номоос дахин суралцах, гэгээрэх, боловсрох боломж өг. Тэгэхэд бид хэсэг хугацааны дараа нийгмээрээ өөрчлөгдөн сайжрах болно. Шинэ зууны үүр зөвхөн гэгээрч л байна. Дараачийн Хувьсгал та түр азна. Хувьсалд ажлаа хийх хугацаа өг. Дахин дахин шахамдуулан өөрчлөлгүй дээрдэж сайжрах, дэргэдээсээ суралцах боломжийг нь олгоход хүний хөгжлийн зүй тогтол жам ёс руугаа буцна. 

Одоогоос зуугаад жилийн өмнө бичигдсэн энэ зохиол бидэнд их л ойр үнэнийг өгүүлэн байна даа.

Надад энэ номыг уншихад кинон дээр нь гардаг  “Эх, яблочко” дуу санаад орж ирээд байсан.

“Нохойн зүрх” кино

Норовсамбуугийн Нарантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.16.79) 2018-06-06 16:32
      • 0
      • 0

      Zasah ch uul ni tiim hetsuu bish! Ooriisoo ehleed yavhaar hajuudahuud ugaasaa duuraigaad l yavchihdag. Humuus ih hurdan shantarch haydagt l hamag buruu baigaa.

      Хариулах