Б.Жамъяндагва: Мөрөөдлийг минь 50 жилийн дараа Алтанхуяг биелүүллээ

Twitter Print
2018 оны 06-р сар 04-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Манай улсад Балетын олон улсын анх­дугаар уралдаан боллоо. Санаачлан хэрэгжүүлэгч нь балетчин, Гавьяат жү­жиг­чин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг юм.  Түүний тэргүүлдэг Монголын балетын хөгжил сан болон Монголын балетын урлагийн холбоо хамтран уг уралдааныг зохион бай­гуул­сан бөгөөд БСШУСЯ болон бусад байгууллага, хувь хүн дэмжин санхүүжүүллээ.

Балетын олон улсын анхдугаар уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болон шагналтнуудын нэгдсэн тоглолт энэ сарын 1-ний үдэш ДБЭТ-т болсон юм. Тайзан дээр нэг талд нь балетчдыг, нөгөө талд нь шүүгчдийг залж суулгасан байлаа. Нэгдсэн тоглолтын өмнө уралдаанд 12-14, 15-18, 19-29 насны ангилалд тусгай болон гурав, хоёр, тэргүүн байр, мөн гран при шагнал хүрт­сэн балетчдыг хүндэтгэн дуудаж серти­фи­кат, медаль, мөнгөн шагнал гардуулсан.

Энэ­хүү уралдаанд Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Сингапур гэсэн зургаан орноос нийт 80 балетчин ур чадвар сорьсноос 19-29 насны ан­гилалд тэргүүлсэн ДБЭТ-ын балетын гоцлооч О.Ану­жин гран при шагнал хүртсэн юм. Бусад орноос оролцсон балетчдын дундаас Оросын хол­бооны Буриад улсын Дуурь бүжгийн эрд­мийн театраас ирсэн балетчид болон БНСУ-ын өрсөлдөгчид хүчтэй, сонирхолтой ч үзүүл­бэртэй байсныг онцлон дурдъя.

Насны олон ангиллын олон уран бүтээлч тус бүрийн шагнал урамшуулал болон гала тоглолтод үзүүлсэн номеруудын талаар Монголын балетын хөгжил сангийн вэб сайтаас мэдэж болох байх. Тиймээс энд балетын уралдааны ач холбогдлын талаар хэн юу хэлснийг онцлохыг зорилоо.

Уг наадмыг зохион байгуулахад олон байгууллага, ивээн тэтгэгчид тус дэм болсон байна. Ивээн тэтгэгчдийн жагсаалтыг “Таван богд” групп манлайлжээ. Мөн БСШУСЯ-наас санхүүжилтийн дийлэнхийг олгосонд зохион байгуулагчид гүнээ талархаж байлаа.

Анхдугаар уралдааны гран при шагналт

ДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин

Тус яамны Соёл урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн үзэгчид, уралдаанд оролцогчид, шүүгчдэд хандаж үг хэлэхдээ “Манай Алтанхуяг шүүгчдийн талаар албан ёсны болоод даруухнаар танилцуулж байна. Энд та бүхний өмнө долоон орноос хүрэлцэн ирсэн 11 шүүгч сууж байна. Энэ хүмүүс бүгд үндэстнийхээ балетын урлагийн одод, онцгой байр суурьтай хүмүүс. Тухайлбал, Казахстанаас ирсэн шүүгч Турсинбек Нуркалиев бол тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын соёлын бодлогын зөвлөх, “Астана балет”-ыг үүсгэн байгуулагч, өдгөө уран сайхны удирдагч нь юм. Япон улсад нэр хүндтэй “Токио Комаки ба­лет”-ын үүсгэн байгуулагч Со Кикүчи, БНХАУ-ын балетын од Шин Лили, ХБНГУ-аас ирсэн, Оросын балетын Пермийн дэг сургуулийн төлөөлөл Надя Саидакова нарыг дурдахад л шүүгчдийн чансаа харагдана. Манай улсад анх удаа болж буй олон улсын уралдааныг шүүхийг зөвшөөрч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Цаашид таван тивийн олон орноос Монголын балетын урлагт хүндэтгэл үзүүлж уран бүтээлчид олноор ирж оролцоосой гэсэн ерөөл тавья” хэмээсэн юм.

Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааныг шүүхээр долоон орноос 11 шүүгч хүрэлцэн ирсэн юм

Шүүгчдийн төлөөлөл, БНСУ-ын Балетын сангийн тэргүүн, тус улсын Олон улсын балетын уралдаан зохион байгуулах газрын тэргүүн Пак Жэ Кён, Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааны ерөнхий шүүгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва нар уралдааны гран при шагналт, ДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужингийн хамт

Шүүгчдийн төлөөлөл, БНСУ-ын Балетын сан­гийн тэргүүн Пак Жэ Кён “Монголын Ба­летын олон улсын уралдаан цаашид дэлхийн хэмжээний хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болоосой гэж ерөөе. Оролцогчдод хандаж хэлэхэд ялсан ч, ялагдсан ч энэ тэмцээн та бүхний их урлагт хөлөө зөв тавихад түлхэц болсон ал­хам байх болно. Мөн энэ тайзан дээ­рээс Монго­лын балетад үүрд дурсагдах хоёр хүний нэ­рийг хэлэхийг хүсэж байна. Тэр хүмүүс бол танай улсад балетын урлагийг үүсгэн хөгжүүлэгч Б.Жамъяндагва болон Монголыг олон улсын уралдаантай болгож буй санаачлагч, зохион байгуулагч Д.Алтанхуяг нар юм. Энэ хоёр хүнийг би Монголын балетын баатрууд гэж бодож, хүндэтгэж явах болно. Монголын Балетын олон улсын хоёрдугаар уралдааныг зохион байгуулахад бүхий л хүчин чадлаа дайчлан оролцохоо амлаж байна” гэв.

Албаны хүмүүс үг хэлсний дараа уралдааны шагналтнуудыг зарлахаас өмнөхөн бас нэгэн сэтгэл хөдлөм мөч танхимд хуран цугларагсдад баяр хөөр нэмсэн юм. Гадаад орнуудаас манай улсыг зорьж ирсэн шүүгчид болон дагалдан яваа хүмүүс ганзага дүүрэн бэлэгтэй иржээ. Гурван ч улсад болох балетын олон улсын уралдаанд оролцох эрхийн бичиг, тухайн улсад амьдрах хугацаанд шаардагдах зардлыг даах тэтгэлгийн урилгыг залуу балетчдад гар­дуулсан нь уран бүтээлчдэд урам нэмсэн үйл явдал боллоо. БНХАУ-ын Шанхай хотод бо­лох Балетын олон улсын уралдаанд оролцох эр­х­ийн бичгээр Монголын А.Тэмүүлэн, Японы Сасаки Мана, ОХУ-ын Д.Сүбэдэй, манай улсын Нацагдорж, О.Анужин, Японы Шота Онодера, Саки Токүсима, Монголын О.Хатанбаатар, О.Олонбаяр, Хишигжаргал, БНСУ-ын Жи Ён Хэ, ОХУ-ын Тимур Дэмчиков, манай улсын Б.Марал нарыг шагналаа. Харин 2019 оны зургадугаар сард Япон улсад болох Балетын олон улсын уралдаанд оролцоход шаардагдах зардлыг шийдсэн эрхийн урилгыг Азийн балетын агентлагаас олгож буйг Монголын Б.Марал, ОХУ-ын Тимур Дэмчиков нарт гардуулав. БНСУ-д энэ сарын 28-наас долдугаар сарын 2-нд болох олон улсын уралдаанд оролцох тэтгэлгийг Монголын Баяржавхлан, О.Анужин, Б.Марал болон ОХУ-ын балетчин Д.Сүбэдэй нарт гардуулав.

Олон улсын уралдаанд байр эзэлсэн балетчдад шагнал гардуулсны дараа шилдгүүдийн нэгдсэн тоглолт эхэлсэн. Аливаа уралдааны шагналт­нуудын гала тоглолт сэтгэл хөвсөлзүүлж, алга ташилт тасардаггүй. Яг тийм уур амьсгал дунд зургаан орны балетын шилдгүүд дэлхийн сон­годог балетуудын гол дүрийн зүрх эзэмдэм бүжгийг харуулж, үзэгчдийг өндөлзүүлсээр гала тоглолт өндөрлөсөн.Монгол Улсад болсон Балетын олон улсын анхдугаар уралдааныг хааж ерөн­хий шүүгч Хө­дөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва үг хэлсэн нь мөн тэмдэглэж үлдээх торгон мөч байлаа. “Сонгодог урлагийг шүтэн бишрэгч үзэгч та бү­хэн, тэр дундаа Монголын ирээдүй болсон хүүхдүүд та нартаа энэ үдшийг Монголд болж буй балетын олон улсын анхдугаар уралдааныг үзэж өнгөрөөж буйд, зохион бай­гуулагчид бо­лон оролцогчидтой сэтгэлээ нэгтгэн алга ташиж суугаад туйлаас баярлаж байна. Монгол Улс Балетын олон улсын уралдаан зохион байгуулж эхэлж байгаа нь манай улсын балетын урлагийн түүхэнд онцгой үйл явдал юм. Би 1968 оноос хойш олон улсын уралдаанд шүүгчээр, зочноор, багшаар ажиллаж ирсэн.

Улс орнуудад  очиж ажиллах бүртээ эх орондоо ийм урал­даан зохион байгуулдаг болох сон гэж боддог байсан юм. Өөрөөр хэлбэл, би үүнийг аль 1968 оноос хүсэж, мөрөөдсөн. Өвгөн багшийн мөрөөдлийг балетчин, Гавьяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг биелүүллээ. Манай балетчид дэлхийн хэмжээнд бүжиглэх боломжтойг энэ өдөр харлаа. Балетчин Д.Алтанхуягтаа чин сэтгэлээсээ баярлалаа. Олон улсын шүүгчид мэргэжлийн үүднээс хандаж шударгаар шүүж өгсөнд мөн талархал илэрхийлье. Балет бол залуучуудын урлаг. Өнөөдөр хамгийн ахмад нь 80 гарсан би л байх шиг байна. Бусад нь бүгд залуус. Эрч хүчтэй, ур чадвартай та бүхэнтэй нэгэн тайзан дээр ингээд зогсож байгаагаа их хувь тавилан гэж бодож байна” гэлээ.Амьдралаа балет болгосон, балетыг ч амьд­ралаа болгосон, Монголоо энэ урла­гаар дамжуулж гадаад орнуудад таниулах, өөрийн орны балетчдын ур чадварыг олон улсын уралдаанаар дамжуулж өсгөх сөн гэж үргэлж тэмүүлж, ярьж ирсэн балетчин, Гавьяат жү­жигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуягийн санаачилга ийнхүү ажил хэрэг боллоо. Монголынхоо төлөө санаачилсан бас нэгэн ажлынхаа гарааны зурхайг татлаа. Тэр зурхайг нь төр, засгийн зүгээс ч, балетын урлагт хайртай, балет­дыг хүндэлдэг хувь хүн байгууллагууд дэмжиж, тусаллаа. Дараагийн олон улсын уралдааныг 2020 онд зохион байгуулахаар товлов.

Р.Оюунжаргал

“Өнөөдөр” сонины 2018.6.04-ний дугаар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.