Хувийн хэвшлийнхнийг багалзуурдах Гэмт хэргийн тухай хууль

Twitter Print
2014 оны 03-р сар 19-нд 16:51 цагт
Мэдээний зураг,
Өнөөдөр Монгол Улсын ДНБ-ний 80 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллагсадын 88 орчим хувийг ажлын байр, цалин хангамж, нийгмийн баталгаагаар  хангаж,  Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхний байдал сүүлийн үед өдрөөс өдөрт муудаж, үндэсний томоохон хөрөнгөтнүүд эхнээсээ ажил, үйлчилгээгээ зогсоон ажилчдаа мянга, мянгаар халж эхэллээ. Дөрвөн жил болоод л өөрчлөгддөг Засгийн газар, өөрсдийн баталсан хуулиа хоёр жил ч бололгүй өөрчилдөг тогворгүй УИХ, бизнесийн талаар “А” ч үгүй гишүүдийн эрх ашиг, сонирхлынхоо дагуу батлан гаргасан хуулиуд ийнхүү үндэсний үйлдвэрлэгч, ажил олгогч эздийг тодорхойгүй байдалд оруулсаар эхнээс нь дампууруулж  байгаа нь Монголын эдийн засгийг хямрал руу түлхэх  аюултай юм.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэж эхэлсэн “Гэмт хэргийн тухай” хуулийн зүйл, заалтууд хөл дээрээ тогтох гэж 20 жил догонцож яваа Монголын хувийн хэвшлийнхнийг багалзуурдан дарахаар дуншиж эхэлжээ.

“Гэмт хэргийн тухай” хуулийн Ерөнхий ангийн наймдугаар бүлэг бүхэлдээ хувийн хэвшил, түүний эздийн эсрэг яллах, өмч хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох, нэг ёсондоо үндэсний хөрөнгөтнүүдийг багалзуурдан дарж, дахиж өндийхгүй болтол нь сүйрүүлэхэд чиглэгджээ.

Монголчууд аливаа сайн, муу бүхнийг хэн нэгнээс, гаднаас хуулбарлан авахдаа гаргууд хүмүүс. Удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх “Гэмт хэргийн тухай” энэхүү хууль бол ОХУ-д хэдэн жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн “Путиндах” буюу томоохон хөрөнгөтнүүдийн эсрэг чиглэсэн дарангуйлагч дэглэмийн  хуулийг бараг л тэр чигээр нь хуулж авч ирээд батлан гаргахаар улайрч байгаа хэрэг юм. Өнөөдөр үнэн хэрэгтээ нэг хүний дарангуйлал тогтоод байгаа ОХУ үндэсний хөрөнгөтнүүдээ нухчин дарах хууль гаргаснаар М.Ходорковскийг найман жил шоронд хориод сулласан бол, Б.Березовский Анлид учир битүүлгээр алагдсан. Тэгвэл ОХУ-д анхлан гарсан иймэрхүү харгис хуулийг УИХ-ын гишүүд нухаж суугаа нь Монголын үндэсний хөрөнгөтнүүдийг туйлын хорлонтой, харанхуй ирээдүй тосч байгааг илтгэнэ. Иймэрхүү хорлонтой, монголчуудыг нийтээр нь ядууруулахад чиглэгдсэн хуультай, хуульгүй үндэсний хөрөнгөтнүүдийн байдал өдрөөс өдөрт доройтсоор л байгаа.  

Монголын толгой баян  Ж.Оджаргалын удирддаг “МСS групп” гэхэд л 1,600 ажилчнаа цомхотгосноор тэдний ард хэдэн мянган хүний эрх ашиг хохирсоныг тооцоолох аргагүй.

Хувийн хэвшлийнхний хувьд  байдал тун базаахгүй байгаа энэ л үед “татварын өртэй” гэдэг үгээр Монголын хамгийн том бизнесмений нэгийг өдөр шөнөгүй балбах боллоо. 2013 онд улсад төлсөн татварын хэмжээгээрээ “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойн дараа жагссан үндэсний томоохон бүтээн байгуулагч  “МАК” групп, түүний эзэн Б.Нямтайширыг дайрсан энэхүү дайралт эрчимжиж  байгаа нь түүний хэрэгжүүлэхээр зүтгэн зорьж яваа томоохон төслүүдтэй холбоотой байхыг үгүйсгэж болохгүй. Том хүний зовлон мэдээж мань мэтийнхтэй харьцуулашгүй том байх нь ойлгомжтой. Гэхдээ “МАК” групп, Б.Нямтайшир түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарыг онилсон энэ их дайралт их өндрөөс шидэж байгаа чулуу гэдэг нь сүүлийн үед өрнөж байгаа үйлдлүүдээс тодорхой харагдах болжээ. “Монголын алт” компани Дорноговь аймгийн Мандах суманд Цагаансуваргын зэсийн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Эндээс Эрдэнэтийн ордын 60-70 хувьтай тэнцэх хэмжээний нөөц буюу 300 мянга орчим тонн зэсийн баяжмал олборлох боломж бий. Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барих ажил ид үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар 352 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа энэ үйлдвэрт Европын хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж эхлээд байгаа юм билээ. Даланжаргалан болон ойролцоох сумдын 350-400 хүнийг байнгын ажлын байртай болгох энэ үйлдвэрийг энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар Дани, Польш улсуудаас уригдан ирсэн мэргэжилтнүүд цаг нартай уралдан ажиллаж байгаа энэ үед Төв аймгийн Сэргэлэн суманд хятадын 100 хувийн төрийн өмчит цементийн үйлдвэр өрсөлдөн босч байгаа нь хувийн хэвшлийнхнээ багалзуурдаж эхэлсний томоохон баримт юм.

Хувийн хэвшлийнхнийг багалзуурдахаар дуншиж байгаа “Гэмт хэргийн тухай” хууль батлагдснаар одоо шоронд хоригдож байгаа хоригдлуудын 30 хувь нь суллагдах боломжтой хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдэж байгаа ч энэ хууль хэрэгжиж эхэлбэл  хоригдлуудын тоо өнөөдрийнхөөс хоёр дахин нэмэгдэх бодит дүр зураг  ажиглагдаж байгаа юм. Харин тэдгээр хоригдлуудын хэдэн хувийг өнөөдөр хувийн хэвшилд зүтгэж, хэдэн арваас хэдэн зуун хүнийг ажлын байртай, амьдралын баталгаатай авч яваа үндэсний хөрөнгөтнүүд, хувийн хэвшлийн эзэд эзлэхийг одоогоор тааж хэлэх аргагүй. Ямартай ч хувийн хэвшлийнхнийг багалзуурдан дарах “Гэмт хэргийн тухай”  хуулийг УИХ-ын “мэргэн” гишүүд хэлэлцэж эхэллээ. Харин дараа нь гарах уршигтай үр дагаварыг тэдгээр “хэтэрхий мэргэн” хууль тогтоогчид юу гэж болгоож сууцгаадаг юм бол.

Д.Монгол

- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5164#sthash.oSI2EGZc.dpuf

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.